Tuesday, January 19, 2016

Оросын хамгийн сүүлийн үеийн танк Т-14 "Армата"


   Өнөөдөр та бүхэндээ Т-14 "Армата"-г танилцуулж байна. 

  Удаан хугацааны туршид хүлээгдсэний эцэст ОХУ-ын БХЯ шинэ хуягт танкаа танилцууллаа. Техник сонирхдог хүмүүс санаж байгаа байх, 2000 оны эхээр алдарт "нисдэг" Т-90-ийн үргэжлэл болох Т-95 маш их хүлээлт үүсгэж байсан. Гэтэл 2010 онд ОХУ-ын БХЯ-ы шинэ сайд томилогдсоноор "Армата" гэдэг нэр анх хэвлэлээр гарж ирсэн билээ. Ингээд түүхийн хуудсыг сөхөж үзье. 


  "Армата" нь ганцхан төрлийн байлдааны машин биш бөгөөд олон зориулалтын хуягт платформ юм. Өөрөөр хэлбэл нэг маягийн явах эд ангийн суурин дээр үндсэн байлдааны танк, явган цэргийн хүнд байлдааны машин, танк дэмжих байлдааны машин, хуягласан засварын болон нүүлгэн шилжүүлэх машин, өөрөө явагч артиллерийн систем зэргийг үйлдвэрлэх боломж олгодгоороо онцлог гэсэн үг. 1990 онд ЗХУ задрахын өмнө Уралвагонзаводын Зохион Бүтээх Товчоонд боловсруулж эхэлсэн байна.
  Т-14 танк нь "Армата" платформ дээр хийгдсэн шинэ 125мм-ийн 2А82-1М маягийн их буутай, тоон системээр алсын зайнаас бүрэн удирдагдах, танкны экипаж байрладаггүй цамхагтай байлдааны үндсэн танк. 

  Албан ёсоор мэдэгдэж байгаагаар 1800 морины чадалтай, турбо үлээлттэй 12 цилиндртэй дөрвөн тактын Х хэлбэртэй А-85-3А маягийн дизель хөдөлгүүрээр тоноглогдсон байна. Миний санаж байгаагаар Израйлийн "Меркава" болон Францын "Леклерк" хоёрт бас үүнтэй адил хөдөлгүүр тавигдсан билээ.
  Төрөл бүрийн зориулалттай 32 ширхэг их бууны сумтай бөгөөд танкийн экипажаас тусдаа хадгалагдсан учраас сумнууд тэсрэх үед аюулгүй гэж мэдэгдсэн байна. Одоогоор их бууны сумнуудыг цамхагт хадгалж байгаа юу, эсвэл их биенд хадгалж байгаа юу гэдэг нь тодорхойгүй байна. 

  Хамгаалалтын хувьд танкны нүүрэн хэсэгт олон давхрагат хосолмол хуяг хийгдсэн ба орчин үеийн болон ирээдүйд хийгдэх бүх төрлийн танк эсэргүүцэх сум болон пуужингаас бүрэн хамгаална. Танкны экипаж бүрэн тусгаарлагдсан хуягт капсул дотор эгнээ хэлбэрээр байрлана гэжээ. Танкийн их бие нь V хэлбэрийн ёроолтой бөгөөд энэ нь танк эсэргүүцэх мины эсрэг хамгаалалтыг хүчитгэх аж. "Афганит" маягийн идэвхитэй хамгаалалт суурьлагдсан. Уг хамгаалалт нь танк руу чиглэн нисэж байгаа хуягт нэвтлэх сум, танк эсэргүүцэх удирдлагатай пуужин зэргүүдийг нисэлт дунд нь устгах боломж олгоно гэсэн байна. Мөн анхаарал татаж байгаа нэг зүйл нь олон давхрагат хуяганд зориулж цахилгааны шлакан хайлуулгаар гаргаж авсан өндөр батжилттай 44С-СВ-Ш маркийн ган хуягийг боловсруулсан бөгөөд, ийм маягаар хуягны бат бөх чанарыг хадгалаад танкны нийт жинг 15% буурулж чадсан байна. Гайхамшигтай гэхээс өөр юу гэхэв.



  Т-14 танканд 40 хүртэлх динамик болон 25 хүртэлх аэродинамик байг нэгэн зэрэг хянах чадвартай шинэ радиолокацийн станц суурьлагдсан байна. Мөн уг станц нь 20 километрийн радиусд дээр тооны байнуудыг хянахаас гадна автомат горимоор танкны зүг секундэнд 1000 хүртэл метрийн хурдтай нисэж байгаа бүх сум болон пуужинг устгахад туслах юм байна. 
Танкны бүх эд ангийг мэдээлэл-удирдлагын системээр хянах бөгөд танкны дэлгэцэн дээр телевизийн, лазерын болон дулаан мэдрэгчүүдийн мэдээлэл гарж байх болно. Харин танкны өртгийн хувьд одоогоор нийтэд ил болоогүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар нэг танкны үнэ ойролцоогоор 5 сая доллар байх болов уу гэж таамаглаж байгаа юм байна. 


Эцэст нь дүгнээд харвал ОХУ нь 3-р үеийн анхны олноор үйлдвэрлэх танктай болсон байна. Мөн бүх эд анги нь бүхэлдээ ОХУ-ын үйлдвэрлэлийнх юм байна. Барууны хэвлэлд бичсэнээр, Т-14 танк нь одоо дэлхийд байгаа бүх танкийн загваруудаас хамаагүй илүү болжээ. Мэдээж цаасан дээр юу ч бичиж болох бөгөөд цорын ганц үнэн зөвхөн байлдааны талбар дээр л мэдэгдэнэ шүү дээ. Ямар ч байсан оросууд үнэхээр сюрприз барьж чадлаа. Алдарт Т-90 бол яг үнэндээ Т-72-ын гүн сайжруулсан хувилбар байсан билээ. Т-90-ийн дараагийн танк мөн л адил байх болов уу гэсэн таамаглалыг оросууд зоригтойгоор өөрчилж шинэ үеийн нөхцөл байдалд тохируулсан шинэ шийдэл, шинэ танкийг бүтээж чаджээ.



No comments:

Post a Comment