Monday, May 2, 2016

Ми-24 цохилтын вертолёт

  Өнөөдөр та бүхэндээ зөвлөлтийн алдарт Ми-24 "Матар" вертолётыг танилцуулж байна.



  Оросын цохилтын вертолёт бүтсэн түүх 1950-иад оноос эхэлжээ. Энэ чиглэлд хийгдсэн эхний алхам нь Ми-1 вертолётыг танк эсэргүүцэх 9М14М "Малютка" залуурт пуужингаар тоноглох оролдлого байсан юм. Дараагаар нь байлдааны-тээврийн Ми-4АВ вертолётыг мөн А-12,7 пулемёт болон 4 ширхэг "Фаланга" залуурт пуужинг болон С-5 удирдлагагүй пуужингаар тоноглосон байна. 
  Харин барууны орнуудад цохилтын вертолётыг зохион бүтээх ажлын хүрээнд Вьетнамын дайнд өргөн ашиглагдаж байсан UH-1H "Ирокез" вертолёт дээр биеллээ олсон байдаг. Энэ вертолёт нь цэргүүдийг тээвэрлэж, галаар дэмждэг байсан юм. Гэхдээ барууны цэргийн шинжээч нар цохилтын вертолёт бол янз бүрийн зэвсэглэл тоноглох боломжтой суурь ба десантыг тусгай десантын-тээврийн вертолёт гүйцэтгэх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм байна.



  Гэтэл зөвлөлтийн цэргийн номлолд эсрэгээрээ тээврийн-байлдааны вертолётны чиглэл тухайн үеийн БХЯ-ны сайд А.А.Гречкогийн дэмжлэгтэйгээр дийлсэн. Шинэ вертолёт нь десантын цэргийн нисдэг байлдааны машин байх ёстой болжээ. Ингээд 1967 онд М.Л.Милийн ЗБТ (Зохион Бүтээх Товчоо)-ны туршилтын үйлдвэрт В-24 гэж нэрлэгдсэн хоёр ширхэг макет болон шинэ машины хошууны хэсгийн хэд хэдэн хувилбар хийгдсэн байна. Шинэ машины дараах хоёр үндсэн шийдэл гарсан юм байна: нэгдүгээрт - нэг ширхэг ТВЗ-117 хөдөлгүүртэй 7 тонны нислэгийн жинтэй, хоёрдугаарт - 2 ширхэг ТВЗ-117 хөдөлгүүртэй 10,5 тонны нислэгийн хөдөлгүүртэй. В-24-ын зэвсэглэл нь 23 мм-ийн ГШ-23 буу, 6 ширхэг "Фаланга-М" танк эсэргүүцэх залуурт пуужин, эсвэл 57 мм-ийн удирдлагагүй С-5 пуужинтай 6 ширхэг УБ-16 блок эсвэл агаарын бөмбөгнүүд байсан байна. Зөвлөлтийн БХЯ-аас тавьсан шаардлагууд маш өндөр байсан учраас улсын комисс хүлээж аваагүй байхад В-24 туршилтын вертолётыг үйлдвэрлэлд оруулсан байна. Тиймээс улсын комисс нь 1969 оны 02-р сард макетыг биш харин анхны туршилтын загварыг шалгах болжээ. БХЯ-ны талаас маш олон дутагдал илрүүлсэн боловч бүгдийг нь завсарлаж чадаагүй бөгөөд зарим алдаанууд нь ветолётондоо үлдсэн байна. Цуврал үйлдвэрлэлийн хувилбаруудын тухай болон техникийн үзүүлэлтүүд болон зэвсэглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг инфографикаас үзнэ үү.
  

  Ми-24 вертолётнууд нь дэлхийн маш олон улсуудад нийлүүлэгдсэн байгааг та бүхэн анзаарсан байх. Энэ нь уг вертолётонд маш олон тооны сайжруулалт хийх боломж олгосон байна. Зарим сайжруулалтын загварууд нь сонирхол татаж байгаа учраас уг загваруудын тухай тусд нь авч үзье.



  1999 онд Ле Буржед болсон агаарын салон дээр израилийн IAI агаарын концерны "Таммам" хэлтсээс Ми-24-ын сайжруулсан хувилбар болох "Mission 24"-ийг танилцуулжээ. Их биений бүтэц, хүчний хэсгэнд өөрчлөлт оруулахгүйгээр орчин үеийн байр-зүйн тоноглол, бүхээгний хамгаалалтын цогцолбор болон шөнийн харааны системээр тоноглосон байна.
  Хамгийн сонирхол татаж байгаа шинэчлэл нь нисгэгчийн дуулганы дэлгэц нь вертолётны пулемётны төхөөрөмжийг толгойгоороо хөдөлгөж удирдах боломжтой байсан байна.Мөн сайжруулсан загвар дээр 6 км-ийн тусгалтай израилийн NT-D "Денди" танк эсэргүүцэх залуурт пуужинг тоноглож өгчээ. Оросын Ми-24ВМ-тэй харьцуулахад "Mission 24"-ийн электрон тоноглол хамаагүй илүү орчин үеийн байсан боловч нислэгийн техникийн үзүүлэлт нь муудсан байна. Израильчуудын тусламжтайгаар 2001-ээс 2003 оны хооронд Энэтхэг улсын АЦХ (Агаарын-Цэргийн Хүчин) 25 ширхэг Ми-25 (Ми-24Д вертолётны экспортын хувилбар, хялбаршуулсан тоног төхөөрөмжтэй байсан бөгөөд "Фаланга-П" залуурт пуужингийн экспортын хувилбар "Скорпион"-оор тоноглогдсон) болон Ми-35 (Ми-24В вертолётны экспортын хувилбар) вертолётнуудыг сайжруулсан байдаг.
  Харин өмнөд африкийн АТЕ компани Ми-25 болон Ми-35-ын өөрсдийн сайжруулсан хувилбаруудыг танилцуулсан байна. Мөн л их бие, хүчний хэсэг болон удирдлагын системд өөрчлөлт оруулахгүйгээр онилгооны болон байр-зүйн тоног төхөөрөмжийг өөрчилжээ. Өмнөд африкийн "Кентрон" компаний боловсруулсан дулааны болон хараа-зүйн сувагтай ажиглалты-онилгооны систем нь вертолётыг 24 цагийн турш ашиглах боломж олгосон байна. Мөн ЯкБ-12,7 пулемётыг 20 мм-ийн автомат буугаар, зөвлөлтийн залуурт пуужингуудыг өмнөд африкийн "Ингва" болон "Мокопа" пуужингуудаар сольж илүү хүчтэй болгох боломжтой гэжээ. Дээрх бүх хувилбаруудыг 2000 онд Алжир улсын АЦХ-ний 40 ширхэг вертолётнууд дээр гүйцэтгэж  "Super Hind" гэж нэрлэсэн байна.


Super Hind


Super Hind
  Ми-24 вертолёт нь "хүйтэн дайны" нэг бэлгэ тэмдэг юм. Түүний "цэргийн алба" маш баялаг түүхтэй бөгөөд одоо ч үргэлжилсээр байгаа. Танилцуулгынхаа хамгийн сонирхолтой хэсэг буюу байлдааны ажиллагаанд ашиглагдаж байсан түүхийг хамтдаа сонирхоё.  

