Thursday, April 14, 2016

Карабахын мөргөлдөөний сургамж

  Саяхан 04-р сарын 01-ээс 05-ны хооронд Уулын Карабахын  районд болсон томоохон зэвсэгт мөргөлдөөний үеэр анхаарал татсан нэг зүйл байна.


  Юуны өмнө тус мөргөлдөөний үеэр хоёр талын амссан цэргийн техникийн хохирлын хэмжээг танилцуулья. Албан ёсны мэдээний дагуу Азербайжаны талаас 1 ширхэг вертолёт, 1 ширхэг танк устгагдсан гэсэн бол хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын талаас хүлээн зөвшөөрсөн хохирлын хувьд нийт 14(!) танк устгагдсан гэсэн байна. Дээрх дүнгээс харахад харьцангуй богино хугацаанд армений талаас их хэмжээний хуягт техникийн хохирол хүлээсэн нь анхаарал татаж байгаа юм. Энэ юутай холбоотой вэ гэдгийг авч үзье.

Уулын Карабахын Т-72 танк
  Юун түрүүнд Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын армийн бүрэлдэхүүнд 1970 оны эхээс 80-аад оны хооронд үйлдвэрлэсэн Т-72А байлдааны үндсэн танкнууд байдаг. Өөрөөр хэлбэл 30 болон түүнээс дээш настай техникүүд. Дээр нь уг танкнууд нь өндөр цэцтэй зэвсэглэлээс хамгаалах ямар ч хамгаалалтгүй. Энд нэг зүйлийг онцолход манай улсад 2012 оноос эхлэн ОХУ-аас нийлүүлсэн Т-72А танкнууд нь мөн адил ямар нэгэн нэмэлт, динамик хамгаалалт байдаггүй. Нөгөө талаас Азербайжаны арми өөрийн зэвсэглэлд байгаа Т-72 танкнуудыг сайжруулж Т-72 "Аслан (Арслан)" хувилбарыг үйлдвэрлэсэн бөгөөд уг загварууд нь ядаж РПГ болон бусад танк эсэргүүцэх хөнгөн зэвсгээс хамгаалж чадах юм.

Азербайжаны армийн Т-72 "Аслан" танк
Монголын армийн Т-72А танк

  Хоёрдугаарт, азербайжаны талаас уг мөргөлдөөнд израилийн үйлдвэрлэлийн Spike NLOS танк эсэргүүцэх залуурт пуужинг их хэмжээгээр ашигласан. Энэ нь одоогоор дэлхийн хамгийн орчин үеийн бөгөөд хүчтэй танк эсэргүүцэх цогцолбор юм. Карабахын танкчидын хувьд уг зэвсгээс аврагдах боломж байгаагүй.

SPIKE NLOS танк эсэргүүцэх залуурт пуужин

SPIKE NLOS танк эсэргүүцэх залуурт пуужинг харваж байгаа байдал
  Энэ зэвсгээс хамгаалах цорын ганц гарц нь танкнууд дээр идэвхитэй хамгаалалтын цогцолборыг тоноглох юм. Идэвхитэй хамгаалалт гэдэг нь танк эсвэл хуягт техник дээр байрлуулсан бөгөөд танк эсэргүүцэх залуурт пуужинг ойртох үед цахилгаан соронзон болон кинетик саад тавьж дайрч буй пуужинг устгах эсвэл ямар ч байсан үйлчилгээг хүчтэй сааруулах систем байдаг. Батлагдсан туршилтаас харахад идэвхитэй хамгаалалтын систем нь танкны амьд үлдэх чадварыг 2-3 дахин ба түүнээс дээш нэмэгдүүлдэг нь тогтоогдсон. 


  Уг цогцолборт хэт яагаан туяаны цар хүрээнд ажилдаг пуужингийн харвалтыг илрүүлэх орчин үеийн РЛС (Радио-Локацын Станц), утаат хөшиг тавих автомат систем эсвэл ойртож байгаа пуужинг устгах хэлтэрхийт хөшиг бий болгох тусгай цэнэгүүдийг харвах систем багтана. Ийм цогцолборуудад зөвлөлтийн үйлдвэрлэлийн "Дрозд" болон "Арена" мөн Т-14 "Армата" дээр тавигдах "Афганит" цогцолборууд орно. Нөгөө талаас жишээлбэл карабахын армийн зэвсэглэлд байгаа Т-72М танкны өөрийн өртөг 1,4 сая ам. доллар гэж тооцход "Арена" цогцолборын өртөг 300 000 ам. доллар байдаг нь эдийн засгийн чадавхи муутай орнуудын хувьд хүндрэлтэй байх нь ойлгомжтой юм. 

2 comments:

  1. Tankaar huutsulduj bhaar agaariin huchee l saijruulah heregtei bh daa

    ReplyDelete
  2. Агаарын хүч газрынхаас бараг 5-15 дахин үнэтэй тусдаг, дээр нь газрын маш сайн дэмжлэг, чиглүүлэг, сансрын хиймэл дагуулын сүлжээ өндөр хөгжсөн байх хэрэгтэй болно. АНУ-ын сүүлийн үеийн AGM пуужингууд л гэхэд бараг 1 сая доллар буюу энд дурдагдсан танктай адилхан үнэтэй л дээ.

    ReplyDelete