Tuesday, April 19, 2016

Т-80У байлдааны үндсэн танк

  Өнөөдөр та бүхэндээ оросын Т-80У танкийг танилцуулж байна.


  Блогийн уншигчид маань оросын Т-72, Т-90 танкнуудын тухай харьцангуй мэдээлэлтэй, мэдлэгтэй байдаг байх. Харин Т-80 танкны тухайд бидний анхаарлаас гадуур өнгөрсөн юм шиг санагдлаа. Гэтэл цэргийн мэргэжилтнүүдийн дунд Т-80 танк нь маш алдартай байдаг. Дэлхий дээр хийн-турбины хөдөлгүүртэй хоёрхон төрлийн танк байдгаас нэг нь Т-80, нөгөөх нь америкийн М1 "Абрамс". Тийм ч учраас бараг "нэг үеийн" гэж хэлж болох уг хоёр техникийг байнга харьцуулж байдаг юм. Өмнө нь блогтоо М1 "Абрамс" танкны тухай дэлгэрэнгүй мэдээлэл оруулж байсан билээ.  Харин өнөөдөр хүйтэн дайны үед "Абрамс"-ын шууд өрсөлдөгч гэж тооцогдож байсан Т-80 танкийг, тэр дундаа түүний сайжруулсан хувилбар болох Т-80У танкийг танилцуулж байна. 

М1 "АБРАМС" болон Т-80У танкнууд
  Т-80У танк нь одоог хүртэл оросын хуурай замын цэргийн хуягт танкийн цэргийн зэвсэглэлд байдаг бөгөөд оросын нийт танкны 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Өнгөрсөн онд шуугиан тарьсан Т-14 "Армата" танк-ийг цувралаар үйлдвэрлэж Т-72 болон Т-80 танкнуудыг зэвсэглэлээс хасах гэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд оросын зэвсэглэлээс хасагдсан Т-72А танкнуудыг манай улсын зэвсэгт хүчин нийлүүлж байсан шиг ойрын жилүүдэд Т-80У танкнуудыг мөн л шилжүүлэн өгөх магадлалтай байна.


Т-80У
  1967 оны 07-р сард ЗХУКН (Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Нам)-ын нарийн бичгийн дарга Дмитрий Устиновын өрөөнд болсон хуралдааны үеэр Т-80 танк бий болсон түүх эхэлжээ. Уг хуралдаан дээр хийн-турбины хүчний хөдөлгүүртэй Т-64 танкны хувилбарыг зохион бүтээх шийдвэр гарсан юм байна. 1000 м.х.-тэй хөдөлгүүр нь засмал зам дээр 450 км-ээс багагүй зам туулж, 500 цагийн ажиллагааны баталгаат хугацаатай байх ёстой гэсэн байж. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь Т-64 танк дээр тавьсан 5ТДФ хоёр тактын хөдөлгүүр нь маш найдваргүй ажиллагаатай байсантай холбоотой. Түүнээс гадна цэргийн удирдлагын дунд ХТХ (Хийн-Турбины Хөдөлгүүр)-ийг ашигласнаар танкны байлдааны болон ашиглалтын үзүүлэлтийг, тэр дундаа хөдөлгөөний дундаж хурд болон байлдааны бэлэн байдалд шилжих хугацаа (нэн ялангуяа өвлийн цагт)-г өсгөх боломжтой гэсэн үзэл, санаа хүчтэй байжээ. Түүнээс гадна асаалтын өмнө ямар нэгэн халаагч ашиглах шаардлагагүй ХТХ-г хэрэглэснээр өвлийн цагт танкны бэлэн байдлыг өсгөж хөдөлгөөнд бэлдэх хугацааг -18 С-ийн температурт 2-3 минут хүртэл, бүүр бага буюу -45 С-ийн температурт 25-35 минут хүртэл багасгах байлаа.

Т-80У

  1968 оны 04-р сарын 16-ны хуралдаанаар ЗХУКН-ын болон ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоол батлагдаж тус улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн болон нисэх хүчний аж үйлдвэрийн яамдуудыг 1968-1971 онуудын хооронд багтааж ХТХ-г зохион бүтээх-туршилтын ажлыг гүйцэтгэхийг үүрэг болгожээ. Дээр заасан хугацаанд В.Климовын нэрэмжит шинжлэх ухааны-аж үйлдвэрийн нэгдэл 1000 морины хүчтэй ГТД-1000Т нэртэй амжиллтай хөдөлгүүрийг зохион бүтээсэн бол Кировскийн үйлдвэрт Т-64А танкны хийн-турбины хувилбарын суурин дээр туршилтын "219 обьект"-ыг төмрөөр хийжээ.