  • Афганистан

 Хамгийн анх Ми-24 вертолёт нь "дарийн утаа"-г Афганистанд "үнэрлэжээ". 1979-өөс 1989 оны хооронд Афганистаны засгийн газрын хүчин ба Зөвлөлтийн цэргийн хязгаарлагдмал бие бүрэлдэхүүн (ЗЦХББ)нэг талаас, нөгөө талаас барууны зарим улс орны ба лалын улсуудын дэмжлэгтэй афганы мужахидууд оролцсон "Афганы дайны" тухай блогийн уншигчид маань мэдэх бизээ. Дайны эхэн үед зөвлөлтийн улстөрийн удирдлага нь зөвлөлтийн цэргүүд зөвхөн хот, тосгон, зам болон аж үйлдвэрийн обьектуудыг хамгаалах бөгөөд томоохон байлдааны ажиллагаанд оролцохгүй гэж тооцоолж байсан байна. Дээр дурьдсан шалтгааны улмаас ЗЦХББ нь 1980 оны эхэн үед ердөө 6 ширхэг Ми-24 вертолёттой байсан байна. Харамсалтай нь зөвлөлтийн зөвлөхүүдийн сургасан Афганистаны засгийн газрын арми ямар ч байлдааны чадваргүй байсан бөгөөд эцэстээ оросууд өөрсдөө байлдхаас өөр аргагүй болсон. Дашрамд энэ асуудал одоогийн Афганистан дэхь америкийн цэргийн удирдлагын өмнө мөн л тулгарч байгаа асуудал. 



  Ингээд хамгийн анх удаа 1980 оны 01-р сарын 09-ний өглөө ЗЦХББ-ийн Ми-24 вертолётнууд нь байлдааны ажиллагаанд оролцсон юм байна. Уг цэргийн ажиллагаа нь оны эхээр бослого гаргасан Афганистан армийн 4-р артиллерийн хорооны зэвсгийг хураах зорилготой байсан бөгөөд танк, артиллерээр хүч нэмсэн зөвлөлтийн 186-р мотобуудлагын хорооны анги нэгтгэлүүд оролцсон. Кундуз хотоос Нахрин хот орох замд явж байсан зөвлөлтийн цэргийн цуваа 4 км зам туулаад зуу гаруй морьт мужахидуудтай тааралджээ. Цувааг дагаж явсан Ми-24 вертолётнууд нь мужахидууд руу дайрч босогчдыг тараасан байна. Цуваа цааш явах замд Ми-24 вертолётнууд нь танкнуудтай хамт 150 гаруй босогчдын дайралтыг няцаажээ. 01-р сарын 09-ний орой гэхэд 186-р хорооны анги нэгтгэлүүд хэд хэдэн дайралтыг няцааж Нахрин хот руу хэд хэдэн чиглэлээр нэвтрэн орж 4-р хорооны цэргийн хотхоныг бүсэлсэн байна. 01-р сарын 10-ны өглөө мотобуудагчид БМП-ээсээ гаралгүй, вертолётнуудын дэмжлэгтэйгээр казармууд руу хөдөлж босогчдын зэвсгийг хураажээ. 



  1980 оны хавраас эхлэн Ми-24 вертолёт нь афганы тэнгэрт байнга шахуу харагдах болж энэ дайны жинхэнэ бэлгэ тэмдэг болон хувирсан юм. 1981 оноос эхлэн Афганистанд халуун цаг уурын нөхцөлд 15-20%-иар илүү чадалтай ТВЗ-117В өндрийн хөдөлгүүрээр тоноглогдсон Ми-24В вертолётнууд нийлүүлэгдэж эхэлжээ. 1980 оны сүүл гэхэд зөвлөлтийн Афганистан дэхь 40-р армийн вертолётны бүлэглэл нь янз бүрийн загварын, нийтдээ 251 ширхэг Ми-24 вертолёттой болсон байжээ.



  Ми-24-ийн хамгаалалтыг муугүй гэж дүгнэдэг байсан байна. Бүхээг, хөдөлгүүрийн эд анги, дамжлага болон тосны сав зэргүүдийг хамгаалж байсан 4-5 мм-ийн ган хуяг нь оносон сумнуудын 2/3-ийг тогтоож барьдаг байжээ. 



