Saturday, February 27, 2016

Америкийн шинэ стратегийн бөмбөгдөгч онгоц танилцуулагдлаа

  02-р сарын 26-ны өдөр АНУ-ын Флорида мужид болж өнгөрсөн АЦХ (Агаарын Цэргийн Хүчин)-ний Ассоциацын зохион байгуулсан Агаарын дайны тухай симпозиумд АНУ-ын АЦХЯ (Агаарын Цэргийн Хүчний Яам)-ны сайд Дебора Ли Жеймс анх удаа Northrop Grumman корпорацын АНУ-ын АЦХ-нд зориулан хийгдэж буй Long-Range Strike Bombers хөтөлбөрийн стратегийн бөмбөгдөгч онгоцны зургийг үзүүллээ.


  Шинэ нисэх онгоц нь В-3 биш харин В-21 гэсэн нэршилтэй байх бөгөөд энэ нь "21-р зууны анхны бөмбөгдөгч болох"-ыг бэлгэдэж байгаа юм байна. Зургаас үзэхэд В-21 нь бүтцийн хувьд Northrop Grumman-ны өмнөх В-2А бөмбөгдөгч онгоцтой маш ойролцоо гэдэг нь харагдаж байгаа бөгөөд мөн л стелс технологи ашигласан дууны хурд хүртэлх нисдэг далавч хийцтэй байна. Гэхдээ В-21 нь В-2А-тай харьцуулахад бага хэмжээтэй бөгөөд F135 хөдөлгүүрийн суурин дээр хийгдсэн 2 ширхэг Pratt & Whitney PW9000 хөдөлгүүрээр тоноглогдоно гэжээ.


  АНУ-ын АЦХ нийтдээ 80-аас 100 ширхэг бөмбөгдөгч онгоцыг авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 100 ширхэг цуврал үйлдвэрлэлийн бөмбөгчнуудын нийт өртөг 51-55 тэрбум ам. доллар болно гэж тооцоолж байна. Шинэ бөмбөгдөгч онгоц шуурхай бэлэн байдалд хүрэх хугацаа 2025 он гэжээ. Ямар ч байсан америкийн шинэ стратегийн бөмбөгдөгч онгоц нэгэнт хийгдэж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор тун удахгүй оросын талаас өөрсдийн ПАК ДА-гийн талаар мэдэгдэл хийх болов уу гэж таамаглаж байна.

No comments:

Post a Comment