Wednesday, April 6, 2016

ОХУ-д цэргийн шинэ хүчин бий боллоо

  04-р сарын 05-нд оросын хууль эрх зүйн системд сүүлийн арван жилд болсон хамгийн том үйл явдал болжээ.


  Энэ өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины тушаалаар 2004 онд байгуулагдсан Холбооны Цагаачлалын Алба болон 2003 онд байгуулагдсан Хар тамхины эргэлтийг хянах Холбооны Алба хоёрыг татан буулгаж ОХУ-ын ДХЯ (Дотоод Хэргийн Яам)-ны мэдэлд шилжүүлсэн байна. Мөн үүнтэй нэгэн зэрэг ДХЯ-ны Дотоодын Цэргийг ерөнхийлөгчийн тушаалаар Оросын Үндэсний Торгон Цэргийн (Национальная Гвардия) Холбооны Алба гэсэн шинэ хууль сахиулах хүчнийг бий болгожээ.
  Татан буугдсан хоёр холбооны албанууд татан буугдсан шалтгааныг эрх үүрэг давхардсан учраас гэж тайлбарласан байна. Харин шинээр байгуулагдсан Үндэсний Торгон Цэргийн хувьд дараах эрх, үүргийг хүлээнэ гэжээ:
  • ОХУ-ын дотоод хэргийн албадуудтай хамтран олон нийтийн амгалан тайван байдлыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон онцгой байдлын горимыг хангах
  • Терроризмын эсрэг ажиллагаанд оролцох болон эрх зүйн терроризмын эсрэг ажиллагааны горимыг хангах
  • Хэт даврагсадтай тэмцэх
  • ОХУ-ын газар нутгийг батлан хамгаалах ажиллагаанд оролцох
  • Улсын чухал обьект болон тусгай ачааг хамгаалахад оролцох
  • Холбооны аюулгүй байдлын хилийн албануудад туслах болон ОХУ-ын улсын хилийг хамгаалахад оролцох
  • Зэр зэвсгийн эргэлт болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаануудад тавигдах ОХУ-ын хууль, тогтоолын биелэлтэнд холбооны улсын хяналт, шалгалт хийх гэжээ.

  Одоогоор шинээр байгуулагдсан ОХУ-ын Үндэсний Торгон Цэрэгт дараах анги, нэгтгэлүүд орж байна:
  • ОМОН (Тусгай Томилгооны Цагдаагийн Бүлэг), СОБР (Шуурхай Ажиллагааны Тусгай Бүлэг)
  • Холбооны Улсын Нэгдсэн Хамгаалалтын Албан "Охрана"
  • ДХЯ-ны шуурхай ажиллагааны хүчний болон нисэх хүчний тусгай томилгооны төв
  • Гэрээт цэрэг болон цэрэг татлагын журамаар бие бүрэлдэхүүнээ бүрдүүлнэ гэжээ.

  Хамгийн сонирхол татаж байгаа зүйл нь гэвэл Үндэсний Торгон Цэрэг нь шууд ерөнхийлөгчийн удирдлаган доор байна гэжээ. Мөн Үндэсний Торгон Цэргийн албаны тэргүүнээр армийн генерал Виктор Золотов гэгч томилогдсон байна. Үүний өмнө Дотоодын Цэргийн ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэж байсан. 2000-аас 2013 он хүртэл ерөнхийлөгч В.Путины Хамгаалалтын Албаны Даргын үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар дээрх хугацаанд "Путины хамгийн ойрын хүрээлэлд орсон" гэжээ.



  Эцэст нь дүгнээд үзэхэд оросын ерөнхийлөгч маш итгэлтэй хүнээрээ удирдуулсан бараг хагас сая хүнтэй, маш өргөн эрх мэдэлтэй цэргийн хүчнийг шинээр бий болгосон нь харагдаж байна. Дотоодын эмх замбараагүй байдалд бэлдсэн алхам ч гэж үзэж болох юм. Дашрамд дурьдахад зөвлөлтийн болон оросын төрийн тэргүүнүүд аль ч үедээ Дотоод Хэргийн Яам болон тагнуулын албануудыг (зөвлөлтийн КГБ, оросын одооны ФСБ) хооронд нь өрсөлдүүлэх маягаар хянаж байдаг байсан юм. Аль нэг талд урвалт гарсан тохиолдолд нөгөө тал нь адилхан хүчтэй байх зарчимыг баримталдаг байжээ. Одооны оросын ерөнхийлөгч В.Путин нь өөрөө ФСБ-ийн дарга байсан учраас тагнуулын албаны талд илүү элэгтэй байдаг болов уу. Харин дээрх шийдвэр нь ДХЯ-ны эрх мэдлийг нэмсэн үйлдэл боллоо.

No comments:

Post a Comment