Т-80У

  1974-1975 оонуудад шинэ танкны нэг батальоны туршилтын-цэргийн ашиглалтын процесс 10-11 мянган хавтгай шоо км. талбайд явагдаж эхэлсэн байна. Эхэн үедээ турбокомпрессорын 3-дахь тулгуурын гэмтлээс үүдэлтэйгээр ХТХ маш их тоогоор ашиглалтнаас гарч байсан. Энэ дутагдлыг арилгах тал дээр шуурхай арга хэмжээг авч 1974 оны 12-р сарын 15 гэхэд батальонд сайжруулсан 10 ширхэг хөдөлгүүрийг өгсөн байна. Үүнтэй холбоотойгоор туршилтын-цэргийн ашиглалтын процессд тодруулга оруулж сайруулсан хөдөлгүүртэй 10 ширхэг танкны хувьд Туркестаны цэргийн тойрогт тоос шороотой нөхцөл байдалд туршилтын нэг үе шатыг явуулахаар болжээ. Тэнд очсон танкнуудыг нисэх онгоцны керосин болон дизель шатахуунаас цэнэглэж байсан байна. Гэхдээ танкнуудын шатахууны зарцуулалт нэмэлт түлш цэнэглэхгүйгээр 300-400 км зайг туулж чадахгүй байжээ. Мөн хөдөлгүүрийн ажиллагааны баталгаат хугацаа дуусах хүртэл найдвартай ажиллагаа хангагдаж чадахгүй байсан байна.

Т-80У
  Гэхдээ "обьект 219"-ын бага температурын үеийн байлдааны бэлэн байдал дизель хөдөлгүүртэй танкнуудтай харьцуулахад 1,5-2 дахин өндөр байсан. Маш өндөр маневрлах чадвартай байсан ба БМП (Явган Цэргийн Байлдааны Машин)-уудтай харилцан уялдаатай ажиллаж тэргүүн шугам руу 20-30 км/ц ба түүнээс дээш хурдтайгаар хурдтайгаар гарч эсрэг талын галын хэрэгслийн үйлчлэл доор бага хугацааг өнгөрүүлэн дайралт хийж 20-25 км/ц хөдөлгөөний хурдтай үед гал нээх боломжтой байв.
  Зам харгуйн нөхцөл байдал болон цаг уурын нөхцөл байдлаас хамаарч хөдөлгөөний дундаж хурд 18-32 км/ц (тактикийн) болон 20-40 км/ц (техникийн) хооронд байжээ. Мөн 100 км дэхь шатахууны зарцуулалт 453-838 литр байсан бол тос, маслоны зарцуулалт бараг байхгүй байсан гэжээ.

Т-80
  1976 оны 08-р сарын 06-нд "обьект 219"-ыг Т-80 индекстэйгээр зэвсэглэлд авсан байна. Т-80 танк нь хийн-турбины хөдөлгүүртэй анхны цуврал танк болсон юм (М1 "Абрамс" танкны цуврал үйлдвэрлэл 1980 онд эхэлсэн).
  Т-80 байлдааны үндсэн танк нь үндсэн цувралын үйлдвэрлэлийн хувилбар байсан бөгөөд Т-64А болон Т-72 танкнуудын их биетэй үндсэндээ адилхан гагнууран их биетэй байсан байна. Цамхаг нь цутгамал байсан бөгөөд нарийн хэлбэртэй байжээ. 125 мм-ийн 2А46-1 их буу нь дулаанаас хамгаалсан гадаргатай байсан бөгөөд Т-64А танктай адил гидроцахилгаан-механик сумлалтын механизмтай байсан. 
  1978 онд 9К112-1 "Кобра" залуурт пуужингийн цогцолбортой, цамхагны илүү сайжруулсан хуяглалттай Т-80Б хувилбар гарсан юм. 1985 оны 01-р сард угсармал динамик хамгаалалттай Т-80БВ хувилбарыг зэвсэглэлд авсан байна.

