Sunday, February 14, 2016

Оросууд юунд бэлдэж байна вэ?

02-р сарын 08-аас эхлэн ОХУ-ын Өмнөд бүсийн цэргийн тойрогт маш өргөн цар хүрээтэй гэнэтийн байлдааны бэлэн байдлын шалгалт эхэлсэн юм. Оролцож буй цэргийн анги нэгтгэлүүдээс үзэхэд энэ нь Сири улс руу маш богино хугацаанд их хэмжээний хуурай замын цэргийн бүлэглэл шилжүүлэн байршуулах бэлтгэл бололтой.




  Нийтдээ уг шалгалтанд 8500 цэргийн албан хаагч, 900 орчим цэргийн техник, 50 хөлөг онгоц, 200 нисэх онгоц болон вертолётнууд оролцсон юм байна. Шалгалтанд Өмнөд бүсийн цэргийн тойргийн АДЦ (Агаарын Десантын Цэрэг)-ийн анги нэгтгэлүүд болон ЦТНХ (Цэргийн-Тээврийн Нисэх Хүчин) мөн оролцсон.

"Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрийн дагуу 02-р сарын 08-ны 05:00 цагаас Өмнөд бүсийн цэргийн тойргийн цэргүүд, Агаарын-Десантын Цэргийн хэсэг анги нэгтгэлүүд болон Цэргийн-Тээврийн Нисэх Хүчин байлдааны "Бүрэн" бэлэн байдалд шилжлээ. Энэ цагаас эхлэн бид Баруун-Өмнөд стратегийн чиглэл дэхь цэргийн хүчний гэнэтийн бэлэн байдлын шалгалтыг эхлүүллээ.
          Сергей Шойгу
          ОХУ-ын БХЯ-ны сайд




  Түүний нэмж хэлснээр "Удирдах болон цэргийн байгууллагуудын шийдвэрлэх, тэр дундаа террорист халдлагаас сэргийлэх, байгалийн гамшигт үзэгдлийн үр дагаварыг арилгах, бүх үүрэг даалгаварыг хэрхэн биелүүлэх вэ гэдгийг боловсруулах хэрэгтэй. Мөн цэргийн бүлэглэлийг бий болгох үед марш хийх явцад анги нэгтгэлүүдийн маневрлах чадварыг үнэлэх хэрэгтэй" гэсэн байна. Мөн улсын болон цэргийн онц чухал обьектуудыг эсрэг талын агаасрын цохилтоос хамгаалах Нисэх хүчний болон Агаарын Довтолгооноос Хамгаалах Хүчний бэлэн байдлын асуудлыг шалгах шаардлагатай гэжээ. 
  АДЦ-ийн анги нэгтгэлүүдийг шалгалт явагдах районуудад шилжүүлэн байршуулж шуурхай удирдлагыг Өмнөд бүсийн цэргийн тойрогт шилжүүлж хамтран ажиллахад бэлдэх ёстой гэдгийг мөн дурьдсан байна.
  Уг шалгалтын явцад ОХУ-ын Жанжин Штабаас ажлын хоёр хэсэг байгуулан шалгалтын үйл явцыг явуулсан байна. Эхний хэсэг нь Өмнөд бүсийн цэргийн бүлэглэлийн цэргийн удирдлагын байгууллагуудыг шалгах бол хоёрдахь ажлын хэсэг нь Өмнөд болон Төвийн бүсийн цэргийн тойргуудын удирдлагын бэлэн байдлыг шалгасан юм байна.
   Ингээд уг шалгалтын үйл явцаас дурьдая:
02-р сарын 08: Мотобуудлагын анги нэгтгэлүүд түгшүүрийн дохиогоор заагдсан район руу бүрэн техник, тоноглолтойгоор гарсан байна.









02-р сарын 09: Өмнөд бүсийн цэргийн тойргийн АДХХ (Агаарын Довтолгооноос Хамгаалах Хүч) -ний үйл ажиллагааг шалгах хүрээнд Агаар Сансрын Хүчний 8 ширхэг янз бүрийн төрлийн нисэх онгоцууд болон вертолётууд АДХХ-ий эргүүлийн бүсийг радиолокаторын станц болон ЗПЦ (Зенитийн Пуужингийн Цогцолбор)-уудад мэдэгдэхгүйгээр нэвтрэн өнгөрөх зорилготойгоор хэт нам өндөр нислэг үйлдсэн байна.   Нислэгийг өдөр болон шөнийн цагт хийсэн гэжээ.
02-р сарын 10: Хар тэнгисийн флотын болон Каспийн тэнгисийн флотилийн хайгуулын болон аврах албаны хөлөг онгоцууд гэнэтийн шалгалтын хүрээнд Хар болон Каспийн тэнгис дэхь хөлөг онгоцны тактикийн болон цохилтын бүлгүүдийн ажиллагааны районуудад хайгуулын-аврах ажлыг зохион байгуулсан байна.





02-р сарын 11: Төвийн бүсийн цэргийн тойргийн армийн болон тойргийн нэгжүүдийн хээрийн хөдөлгөөнт удирдлагын төвийн бие бүрэлдэхүүн нууцаар 300 хүртэл км-ийн зайд шилжин байрласан байна. Маневр хийж буй цэргийн хүчний удирдлагыг тасралтгүй удирдах зорилготой бөгөөд хамгаалагдсан холбооны сувгаар байлдааны удирдлагын дохиог дамжуулах бэлтгэл хийгдсэн гэж байна. Нийтдээ 3000 гаруй цэргийн албан хаагч, 400 орчим цэргийн техник оролцсон.