  Ми-24 "Матар" нь мужахидуудын хувьд маш аюултай өрсөлдөгч байсан. Үүнийг батлах тод жишээ нь 1986 онд АНУ-ын ТТГ (Тагнуулын Төв Газар) болон Пентагоноос афганы босогч нарт тухайн үеийн цоо шинэ "Стингер" хөдөлгөөнт зенитийн пуужингийн цогцолборыг (ХЗПЦ) нийлүүлэх болсон шийдвэр юм. Гэхдээ "Стингер"-ээс өмнө ч гэсэн афганы мужахидууд хятадын "Хуньинь-5" (зөвлөлтийн "Стрела-2" ) ХЗПЦ-г 1980 оны зунаас эхлэн ашиглаж байсан гэдгийг дурьдах хэрэгтэй. 1980 оны зунд мужахидууд анхны ХЗПЦ-тэй болсон боловч 1983 он хүртэл практик дээр эзэмшиж чадаагүй байсан байдаг. 



  1987 оноос эхлэн мужахидуудын агаарын довтолгооноос хамгаалах тактик маш хүчтэй болсон учраас 40-р армийн удирдлага вертолётнуудыг хуурай замын цэргүүдэд дэмжлэг үзүүлэхэд бараг ашиглахаа больсон байна. Ми-24-ийн хувьд ДШК болон ЗГУ пулемётнууд нь маш аюултай байсан. Энд нэг зүйлийг онцолход босогч нар дайны эхэн үед агаарын хүчинтэй тэмцэх ямар ч туршлагагүй байсан учраас вертолёт руу буудсан ч гэсэн маш амжилтгүй байж. Харин гадаадын зөвлөхүүд ирснээр буудлага илүү онилгоотой болж зөвлөлтийн вертолётнуудын гэмтэл ч гэсэн илүү хүнд болж ирсэн. 
  Афганы дайн үргэлжилсэн 10 жилийн туршид нийтдээ янз бүрийн загварын 127 ширхэг Ми-24 вертолёт устгагдсан байна (энэ тоонд хилийн цэргийн болон Дундад азийн цэргийн тойргийн хохирлын хэмжээ ороогүй).
  ЗЦХББ-г Афганистанаас гаргасны дараагаар засгийн газрын Ми-24-үүд идэвхитэй ашиглагдсан хэвээр байжээ. 1989 оны намар Афганистанд ЗХУ-аас нэмж 57 ширхэг Ми-35-ыг нийлүүлсэн байдаг. 1992 оны 05-р сард сөрөг хүчин ялсны дараагаар үлдсэн 58 ширхэг Ми-24-үүд нь хоорондоо байлдаж эхэлсэн сөрөг хүчний бүлэглэлүүдэд ашиглагдаж байсан.

  • Уулын Карабахын дайн
  ЗХУ задарснаас хойш болсон анхны том хэмжээний зэвсэг мөргөлдөөн Армений дэмжлэгтэй Уулын Карабахын Автономи болон Азербайжаны хооронд болсон юм. Тус мөргөлдөөний эхэнд Азербайжаны армийн нисэх хүчин Ми-24 вертолётны эскадрилийг Аскераны район төв болон ойр орчмын армений тосгонууд руу өргөн хэмжээний дайралт хийх үед ашиглажээ. Тус дайралтын үеэр армений талаас нэг Ми-24 вертолётыг устгаж чадсан байдаг. Цаашдаа Азербайжаны талаас Ми-24 вертолётуудыг армений хуягт техник, бэхлэгдсэн район болон галын цэгүүдийг устгахад өргөн ашиглаж байсан. Армений талаас гаргасан мэдэгдлийн дагуу уулын карабахын өөрийгөө хамгаалах хүчин 1992 оны 03-р сард 3 ширхэг, 1992 оны 09-р сард болон 1993 оны 09-р сард тус бүр нэг нэг ширхэг Ми-24 вертолётнуудыг устгасан гэжээ.



