БНХАУ гадаад дэхь анхны цэргийн баазыг Африкийн эвэр буюу Сомалийн хойг дэхь Жибути улсад байгуулахаар болжээ. Уг бааз нь тухайн бүс нутагт далайн дээрэмчдээс сэргийлэн хамгаалах Хятадын тэнгисийн цэргийн хүчнийг дэмжих зорилготой гэсэн байна.
Жибути улс нь газар зүйн хувьд чухал стратегийн байрлалд байдаг болон тус улсын нөхцөл байдал тогтвортой байдаг учраас АНУ, Франц болон Японы цэргийн баазууд тус улсад мөн байрладаг юм байна.
БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хонг Лэй 1-р сарын 21-нд хийсэн мэдэгдэлдээ шинээр баригдах бааз нь Адены булан болон Сомалийн эргийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Хятадын флотын хөлөг онгоцнуудад логистикийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ.
Дээрх эргүүлийн ажиллагаа нь хэдэн жил үргэлжилж байгаа бөгөөд Хонгийн хэлснээр Хятад улс нь "цэргүүдээ шинэчлэх болон хоол хүнс, түлшээр хангахтай холбоотойгоор бодит хүндрэлүүдтэй тулгарсан учраас тус бүс нутагт логистикийн дэмжлэг үзүүлэх дэд бүтэц байх нь гарцаагүй шаардлагатай гэж үзсэн" гэжээ.
Тэрээр мөн Хятад болон Жибути улсууд нь баазыг байгуулах тал дээр "тохиролцоонд хүрсэн" гэдгийг нэмж хэлжээ.
No comments:
Post a Comment