Thursday, February 18, 2016

Оросын РЭТ (Радио Электрон Тэмцэл)-ийн хүч чадал

  Блогийн уншигчийн хүсэлтээр 2014 онд Хар далайд болсон үйл явдлын тухай  дэлгэрэнгүй нийтлэл оруулж байна. 


  2014 оны 04-р сарын 10-нд Хар Тэнгисын усан орон зайд АНУ-ын ТЦХ (Тэнгисийн Цэргийн Хүчин)-ий шинэ "Иджис" байлдааны удирдлагын системээр тоноглогдсон, тухай үеийн хамгийн сүүлийн үеийн эскадрын сөнөөгч "Дональд Кук" хөлөг онгоц нэвтрэн орж Румын улсын хилийн ойролцоо эргүүл хийж байжээ. Тухайн үед оросын цэрэг Крымийн хойгт орсонтой холбоотойгоор нөхцөл байдал түгшүүртэй байсан үе. Олон улсын тэнгисийн гэрээний дагуу АНУ нь Хар Тэнгист усан хилгүй учраас тус тэнгисийн усан орон зайд 14 хоног байх эрхтэй юм байна. Онолын хувьд байрших хугацаа хэтэрсэн тохиолдолд оросууд дайн зарлалгүйгээр дурын хөлөг онгоцыг устгаж болох бөгөөд америкчууд ч үүнийг мэддэг.


  Тэр өдөр "Дональд Кук" ойртон ирж буй оросын нисэх онгоцыг алсаас илрүүлсэн бөгөөд нийт багийн бие бүрэлдэхүүнийг сургуулийн түгшүүрийн дохиогоор босгосон байна. Бүх зүйл ном дагуу явагдаж радарууд байг дөхөж ирэх чиглэлийг тогтоон "Иджис" систем байг онилж, пуужинг чиглүүлж байтал гэнэт хөлөг онгоцны бүх дэлгэц жирэлзэж "Иджис" систем ажиллагаагүй болж "Фаланг" ЗПЦ байгаа онилж чадахаа больжээ. Энэ үеэр оросын Су-24МР тактикийн бөмбөгдөгч онгоц "Дональд Кук"-ын дээгүүр маш нам өндөрт нисэн өнгөрч байлдааны маневр гүйцэтгэн пуужингийн дайралтыг дуурайсан байна. 


  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Су-24МР-т ямар ч зэвсэглэл байгаагүй харин орчин үеийн РЭТ-ийн "Хибины" цогцолбороор тоноглогдсон байсан гэх мэдээлэл бий. Су-24МР бөмбөгдөгч "Дональд Кук"-ын дээгүүр нийтдээ 12 (!) удаа байлдааны маневр дуурайн нисэн өнгөрсөн бөгөөд Пентагоны хэвлэл мэдээллийн албанаас оросын нисэх онгоц "Дональд Кук" хөлөг онгоцноос 1000 метрийн зайд 150-160 метрийн өндөрт нисэн өнгөрч байсан гэжээ. Тэр хооронд америкийн хөлөг онгоцны электрон систем бүрэн ажиллагаагүй байсан бөгөөд Су-24МР-ийг холдсоны дараагаар л буцаж ажиллагаанд орсон байна. Пентагоны хурандаа Стив Уоррены уг үйл явдлыг "хөлөг онгоцны бие бүрэлдэхүүнийu сэтгэл санаагаар унагааж мөн цэргийн албан хаагчдын дундах сэтгэл зүйн байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа айлган сүрдүүлэх гэсэн хүлцэшгүй оролдлого" гэсэн байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг үйл явдлын дараагаар "Дональд Кук"-ын бие бүрэлдэхүүнээс 3 офицер болон 27 далайчин халагдах рапортоо өгсөн гэх бөгөөд бусад бие бүрэлдэхүүнд сэтгэлзүйчийн тусламж шаардлагатай болсон гэжээ. Харин ОХУ-ын БХЯ-наас уг үйл явдалтай холбоотойгоор ямар нэгэн мэдээ, мэдээлэл өгөөгүй байдаг.         
  Далайчид, тэр тусмаа маш өндөр бэлтгэлтэй америкийн далайчид барьц алдах нь ховор. Учир нь хөлгүй их усанд сандарч үймэхгүйгээр сахилга баттай үүргээ гүйцэтгэх нь амьд үлдэх үндэс болдог. Үнэхээр "Дональд Кук"-ын багийн зарим гишүүд халагдах рапортоо өгсөн нь үнэн бол гоц, гойд үйл явдал болсон гэж дүгнэж байна.
  Уг үйл явдлын гурван гол баатартай дэлгэрэнгүй танилцуулья: 
Эскадрын сөнөөгч "Дональд Кук" хөлөг онгоц
  