  1992 оны 08-р сараас эхлэн армений арми Ми-24 вертолёттой болсон бөгөөд тун удалгүй өөрийн шууд зориулалтаараа бүх томоохон цэргийн ажиллагаануудад ашиглагдсан байна. Ер нь бол Ми-24 вертолётнууд нь тагнуулын ажиллагаанд түлхүү ашиглагдаж байжээ. Азербайжаны командлалаас гаргасан мэдэгдлийн дагуу 1992 оны 09-р болон 11-р сард Армений тал хоёр ширхэг Ми-24 вертолётоо алдсан гэсэн байна.
  1993 оны эхэн үе гэхэд барууны хэвлэлүүдэд гарсан мэдээллээр Армений тал 11 ширхэг, Азербайжаны тал 8 ширхэг Ми-24 вертолёттой болсон байжээ. 


  • Өмнөд Осетийн дайн
 1991-ээс 1992 оны хооронд Гүрж улс  болон Өмнөд Осетийн автономит тойргийн хооронд болсон мөргөлдөөний идэвхитэй үе. Уг дайны үеэр осетийн Цхинвалийн хорооны Ми-24 вертолётууд 1992 оны 06-р сард энгийн оршин суугчид руу байнга гал нээж байсны хариуд эсрэг талын хуягт техникууд руу довтолж ХТ (Хуягт Тээвэрлэгч)-ийг устгасан байна.

  • Гүрж-Абхазийн дайн
  1992-оос 1993 оны хооронд Гүрж улс болон Абхазын хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн. Гүржийн талаас абхазын хуягт техник, галын цэг болон абхазын партизануудын эсрэг Ми-24 вертолётыг ашиглаж байсан байна. 1992 оны 10-р сард болон 1993 оны 07-р сард абхазын зенитчид ХЗПЦ-ээр гүржийн 2 ширхэг Ми-24 вертолётыг устгажээ. Мөн уг мөргөлдөөнд оросын Ми-24 вертолётнууд устгагдаж байсан байна.

  • Чечений дайн
  1994-өөс 1996 оны хооронд Оросын Холбооны Улс болон өөрийгөө тунхагласан Чечений Бүгд Найрамдах Ичкери улсын хооронд Чечений газар нутгийг хяналтандаа оруулах зорилготой болсон зэвсэгт мөргөлдөөн. Хүмүүсийн тэр бүр мэддэггүй нэг зүйл нь Чечений дайн эхлэхээс өмнө Чечений иргэний дайн болсон юм. 1994 оны намар оросын талыг баримталсан бөгөөд Ичкерийн ерөнхийлөгч Дудаевын сөрөг хүчний Чечений Бүгд Найрамдах Улсын Түр Зөвлөлийн 4 ширхэг Ми-24 вертолёт чечений тэнгэрт гарч иржээ. Уг вертолётнууд нь Ичкерийн бүгд найрамдах улсын нисэх онгоцны буудлууд руу довтолж багагүй тооны нисэх онгоц болон вертолётуудыг устгасан байна. 11-р сарын 23-нд сөрөг хүчний Ми-24 болон оросын Су-25 дайрагч онгоцууд нь Шали дэхь чечений танкийн хорооны байрлал руу дайрч 21 ширхэг танк, 14 ширхэг хуягт тээвэрлэгч болон 200 орчим цэрэг устгасан байна. 



  Гурав хоногийн дараа Грозный хот руу төрийн эргэлт хийх зорилготой явуулсан маш бүтэлгүй танкийн довтолгооны үеэр 7 ширхэг Ми-24 вертолёт агаараас дэмжлэг үзүүлэхээр явсан боловч сөрөг хүчний бүх танкнууд устгагдаж нэг ширхэг Ми-24 вертолёт мөн устгагдсан байна. Дудаевын болон Сөрөг хүчний талуудын хүчний харьцаа ойролцоо байсан учраас оросууд 1994 оны 12-р сард цэргийн хүчээ Чеченьд оруулсан юм. Үүний дараагаар болсон Грозный хотын дайралтын үеэр оросын Ми-24 вертолётнууд нь Ми-8 вертолёт  болон Су-25 дайрагч онгоцны хамт бэхлэлт цэг, байлдааны удирдлагын обьект ба галын цэгүүдийг устгах зорилгоор ашиглагдаж байсан.