Т-80БВ
  Т-80 танкнууд нь 1970-аад оны сүүлээр зөвлөлтийн армийн зэвсэглэлд нийлүүлэгдэж эхэлсэн бөгөөд юун түрүүн тус улсын гадаад дэхь цэргийн бүлэглэлүүдэд болон баруун бүрийн цэргийн тойргуудад иржээ. Хийн-турбины ачаалалтай дулааны нөөц бололцоо нь уг загварын танкнуудыг халуун бүсүүдэд ашиглахад хүндрэлтэй болгож байсан учраас зөвлөлтийн дундаж ази дэхь цэргийн тойргуудад очоогүй байна.
  Т-80 танк нь цэргийнхэнд маш их таалагдсан. Зөвлөлтийн жанжин штабын "том дайны" үеийн стратегийн штабын сургуулилтын үеэр шинэ Т-80 танкнууд нь давшилт эхэлснээс хойшхи 5 дэхь өдөр гэхэд Атлантын далайн эрэгт хүрч байжээ (ийм учраас Т-80 танкнуудыг штабуудад "Ла-Маншийн танкнууд" гэж хочилсон байна). Нэг тохиолдол маш алдартай байдаг юм байна: Зүүн Герман дэхь зөвлөлтийн цэргийн бүлэглэлийн цэргийн сургуулилтын үеэр маневр хийж байсан Т-80 танк Берлины хурдны зам дээр гарч жуулчны автобуснуудыг торох юмгүй гүйцэж түрүүлж байжээ. Ямар ч хүйтэнд ажрахгүй ХТХ-ийн асаалтын чадвар цэргийн ангиудад эерэг үнэлгээ авч байсан байна.

Т-80У
  1985 онд "ная"-ын хамгийн сүүлийн болон хамгийн хүчтэй загвар болох Т-80У-г зохион бүтээсэн байна. Т-80У нь оросын болон дэлхийн шинжээчдийн дундаас дэлхий дээр хүчтэй танкнуудын нэг гэсэн үнэлгээг авсан байдаг. Үндсэн загварынхаа хийцийн онцлогуудыг хадгалсан шинэ машин нь зарчмын хувьд цоо шинэ зарим эд анги, тоноглолтой болсон юм. Саатлаас хамгаалсан галын удирдлагын системтэй залуурт пуужингийн "Рефлекс" цогцолборыг ашигласны дүнд Т-80У танкны галын чадал огцон нэмэгдсэн. Уг шинэ цогцолбор нь зөвхөн хуягт байнуудыг устгаад зогсохгүй нам өндөрт нисэж байгаа вертолётнуудыг устгах боломжтой болжээ.Лазерийн туяагаар залагдах 9М119 пуужин нь 100-5000 метрийн зайд "танк" маягийн байг 0,8 магадлалтайгаар устгах чадвартай. Т-80У танкны хуяглалт нь ихээхэн нэмэгдэж танкны жин дэхь хуяглалтны эзлэх хувь нэмэгдсэн. Дэлхийд анх удаа суулгамал динамик хамгаалалтыг ашигласнаар танкны нийт гадаргуугийн 50 гаруй хувийг халхалж чадсан байна. Сайжруулсан, олон давхар хосолмол хуяглалтыг суулгамал динамик хамгаалалттай хамт ашигласнаар хамгийн өргөн тархсан танк эсэргүүцэх бараг бүх төрлийн хэрэгслүүдээс хамгаалах боломжтой болсон байна. Хуяг нэвтлэх сум хэрэгслээс хамгаалах хуяглалтны зузаан нь 900 мм-ийн зузаантай дан ган хуягныхтай тэнцдэг юм байна. Энэ нь мөн л өндөр үзүүлэлт.




  Т-80У танк дээр 18 кВт чадалтай ГТА-18А туслах, цахилгаан агрегатыг хэрэглэснээр зогсоол дээр зогсож байгаа, хориглох тулалдаан хийж байгаа болон отолтонд орсон үед түлшний зарцуулалтыг хэмнэх боломжтой болсон байдаг. 
  Хэдийгээр тухайн үед ХТХ-ийн хийцийг маш өндөр хэмжээнд хүртэл сайжруулж чадсан ч гэсэн юун түрүүнд эдийн засгйин хүчин зүйлийн улмаас уламжлалт дизель хөдөлгүүрт хожигдож байсан юм. Хийн-турбины хөдөлгүүр болон дотоод шаталтын дизель хөдөлгүүрийн аль илүү сайн бэ гэдэг асуултанд тодорхой хариулт өгөгдөж чадаагүй. Тийм учраас 1000 морины хүчтэй 6ТД дизель хөдөлгүүртэй Т-80УД "Береза" загварыг зэвсэглэлд авсан байдаг. Хувь заяаны эрхээр Т-80УД танк нь Зөвлөлт Холбоот Улс задрахаасаа өмнө зэвсэглэлд авсан сүүлчийн зөвлөлтийн үеийн танк болсон юм.

