Monday, April 4, 2016

Туркменистан улсын шинэ цэргийн техникүүд

  Дундад Азийн Туркменистан улсад маш өргөн цар хүрээтэй "WATAN" цэргийн сургууль 03-р сарын 26-аас эхлэн явагдсан байна.


  Уг цэргийн сургуулилтанд Туркменистаны Үндэсний Арми, Дотоод Хэргийн Яамны Дотоодын цэргүүд оролцсон гэжээ. Хуурай замны цэргий хүчин төрөл бүрийн саад давааг, тэр дундаа усан саадыг нэвтэн гарч марш хийсэн байна. Falko дроны тусламжтайгаар цэргийн албан хаагчдыг полигон хүртэлх зам хүртэл тагнуулын нислэг хийж байр орчны тандалт хийсэн гэжээ. Цэргийн сургуулилтыг бодит байлдааны ажиллагаанд дөхүүлэн зохион байгуулсан байна. Жишээ нь Агаарын-Цэргийн Хүчний МиГ-29 сөнөөгч онгоцууд хуурай замын цэргийг халхлах болон агаарын тулалдааны сургуулилтыг хийсэн бол Су-25 дайрагч онгоц болон Ми-17 вертолётнууд газар дээрх байнууд руу гал нээж байлдааны-сургалтын нислэг хийсэн юм байна.










  Хамгийн их сонирхол татаж байгаа зүйл нь Туркменистаны Үндэсний Армийн шинэ цэргийн техник, зэвсэглэлүүд. Тэдгээрийг дэлгэрэнгүй танилцуулья:

  Хятадын CPMIEC улсын үйлдвэрийн 
FD2000 ЗПЦ (Зенитийн Пуужингийн Цогцолбор)

  Энэ нь саяхан Өмнөд-Хятадын тэнгис дэхь Параселийн арлуудын нэг болох Вуди арал дээр (хят. Юншинь Дао, вьет. Дао Пу Лам) байршуулсан HQ-9 (Хуньчи-9) ЗПЦ-ын экспортын хувилбар юм. Өнгөрсөн оны эхээр Туркменистан улсад нийлүүлэгдсэн гэх мэдээлэл гарч байсан.  




  1993 онд БНХАУ оросын үйлдвэрлэлийн С-300ПМУ-1 ЗПЦ-г худалдан авч байсан. Уг цогцолборын техникийн шийдэл болон хийцийн онцлогуудыг өөрсдийн  HQ-9 цогцорборыг зохион бүтээх үедээ их хэмжээнд ашигласан байдаг. HQ-9 нь нисэх онгоц, далавчит пуужин болон вертолётнуудыг устгахад зориулагдсан бөгөөд 200 км-ийн тусгалтай алсын зайн ЗПЦ юм.



  Одоогоор уг цогцолбор нь БНХАУ, Узбекистан улсын зэвсэглэлд байдаг. Одоо дээр нь Туркменистан улс нэмэгдэж байна. Дашрамд дуулгахад Туркменистан улсын зэвсэлэлд өмнө нь С-300 ЗПЦ байгаагүй юм. Тийм болхоор туркменүүд С-300-ийн хямд өртөгтэй хувилбарыг худалдан авсан байна. 

Хятадын CPMIEC улсын  үйлдвэрийн
KS-1A ЗПЦ (Зенитийн Пуужингийн Цогцолбор)

  Хятадын ХАЧА (Хятадын Ардын Чөлөөлөх Арми)-ийн HQ-12 (Хуньчи-12) ЗПЦ-ын экспортын хувилбар. 7-50 км-ийн тусгалтай дундаж зайн ЗПЦ. Үечилсэн антенны сараалжтай РЛС (Радио Локаторын Станц)-ыг ашигласан хятадын анхны ЗПЦ юм байна.


  1980-аад оны эхээр хуучирсан HQ-2 ЗПЦ-г (зөвлөлтийн С-75 ЗПЦ-ын хуулбар) солих зорилгоор боловсруулагдсан эхэлсэн. 1989 онд туршилтанд орж 2009 оны үеэр ХАЧА-ийн зэвсэглэлд орсон гэж тооцогддог.


Хятадын үйлдвэрлэлийн Dongfeng Mengshi байлдааны суудлын машин

  1990-ээд оноос эхлэн үйлдвэрлэгдэж эхэлсэн. Америкийн HMMWW буюу Humvee машины шууд хуулбар. БНХАУ, Пакистан, Беларус, Зимбабве улсуудын зэвсэглэлд байдаг. 


  Заримд нь зүгээр бэлэглэж өгсөн байдаг. Оригинал хувилбараасаа зөвхөн хамарны хэсэг нь ондоо. Беларусын армийнхан ам сайтай байдаг сурагтай. 


Украины "Гром" байлдааны модультай БТР-80 хуягт тээвэрлэгч

  Үндсэн загвар БТР-80 дээр 30 мм-ийн автомат буу, 30 мм-ийн автомат гранатомёт АГ-17, КТ-7,62 пулемёт болон "Конкурс" пуужингийн цогцолбор бүхий алсын удирдлагатай "Гром" модулийг тоноглосон. Зэвсэглэлийг их биенээс гаргаж байрлуулсан учраас багийн гишүүдийн хамгаалалтыг нэмэгдүүлсэн байдаг. 


Белорусын үйлдвэрлэлийн хөдөлгөөнт, 
танк эсэргүүцэх пуужингийн цогцолбор "Каракал"

  Анх 2011 онд Абу-Даби хото болсон IDEX-2011 зэвсгийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдсан. Багийн хоёр гишүүнтэй, 4 ширхэг танк эсэргүүцэх "Барьер" пуужин харвах цогцолбороор тоноглогдсон. 


  4 ширхэг пуужингаа харвасны дараагаар их бие руу дотогшоо орж шинэ пуужингуудаар цэнэлэгддэг. "Каракал"-ын тусгал өдрийн цагт 100-аас 5500 метр, шөнийн цагт 100-аас 3000 метр. Хамгийн алсын тусгалд байгаа байг 24 секундын дотор устгадаг.  


_________________________________________________________________________

  Эцэст нь дүгнээд үзэхэд Туркменистаны арми өөрийн зэвсэглэлийг хурдацтай сайжрлуулж байна. Оросуудын зараагүй зэвсэглэлийг хятадаас авсан байгаа нь хятадын гадаад бодлоготой холбоотой болов уу. Нөгөө талаас Туркменистан улс нь Афганистан улстай хиллэдэг учраас лалын хэт даврагч нарыг барьж байх нэг ёсны босго болдог нь нууц биш юм. Саяхан Казахстан улс томоохон цэргийн сургууль хийсэн талаар блогтоо мэдээлж байсан. Тун удахгүй Узбекистан болон Таджикистаны зэвсэгт хүчин мөн л хийх магадлалтай байна.

No comments:

Post a Comment