  Аргун болон Шали хотуудыг чөлөөлөх үед Ми-24 вертолётнуудын байнууд нь оноход улам хэцүү болсон юм. 03-р сарын 22-нд Аргун хотыг Шали болон Гудермесийн талаас танкнуудын дэмжлэгтэйгээр чөлөөлөх гэж оролдсон ичкерийн дайчдын давшилт болжээ. Тухайн үед оросын Ми-24 вертолётнууд 170 ичкерийн дайчин, 4 ширхэг танк болон 4 ширхэг их буу устгасан.
  1995 оны 06-р сарын эхэнд оросын армийн нисэх хүчин 4 ширхэг Ми-24 вертолётоо алдсан байсан байжээ. Чечений 1-р дайны үеэр Хуурай замын цэргийн нисэх хүчин 12000 гаруй байлдааны нислэг хийсэн бөгөөд энэ нь төлөвлөсөн тоо хэмжээнээс 6 дахин их байсан юм. Нийтдээ ичкерийн 16 ширхэг танк, 28 ширхэг хуягт тээвэрлэгч, 41 ширхэг "Град" болон бусад олон техник устгагдсан.



  1994-1995 онуудад ичкерийн дайчдын агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалт нь үндсэндээ ЗПУ, ЗГУ зенитийн пулемётны төхөөрөмж, машин дээр тоноглосон 23 мм-ийн ЗУ-23-2 их буу, хэдэн ширхэг хуучирсан 37 мм-ийн их буу болон хэд хэдэн ширхэг нуранганаас хамгаалах 85, 100 мм-ийн калибрийн их буунууд байсан юм.Байлдааны ажиллагааны эхэн үед ичкерийн дайчид ХЗПЦ-гүй байсан боловч цаашдаа цөөхөн ч гэсэн ашиглагдаж байсан.



  Чечений 2-р дайны үеэр Ми-24 вертолётнуудыг 1994-1995 онуудын туршлагыг тооцож ашиглаж байсан байна. Армийн нисэх хүчин өндөр цэцтэй зэвсэглэлийг түлхүү ашиглаж байжээ. Гэхдээ эсрэг тал ч гэсэн Чечений 1-р дайны "хичээлийг сайн сурсан". Янз бүрийн гэмт хэргийн суваг ашиглан ичкерийн дайчид гадаадаас их хэмжээний зэвсэглэл, тэр дундаа ХЗПЦ олж авсан байжээ. Тэд оросын цэргийн тактикийг сайтар судалж олон тооны мэргэн бууч, тагнуулууд болон хорлон сүйтгэгчдийг бэлтгэсэн. Энэ бүхэн нь байлдааны вертолётнуудын хохиролын хэмжээ 1995 оныхтой харьцуулахад өсөхөд хүргэсэн байна. Тийм учраас 2-р дайн (оросууд албан ёсоор Терроризмын эсрэг ажиллагаа гэж нэрлэдэг) үргэлжилсэн 1999-2000 оны хооронд Хуурай замын цэргийн Агаарын хүчин 9 ширхэг Ми-24 вертолётыг алдсан.
  Одоогийн оросын армид Ми-24-үүдийг зэвсэглэлээс хасаж байгаа бөгөөд орчин үеийн Ми-28Н "Шөнийн Анчин" болон Ка-52 "Аллигатор"-оор сольж байгаа. Гэхдээ энэ үйл явц маш удаан явагдаж байгаа гэдгийг онцлох нь зөв байх.

  • Хорватын дайн 
   Хорват улс Югославын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарласан ч хорватын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан серб үндэстнүүд Сербийн Краинагийн Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж Югослав улсад буцаж нэгдэх гэсэнтэй холбоотойгоор Хорват улс болон Сербийн Краина ба Серби улсуудын хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн. Уг дайны үеэр Хорватын арми 12 ширхэг Ми-24 вертолётуудыг "Шуурга" ажиллагааны үеэр Краинагийн армийн эсрэг ашиглаж 3 ширхэгийг алдсан. 1998 онд сербүүд Ми-24В вертолётыг Косовог Чөлөөлөх Армийн эсрэг цохилт өгөхөд ашигласан байдаг. Мөн Македоны зэвсэгт хүчин Ми-24В вертолётнуудыг албаны дайчдын эсрэг 2001 онд маш өргөн ашиглаж байжээ.

  • Африк тивд
  Одоог хүртэл намжихгүй байгаа африкийн овог, омог хоорондын дайнуудад Ми-24 мөн л оролцсон байдаг. Хамгийн анх 1978 оны эхээр эфиоп-сомалийн зэвсэгт мөргөлдөөний үеэр Ми-24А байлдааны ажиллагаанд оролцсон. Сомаличуудыг хөөж гаргасны дараагаар Эфиоп улс нь удаан үргэлжилсэн иргэний дайнд живсэн бөгөөд энэ дайны үеэр засгийн газрын хүчин 60 гаруй ширхэг Ми-24А вертолётнуудыг ашиглаж байсан байна.
  1988 онд ЗХУ-аас Эфиоп улсад Ми-35 вертолётнуудыг нийлүүлсэн байдаг. Эфиопын босогчид хэд хэдэн ширхэг Ми-24А-г устгаж чадсан. ЗХУ задарсантай холбоотойгоор сэлбэг нийлүүлэгдэхээ больж дээрх вертолётнуудын дийлэнх нь нисэх боломжгүй болсон ч босогчдын оргуулсан цөөн тооны вертолётнууд Эфиоп улсыг хоёр улс болон задарсан 1991 он хүртэл ашиглагдсан байдаг.
  Чад улсад болсон иргэний дайны үеэр буюу ливийн талыг баримтлагч Уэддейгийн бүлэглэл болон Хабрегийн дэглэмийн хооронд 1980-1987 онуудад болсон зэвсэг мөргөлдөөний үеэр 30 орчимн Ми-24А болон Ми-25 вертолётнууд ашиглагдсан. 2 ширхэг "матрыг" Чад улсын хуурай замын цэргийн АДХЦ устгасан бол мөн 2 ширхэгийг Хабрегийн тусгай хүчин устгаж 1987 онд 3 ширхэг бүрэн ажиллагаатай вертолётнуудыг олзолж авсан байдаг. Олзлогдсон вертолётнуудыг Хабре француудад бэлэглэсэн бөгөөд францууд цааш нь тус бүр нэг нэгийг АНУ болон Их Британи улсад шилжүүлж өгчээ.


  1980-аад оны дундуур Ангол улсад анхны Ми-24 вертолётнууд нийлүүлэгдсэн. Уг вертолётнуудыг кубын сайн дурынхан жолоодож байжээ. Анголын эсрэг УНИТА бүлэг болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс байлдаж байсан юм. Ширүүн байлдааны ажиллагааны явцад 1985 оны сүүл гэхэд анголын бараг бүх Ми-24-үүд жагсаалаас гарсан. Тийм учраас ЗХУ-аас 1986 онд Анголд нэмэлтээр ойролцоогоор 30 ширхэг Ми-25 болон Ми-35-ыг нийлүүлсэн байдаг.