Т-80УД
  Одоо харин хамгийн сонирхолтой буюу байлдааны ажиллагаанд ашиглагдаж байсан түүхээс танилцуулья. "Ная"-уудыг байлдааны ажиллагаанд ашигласан хамгийн анхны тохиолдол 1993 оны 10-р сард Москва (!) хотод болжээ. Энэ үйл явдлыг түүхэнд 1993 оны төрийн эргэлтийн оролдлого гэж тэмдэглэн үлдээсэн байдаг.Тухайн үед Кантемировын 4-р танкийн дивизийн 12-р торгон цэргийн танкийн хорооны 6 ширхэг Т-80УД танк Оросын Холбооны Улсын Дээд зөвлөлийн барилга буюу "Цагаан Ордны" эсрэг талын Калинины гүүрэн дээр байраа эзэлсэн байна. Өдрийн 12 цагийн үеэд танкнууд тус барилга руу гал нээжээ. Нийтдээ 125 мм-ийн 12 ширхэг сумаар галласан байна.


  Үүний дараагаар Оросын Арми Т-80Б болон Т-80БВ танкнуудыг 1995-1996 онуудад Чечений 1-р дайны үед ашигласан. Оросын цэргийн шинжээчдийн хэлж байгаагаар тухайн үед бүх хуягт техникуудыг нөхцөл байдалд буруу ашиглаж байсан гэжээ. Учир нь тухайн үед Оросын Армийн зэвсэглэлд байсан бүх танкнууд болон бусад хуягт техникүүд нь хот доторх болон уулархаг район дэхь тулалдааны нөхцөл байдалд зориулагдаагүй байсан байна. Уг нөхцөл байдалд ашиглахын тулд хуягт техникуудыг тусгай тоноглолоор тоноглож, багийн гишүүдийг тусгай бэлтгэлд хамруулах ёстой байдаг. Харин тэр үеэд Чеченьд байлдаж байсан дийлэнх техник болон бие бүрэлдэхүүн нь ямарч байлдааны бэлтгэлгүй байсан гэжээ. Дийлэнх танкнууд динамик хамгаалалтгүй байсан учраас их хэмжээний хохирол амсаж байсан байна. Мөн дээр нь хот дотор танк эсэргүүцэх залуурт пуужингуудыг хамгийн эвтэйхэн, ашигтай нөхцөл байдлаас галлаж байсан. Чечений 2-р дайны үед Т-80 танкнууд нь байлдааны ажиллагаанд оролцож байгаагүй. 

Т-84У "ОПЛОТ"
  ЗХУ задарсны дараагаар бараг бүх "ная"-ууд Орос болон Украин улсын нутаг дэвсгэрүүдэд үлдсэн байна. Т-80 танкны сайжруулсан хувилбар болох Т-84 "Оплот" танкийг Украин улс одоо болтол үйлдвэрлэж байгаа бөгөөд одоогийн байдлаар Тайланд улсын зэвсэгт хүчинд нийлүүлж байгаа. Мөн Кипр улсын армийн зэвсэглэлд Т-80У болон Т-80УК загварын 41 ширхэг танк байдаг бол Өмнөд Солонгос улсын армид 80 ширхэг Т-80У танкнуудыг оросын гадаад өрийг барагдуулахаар нийлүүлсэн байдаг юм байна. 
  Т-80У танкны тухай ийм нийтлэл бэлдлээ. Та бүхэн асуух асуулт, санал хүсэлтээ коммент дээр үлдээнэ үү.

7 comments:

  1. Сайхан нийтлэл байна, Т80ын тухай Оросын хуягт танк цувралуудаар үзэж байсан юм байна. Хамгийн асуудал болж байсан нь хийн компрессорт нь тоос орсноор хөдөлгүүр амархан эвдрэх, хэт халах зэргээс болж элсэрхэг нөхцөлд ашиглах боломжгүй болсон гэж байсан.

    ReplyDelete
  2. Дажгүй нийтлэл болжээ. Таалагдлаа

    ReplyDelete
  3. Дажгүй нийтлэл болжээ. Таалагдлаа

    ReplyDelete
  4. байнга уншдаг шүү. Амжилт

    ReplyDelete
  5. Сайхан нийтлэл байна. Харин энэ хийн турбин хөдөлгүүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгвөл сайн байна.

    ReplyDelete
  6. Т 80 460- 790 watxuun xereglen !!! T 72 250-400 watxuun xeregldeg !!! alin zugeer uu ??? 2laa barag ijilxen ix buun xurtel neg !!!

    ReplyDelete