Monday, April 25, 2016

Хойд Солонгос шумбагч онгоцноос баллистик пуужин харважээ

  Хойд Солонгосын пуужингийн технологи шинэ түвшинд гарчээ,


  04-р сарын 23-нд Улаанбаатарын цагаар 17:30-д Японы тэнгисийн усан орон зайд Өмнөд Хамген мужийн Синпхо хотын районд БНАСАУ-ын шумбагч хөлөг онгоцноос, усан доорх байрлалаас баллистик пуужин харважээ.









  Дээрх үйл явдалтай холбоотойгоор Өмнөд Солонгосын талаас дараах тодруулгыг өгсөн байна:
  Бүгд Найрамдах Солонгос Улсын ЗХ (Зэвсэгт хүчин)-ий ШДНХ (Штабын даргуудын нэгдсэн хороо)-ны нэрээ нууцлахыг хүссэн төлөөлөгч тайлбар өглөө. Тэрээр хэлэхдээ өнөөдөр (04-р сарын 23) Сөүлийн цагаар 18:30-д Зүүн (Японы) тэнгисийн усан орон зайд Өмнөд Хамген мужийн Синпхо хотын районоос харвалт хийсэн. Харвалт хийсэн район нь тус хотын зүүн-хойд хэсэгт байсан бөгөөд уг хэсэгт БНАСАУ-ын шумбагч хөлөг онгоцны томоохон бааз байдаг. "Бидэнд байгаа мэдээгээр усан доор байршилтай баллистик пуужин нь 30 км зайд ниссэн", - гэж офицер мэдэгджээ. Мэдэгдэж байгаа өөр зүйлс гэвэл пуужин хэдэн минут ниссэн бөгөөд "хүйтэн харвалтын" технологи ашиглагдсан. Харвалтыг "Синпхо" ангилалын шумбагч онгоцноос хийсэн байх магадлал өндөр байна. Хэрвээ уг мэдээлэл батлагдвал энэ нь БНАСАУ-ын пуужингийн технологийн хөтөлбөр томоохон амжилтанд хүрсэн гэдгийг батална.
  4 сарын өмнө БНАСАУ мөн адил туршилтыг хийхийг оролдсон боловч бүтэлгүйтсэн юм. Өмнөдийн цэргийнхний үзэж байгаагаар хойд солонгосын инженерүүд өмнөх туршилтын үр дүнг тооцон үзэж дутагдлуудыг арилгасан байна. Одоо бол пуужин амжилттай хөөрч, хөдөлгүүр нь ажиллан хангалттай зайд ниссэн байна.
  БНСУ-ын ЗХ-ний ШДНХ-нд бүрэн ажиллагаатай усан доор байрлалтай баллистик пуужин нь дор хаяж 300 км зайд нисэх ёстой бөгөөд үүний дараагаар зэвсэглэлд авч болно гэдгийг онцолжээ. Үүнтэй холбоотойгоор Хойд Солонгос тусгалыг нь ихэсгэж уг технологийн шинэ шатанд гарахын тулд ийм төрлийн пуужингийн туршилтыг ойр ойрхон явуулах болно гэсэн хүлээлттэй байна.






_________________________________________________________________________________

  Ямар ч байсан чучхегийн үнэнч дагагчид шумбагч онгоцноос пуужин харвах технологитой болсон байна. Маргаангүй энэ бол умардын инженерүүдийн хувьд маш том амжилт. Одоогоор дэлхийд АНУ, ОХУ, Их Британ, Франц, БНХАУ болон Энэтхэг улсууд л ийм төрлийн зэвсэглэлтэй. Хэрвээ умардын газар дээр байрлалтай баллистик пуужингууд нь одоогоор АНУ-ын баруун эрэгт хүрэх тусгалтай байдаг бол цаашдаа умардын баллистик пуужингийн тусгалын хүрээнд АНУ-ын нийт нутаг дэвсгэр орж болзошгүй байна. Дээрээс нь саяхан пуужингийн цөмийн цэнэгт хошууг хийж чадсан гэж мэдэгдэж байсан билээ. Уг туршилттай холбоотойгоор БНАСАУ-ын эсрэг тавигдах хоригууд улам чангарч, нэмэгдэж магадгүй. Энэ нь цаашдаа умардуудын талаас улам түрэмгий үйлдэл хийхэд хүргэж болзошгүй. Солонгосын хойгийн цөмийн асуудал хурцдах төлөв байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болжээ.

No comments:

Post a Comment