  • Ази тивд
  Энэтхэгийн агаарын цэргийн хүчин өөрсдийн байлдааны вертолётнуудаа пакистаны цэргүүдийн эсрэг 1987 онд анх удаа хэрэглэсэн. 1987-1989 онуудын хооронд энэтхэгийн энхийг сахиулах хүчнийхэн "Матрыг" Шри-ланк дэхь босогчдын "Тамил-Иламыг чөлөөлөх барс" бүлэглэлийн эсрэг ашигласан байдаг. Тус мөргөлдөөний үеэр энхийг сахиулагчид нэг ч хохирол амсаагүй бөгөөд Энэтхэгийн агаарын цэргийн хүчинд нийтдээ 12 ширхэг Ми-25 болон 20 ширхэг Ми-35 ашиглагдаж байжээ.
   Индо-хятадын тэнгэрт Ми-25-ууд нь 1970-аад оны сүүлээр гарч ирсэн. Вьетнам улсад нийт  30 ширхэгийг 1979 болон 1982 онуудад нийлүүлсэн болн 1984-1986 онуудад тэдэн дээр 3 ширхэг камбожийн Ми-25 нэмэгдсэн. Дээр вертолётнууд нь "улаан кхмерийн" бүлгүүдийн хуаранд цохилт өгөхөд ашиглагдаж байжээ.
  • Ойрхи Дорнодод
  Сирийн агаарын цэргийн хүчин өөрсдийн Ми-24-үүдээ 1982 онд болсон 5 дэхь араб-израилийн дайны үеэр Ливанд амжилттай ашигласан. 06-р сарын 06-аас 11-ны хооронд нийт 93 байлдааны нислэг үйлдэж агаарын хүчний устгасан нийт 55 израилийн танкны дийлэнх хэсгийг устгажээ.


  Хамгийн сүүлд нь Иран-Иракийн 1980-1988 онуудын хооронд болсон дайныг тусд нь авч үзье. Цэргийн мэргэжилтнүүдийн хувьд тус мөргөлдөөний үеэр анх удаа байлдааны вертолётууд хоорондоо тулалдсан гэдэг утгаараа онцлог байдаг юм байна. Иран улсад АНУ-аас аль шахийн үед худалдаж авсан АН-1J "Си Кобра" вертолётнууд байсан юм байна. Иракийн Ми-24-үүдийн хувьд тэд маш аюултай өрсөлдөгч нь байсан.



  Агаарын тулалдааны төгсгөл тухайн үеийн нөхцөл байдал болон багийн гишүүдийн бэлтгэлээс хамаарч байсан юм. Байлдааны вертолётнуудын хооронд болсон дэлхийд анхны тулалдаан нь 1980 онд Дезвуль хотод болжээ. 2 ширхэг "Си Кобра" хос Ми-24-т ажиглагдалгүйгээр танк эсэргүүцэх залуурт пуужингаар араас нь дайрчээ. Иракийн нэг вертолёт нь устгагдаж хоёрдахь нь гэмтэл аван газардхаас өөр аргагүй болсон байна. 



  Иракийн нисэгчид хариуд нь 1983 оны 09-р сарын 14-нд Басра хотод Ми-24 вертолётоор "Си Кобра"-г амжилттай довтолж устгасан байна. 1984 оны 02-р сард иракийн Ми-24-үүдийн бүлэг агаарын тулалдаанд 3 ширхэг "Си Кобра"-г устгасан. 2 жилийн дараа буюу 1986 оны 02-р сард болсон агаарын тулалдааны үеэр иракийн 2 ширхэг Ми-24 болон ираны 5 ширхэг "Си Кобра" устгагдсан.  1986 оны 05-р сард ирак болон ираны вертолётнууд сүүлийн удаа "гар зөрүүлж" ираны нэг "Си Кобра" устгагдсан юм. 
  1982 оны 10-р сарын 27-нд бүүр ч сонирхолтой тохиолдол болж Эйн-Хош суурин газарт иракийн Ми-24 агаарын тулалдаанд ираны F-4" Фантом 2" сөнөөгчийг устгаж чадсан байдаг. 
   Ми-24 вертолётны тухай чадан ядан бэлдсэн нийтлэл мань та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Санал, хүсэлт болон асуултаа комментоор үлдээнэ үү.

1 comment:

  1. Гайхалтай сайхан нййтлэл байна. Манай Ми8-ууд байлдааны юу иргэний зориулалттай юм болов уу

    ReplyDelete