02-р сарын 11: Крымийн хойгт байрласан Хар тэнгисийн флотын Тэнгисийн Явган Цэргийн анги нэгтгэлүүд "Цезарь Куников" болон "Новочеркасск" десантын том хөлөг онгоцнуудад сууж эрэг дээр буух десантын ажиллагааг гүйцэтгэхээр тэнгист гарчээ.





 Нэгэн зэрэг цохилтын болон шумбагч онгоц устгах цохилтын хөлөг онгоцны бүлэглэлүүд десантын анги нэгтгэлийн тэнгис дэхь аюулгүй байдлыг хангах даалгаварыг гүйцэтгэж эхэлсэн байна. Хар тэнгисийн заагдсан районд харуулын "Ладный", шумбагч онгоц устгах жижиг "Александровец", "Муромец", "Касимов" хөлөг онгоцууд Бе-12 нисэх онгоц болон Ка-27 вертолётнуудын дэмжлэгтэйгээр эсрэг талын шумбагч онгоцыг илрүүлэн устах сургуулилт хийжээ.
02-р сарын 11: Хар тэнгисийн флотын анги нэгтгэлүүд болон Агаарын-Десантын Цэргүүд Крымийн хойг дэхь Опук полигон дээр тэнгисийн десантыг эрэг дээр буухаас хамгаалах үеийн байлдааны бэлэн байдлыг сургуулилсан байна. Мөн Крымийн холбооны дүүрэг дэхь АДХХ болон Сөнөөгч нисэх хүчин эсрэг талын том хэмжээний дайралтыг зогсоох сургуулилт хийжээ. Шалгалтын явцад цэргийн албан хаагчдыг 3000 хүртэл км-ийн зайд шилжүүлэн байршуулсан байна.

02-р сарын 12: Хар тэнгисийн флотын хөлөг онгоцууд тэнгисийн болон агаарын байнууд руу артиллерийн буудлага хийсэн байна. Нийтдээ 88 ширхэг байлдааны болон хангамжийн хөлөг онгоцууд оролцсон.


02-р сарын 12: Крымийн хойг дэхь Бельбек нисэх буудлаас цэргийн нисэх онгоцууд хөөрч сургуулилт хийжээ. Нийтдээ Өмнөд бүсийн цэргийн тойргийн АЦХ (Агаарын Цэргийн Хүчин) болон АДХ (Агаарын Довтолгооноос Хамгаалах) 4-р армийн 40 орчим сөнөөгч, бөмбөгдөгч, дайрагч нисэх онгоц болон цэргийн-тээврийн болон цохилтын вертолётнууд оролцсон.


  Өмнөд бүсийн цэргийн тойрог нь ОХУ-ын өмнөд хэсгийн, тэр дундаас юун түрүүнд Хойд Кавказын цэргийн аюулгүй байдлыг хангахад зориулагдсан тойрог. Тус тойргийн бүрэлдэхүүнд Хуурай замын цэрэг, Агаарын Довтолгооноос Хамгаалах болон Агаарын Цэргийн Хүчин, Хар Тэнгисийн Флот болон Каспийн Тэнгисийн Флотилли, Дотоодын цэргүүд ордог юм байна.


  Агаарын Десантын Цэргийн хүчний 7-р торгон цэргийн десантын уулын дивиз болон 56-р торгон цэргийн десантын бригадууд байрладаг. Онолын хувьд дээрх хоёр десантын анги нэгтгэлийн 6500-9500 орчим цэрэг, хүнд зэвсэглэлийн хамт Сирид ганц хоногийн дотор очих боломжтой. 

  
  Нөхцөл байдал цаашид яаж ч үргэлжилж болох. Мэдээж бүс нутгийн ашиг сонирхолтой тоглогч нар бүгд л бүх хувилбарт бэлэн байгаа. Оросуудын хувьд Турк улстай НАТО-ийн гишүүн учраас шууд цэргийн мөргөлдөөнд орох нь тааварлаж болшгүй үр дагаварт хүргэх учраас зайлсхийх магадлалтай бол Саудын Арабын хувьд асуудал мэдээж ондоо. Магадгүй хэрвээ Сирид хуурай замын ажиллагааг Турк болон Саудын Араб эхлүүлвэл Сирийн таних тэмдэгтэй оросын нисэх онгоцууд огцом нэмэгдэж магадгүй. Зүйрлэх юм бол Хиагтыг чөлөөлөх тулалдаанд монгол дээл өмссөн орос цэргүүд байлдаж байсантай адил. Энд нэг сонирхолтой баримтыг дурьдахад ОХУ болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсуудын хооронд аль ЗХУ-ын үед хийсэн гэрээний 6-р заалтын дагуу аль нэг улсын аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөл байдал үүссэн тохиолдолд хоёр талын тэргүүнүүд яаралтай хоорондын хамтын ажиллагааг зохицуулж уг заналхийлэлийг арилгана гэсэн байдаг юм байна. Дээрх гэнэтийн байлдааны бэлэн байдлын шалгалт ч гэсэн тохиолдлын хэрэг биш. Өмнөд бүсийн цэргийн тойрог дэхь байлдааны "Бүрэн" бэлэн байдал цуцлагдаагүй байгааг мөн дурьдах нь зүйтэй болов уу.

No comments:

Post a Comment