Thursday, September 22, 2016

Томчуудын "шатрын нүүдэл"

  Армен болон Азербайжан улсуудад ар араасаа шахам болсон үйл явлыг тоймлон хүргэе.

  Армен улсын нийслэл Ереван хотод 09-р сарын 21-нд болсон цэргийн парадын үеэр Орос улсаас Арменд нийлүүлсэн зэвсэглэлийн цоо шинэ системүүдийг нийтэд харуулжээ. Энэ нь юун түрүүнд өмнө нь зөвхөн ОХУ-ын зэвсэглэлд байсан "Искандер" ОТТПЦ (оператив тактикийн тийрэлтэт пуужингийн цогцолбор)-той хамааралтай юм. "Искандер"-ийн тухай дэлгэрэнгүйг эндээс .


  Мөн түүнчлэн Ереван хотын гудамжаар 90 км-ийн тусгалтай шуурган галын 9К58 "Смерч" систем, "Бук М2" ЗПЦ (зенитийн пуужингийн цогцолбор) болон сайжруулсан С-125 "Печора-2М2" ЗПЦ мөн өмнө нь байсан С-300ПС ЗПЦ явж өнгөрчээ. С-125 "Печора-2М"-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийн эндээс.

"Инфауна" РЭТ

"Смерч" шуурган галын систем
   Дээрээс нь уг парадыг чимсэн нэг шинэ зүйл нь БТР-80 хуягт тээвэрлэгчийн суурин дээр үйлдвэрлэгдсэн "Инфауна" РЭТ (радио-электрон тэмцэл)-ийн хэрэгсэл байжээ.
  Цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шинээр харуулсан зэвсэглэлийн системүүд нь Азербайжаны эсрэг хийгдэж болзошгүй цэргийн мөргөлдөөний үед Армений боломжийг тэнцүүлж өгсөн байна. Өмнө нь 2015 оны 06-р сард ОХУ-аас Армен улсад 200 сая ам. долларын зээл олгох гэрээ зурагдсан бөгөөд уг мөнгөн дүнгийн хүрээнд Армений зэвсэгт хүчнийг шинэчлэх зэвсэглэл нийлүүлхээр болсон юм.
  Харин фронтын нөгөө талд буюу Азербайжан улсад 09-р сарын 20-нд туркийн Roketsan компаниас шуурган галын Т-300 Kasirga цогцолборыг Азербайжан улсад нийлүүлж дууссан гэсэн мэдээлэл гарчээ.

Т-300 Kasirga
  Азербайжан улс нь Турк улстай 2013 онд 21 ширхэг Т-300 Kasirga шуурган галын цогцолборыг худалдаж авах гэрээ байгуулсан юм. Азербайжаны зэвсэгт хүчинд зориулагдсан Т-300 Kasirga нь оросын туулах чадвар өндөртэй Камаз-63502 ачааны машины суурин дээр хийгдсэн байна.
  Т-300 Kasirga нь эсрэг талын хамгаалалтын гүнд байрласан цэргийн бааз, цэрэг техникийн нэгтгэл, пуужингийн цогцолборын харвах төхөөрөмж, нисэх буудал болон тээврийн зангилаа, орон нутгийн болон аж үйлдвэрлэлийн төвүүдэд цохилт өгөхөд зориулагдсан.
  6-9 ширхэг харвах төхөөрөмжөөс бүрдэх нэг батарейны галаар 24-36 ширхэг маш хүчтэй хэлтэрхийт байлдааны хэсгийг 40-100 км-ийн зайд дэлбэлэх бөгөөд 1 км-ийн радиус байрласан амьд хүчийг баталгаатай устгах чадвартай. 


  Kasirga пуужин нь 524 кг жинтэй бөгөөд байлдааны хэсгийн жин 150 кг байдаг. Пуужин нь нислэгийн үеэр тэнцвэржүүлэгчээр тогтворжиж хэвтээ тэнхлэгийн дагуу эргэлддэг гэсэн байна.
  Kasirga пуужин зохион бүтээсэн түүх сонирхол татаж байна. 90-ээд оны эхээр Турк улс нь Франц, Израиль, БНХАУ гэсэн орнуудтай пуужингийн технологи худалдаж авах болон хамтран үйлдвэрлэх талаар хэлэлцээр хийж эхэлжээ. Хятадын талын санал санхүүгийн болон технологийн асуудлыг шийдвэрлэх талаас хамгийн шилдэг гэж тооцогдсон байж. Хэлэлцээрийн дүнд 1997 онд туркийн Roketsan компани болон хятадын CPMIEC компаниуд хоорондоо хятадын WS-1B шуурган галын системийг Kasirga хуулбарыг хамтран боловсруулж, үйлдвэрлэх гэрээ хийгджээ. Т-300 пуужингийн анхны нислэг Турк улсад 2000 онд хийгджээ.
  Азербайжаны хилээс Армений нийслэл Ереван хот хүртэл 100 орчим км байдаг тооцвол Kasirga шуурган галын системийн тусгалд 1 сая гаруй хүнтэй хот орж байгаа юм. Магадгүй Азербайжаны талаас Kasirga системийг авч байгаатай холбогдуулан Армений талд "Искандер"-ийг өгсөн байх. Бүс нутгийн томоохон тоглогч нар буюу ОХУ, Турк хоёр "шатрын нүүдэл" хийж өргөө үргэлжлүүлсээр байна.

1 comment: