Monday, October 3, 2016

"Армата" 2019 онд зэвсэглэлд орно

  

  ОХУ-ын БХЯ-ны мэдэгдэж байгаагаар 70 ширхэг шинэ үеийн "Армата" байлдааны үндсэн танкнуудын анхны цуврал 2019 онд армид нийлүүлэгдэхээр болжээ. "Армата" танкны тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй эндээс танилцана уу.
  Анхны цувралын танкнууд эхний ээлжинд оросын баруун талд байрласан, гвардийн 1-р танкийн армийн зэвсэглэлд орно гэсэн байна. Оросын БХЯ-ны төлөөлөгч Александр Шевченкогийн мэдэгдэж байгаагаар "Армата танкны улсын комиссын туршилт, шалгалт 2017 онд дуусна, зэвсэглэлд үүнээс хожуу орох болно", - гэжээ. Өмнө нь оросын арми 2300 ширхэг "Армата" танкийг 2020 оноос өмнө авна гэж байсан ч "Уралвагонзавод"-ын захирал Олег Сиенкогийн мэдэгдэж байгаагаар ийм хэмжээний танкны үйлдвэрлэлийн хөтөлбөр зөвхөн 2025 оноос өмнө л дуусах боломжтой гэсэн байна.


  Нефтийн бүтээгдэхүүний үнийн уналттай холбоотой оросын эдийн засгийн хямрал мэдээж үүнд нөлөөлсөн байх. Нэг бүрийн өртөг нь 3,7 сая ам. долларын үнэтэй  гэгдэх уг танк нь оросын шинэ үеийн армийн нүүр царай болж байгааг бид мэдэх билээ. Харамсалтай нь анхны үеийн төлөвлөгөөгөөр 2015 онд зэвсэглэлд авна гэсэн нь биеллээ олсонгүй, харин ч шинэ танкны туршилтын явц дуусаагүй байгаа нь тодорхой боллоо. 
  Мөн "Армата"-тай холбоотой нэг шинэ мэдээ: Т-14 "Армата" танк болон Т-15 ЯЦБМ (явган цэргийн байлдааны машин)-ууд нь НАТО-ийн танкнуудын барагдуулсан уранан голтой сумнаас хамгаалах чадвартай болжээ. Үүний нууц нь уг платформууд дээр тавигдаж байгаа "Афганит" ИХЦ (идэвхитэй хамгаалалтын цогцолбор) нь танк руу ирж байгаа пуужингаас гадна хуяг нэвтлэх уг сумыг устгах чадвартай болсонтой холбоотой юм.


  Харамсалтай нь сайны хажуугаар саар гэгчээр өмнө нь 125 мм-ийн 2А82-1М их бууны оронд "Мста-С" өөрөө явагч артиллерийн төхөөрөмжийн 152 мм-ийн 2А83 их бууг тоноглоно гэж яригдаж байсан. Гэтэл 2А83 их бууны хувьд нэг том дутагдалтай тал байгаа юм байна. Энэ нь уг их бууны голын ашиглалтын нөөц нь ердөө 280 удаа буудлага гүйцэтгэх боломжтой оршино. 


  Өөрөөр хэлбэл мөн л өмнөх үеийн зөвлөлтийн болон оросын танкнуудын хууч, ужиг дутагдал шинэ үеийн танкны хувьд хадгалагдах эрсдэлтэй болжээ. Тэр тусмаа хуяг нэвтлэх сумаар буудах үед ашиглалтын нөөц мөн эрс буурна. Дээрээс нь 2А83 нь 2А82-1М-ээс хоёр дахин их жинтэй. Тийм учраас танкны маневрлах чадварыг хадгалахын тулд сумны нөөцийг эрс бууруулах шаардлага гарна. 
  

No comments:

Post a Comment