  АНУ-ын ТЦХ-ний Флотын Цэргийн Командлалын 22-р эскадр (тэнгисийн цэргийн байлдааны нэгж)-т харьялагддаг бөгөөд Испани улсын Рота ТЦБ (Тэнгисийн Цэргийн Бааз)-д байршдаг залуурт пуужингийн зэвсэглэлтэй 4 ширхэг "Арли Бёрк" төрлийн сөнөөгч хөлөг онгоцны нэг. "Дональд Кук"-ын гол зэвсэглэл нь Tomahawk, SM-2 болон RUM-139 ASROC г.м. зенитийн болон тактикийн цохилтын пуужингууд байдаг. Хөлөг онгоц бүхээг дотроо цөмийн цэнэгт хошуу тоноглох боломжтой, 2500 км-ийн тусгалтай 56-аас 96 ширхэг Tomahawk ДП (Далавчит Пуужин)-г тээвэрлэнэ. Дэлхийн 2-р дайны дараа хамгийн их тоогоор үйлдвэрлэгдсэн сөнөөгч хөлөг онгоц. Залуурт пуужингийн зэвсэглэлтэй эскадрын сөнөөгч хөлөг онгоц дунд дэлхийн хамгийн шилдэг нь гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

               Тактикийн тагнуулын Су-24МР нисэх онгоц 


  Оросын (өмнө нь зөвлөлтийн) тактикийн тагнуулын нисэх онгоц. Фронтын шугамаас 400 хүртэлх км-ийн гүнд шөнө болон өдрийн цагт бүх цаг уурын нөхцөл байдалд тагнуулын цогц үй ажиллагаа явуулахад зориулагдсан. 1980 оны 09-р сараас уг нисэх онгоцны туршилт эхэлсэн бөгөөд 1984 онд зэвсэглэлд орсон. Үндсэн Су-24 тактикийн бөмбөгдөгч онгоцтой харьцуулахад бүхээгт нь ямар ч зэвсэглэл байдаггүй. Шаардлагатай тохиолдолд өөрийгөө хамгаалах зорилгоор "агаар-агаар" ангилалын 2 ширхэг Р-60 пуужинг өлгөх бололцоотой. 24 км-ийн өргөнтэй зурвасыг ажиглах боломжтой "Штык" РЛС (Радио Локаторын Станц) болон АП-402М панораман болон А-100 гэрэл зургийн аппаратаар тоноглогдсон. Илрүүлсэн тагнуулын мэдээллийг шууд нисэх онгоцны бүхээгт боловсруулах чадвартай.

                                "Хибины" РЭТ-ийн цогцолбор



  Оросын (өмнө нь зөвлөлтийн) радио электрон эсэргүүцлийн агаарын цогцолбор. Радиолокаторын цацаргалтын долгионыг илрүүлж долгионы параметрүүдийг дараах зорилготойгоор сарниулдаг:
  • цогцолборыг тээж буй нисэх онгоцыг эсрэг талын илрүүлэх хэрэгслүүдээр илрүүлэлтийг саатуулна;
  • бодит байг хуурамч байнуудын тусламжтайгаар өнгөлөн далдлах;
  • обьект хүртэлх алслалт, хурд болон өнцгийн байрлалыг тодорхойлоход хүндрэлтэй болгоно;
  • эсрэг талын нисэх онгоцны бүхээгний радио локаторын цацрагаар ажиглах үед дагуулах горимын үзүүлэлтийг бууруулна;
  • тасралтгүй радио локаторын ажиглалтанд шилжих үед байг онилох хугацааг уртасгаж, хүндрэлтэй болгоно.

2 comments: