Wednesday, January 20, 2016

АНУ-ын армийн байлдааны үндсэн танк М1А2 "Абрамс"



  Ажиглаад байхад манайхан танканд их дуртай бололтой, хэхэ. Өчигдөр оросын хамгийн сүүлийн үеийн Т-14 "Армата" танкийг танилцуулсан. Харин өнөөдөр түүний шууд өрсөлдөгч гэж хэлж болох америкийн М1А2 "Абрамс" танкийг танилцуулья. Ирээдүйд энэ хоёр буу зөрүүлэх нь бараг л ойлгомжтой байна.






  "Абрамс"-ыг зохион бүтээсэн түүх тэртээ 1963 оноос эхэлсэн. Энэ оныг тогтоогоод аваарай. Тухайн үед НАТО-гийн гишүүн орнуудын зэвсэглэлд нэг маягийн танкийг боловсруулж , зэвсэглэлд нийлүүлэх бодлого хүчтэй байсан үе. АНУ болон ХБНГУ (Холбооны Бүгд Найрамдах Герман Улс) хоёрын хооронд шинэ үеийн танкийг зохион бүтээх гэрээ байгуулагдсан. Д2Д-ы үед зөвлөлтийн танкийн хутга Европ руу ямар хүчтэй түрэн орж ирж байсан дурсамж мартагдаагүй байсан учраас уг ажил маш эрчимтэй явагдаж 1967 оны төгсгөл гэхэд анхны туршилтын МВТ70 нэгж бэлэн болсон байжээ. Харамсалтай нь атлантын далайн хоёр талд байсан хамтрагчуудын БҮТ (Байлдааны Үндсэн Танк)-нд тавигдах шаардлага ондоо байсан учраас уг төсөл эхнээсээ санал зөрүүтэй байсныг дурьдах хэрэгтэй. Жишээ нь америкийн талын хувьд 152 мм-ийн ТЭЗП (Танк Эсэргүүцэх Залуурт Пуужин)-гаар галлах боломжтой их бууг байх ёстой гэж үзэж байсан бол германууд өөрсдийн тусгайлан зохион бүтээсэн 120 мм-ийн их буугаа тавих сонирхолтой байж. Дээрээс нь тооцоонд чямбай германуудыг шинэ танкийн өртөг айлгаж орхиж. Учир нь шинэ танкийн өртөг тухайн үед шинэвтэр байсан Leopard 1 танкнаас даруй хоёр дахин их үнэтэй байсан. Эцэст нь 1973-1975 онуудад цувралаар үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан танкийг зохион бүтээх ажил 1969 оны сүүл гэхэд бүрэн зогссон юм.





  Германууд энэ санааг хаясан бол америкууд эсрэгээрээ МВТ70 танкан дээр үндэслэсэн шинэ үеийн танкийг боловсруулах хөрөнгө, санхүү гаргаж өгөхийг цэргийнхэн конгрессоос хүсчээ. Америкийн конгресс хаа очиж улс орондоо хэрэгтэй, шаардлагатай гэсэн юманд харин гар татдаггүй. Ингээд ХМ803 нэртэй шинэ танкийг зохион бүтээсэн ч өмнөх МВТ70-аас ердөө 100 мян. доллараар л хямдхан болж таарсан учраас 1971 оны 11-р сард АНУ-ын конгресс санхүүжилтийг хаасан байна. Гэхдээ шинэ үеийн танкийг зохион бүтээх ажил нь нэн тэргүүний шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Үүний дүнд 1972 онд хошууч-генерал Уилльям Десобригээр удирдуулсан тусгай шинжилгээний хэлтэс бий болж шинэ үеийн танкад тавигдах шаардлагуудыг тавьсан байна. Үүнээс дурьдвал танкийн багийн гишүүд амьд үлдэх боломж өндөр байх, газар нутгийг болон байг хайх, хянах өргөн боломжтой байх, байг эхний буудалтаар устгах, онилох болон байг устгах хоорондын цаг хугацаа бага байх, хурдаа богино хугацаанд авч бууруулж чаддаг байх г.м. 




  Эцэст нь ийм хоёр шаардлагад нийцсэн танк болох ХМ1-ийг зохион бүтээх ажлыг 1974 онд Chrysler болон General Motors хоёр компанид зэрэг санал болгосон байна. Маш өндөр ачаалалтай ажилсны дүнд 1976 онд тус хоёр компани өөрсдийн танкуудаа танилцуулсан байна. General Motors компаний танк нь өмнөх ХМ803 танкын гүн сайжруулсан хувилбар байжээ. Харин Chrysler компаний загвар сонгодог бүрэлдэхүүн хэсгийг хадгалсан илүү орчин үеийн танк байсан. Хэдийгээр америкийн цэргийнхэн сонголтоо хийсэн байсан боловч улс төрийн нөхцөл байдал нөлөөлж эхэлжээ. Учир нь энэ үед НАТО-гийн гишүүн орнууд америкийн алсын зайн радиолокацын илрүүлэлтийн AWACS системийн Е-3А "Сентри" нисэх онгоцыг зэвсэглэлдээ авсан байж. Хариуд нь германы тал америкуудад Leopard 2-ыг мөн адил НАТО-гийн зэвсэглэлд нэгдсэн журмаар хүлээн авах хатуу шаардлагыг тавихад хүргэсэн байна. Америкийн БХЯ цэргийнхны дургүйцлийг үр харгалзан Leopard 2 танкийн өөрийн шинэ танктай харьцуулах туршилт хийх шийдвэр гаргаж. Туршилтын дүнд Leopard 2 нь галын удирдлагын илүү боловсронгуй системтэй боловч хуяглалт муутай байгаа нь ажиглагдсан байна. Тэгээд ч АНУ-д угсарсан Leopard 2-ын өртөг ХМ1-ээс даруй 25%-иар илүү үнэтэй болж таарчээ. Ингээд эцэст нь хоёр тал зөвхөн тусдаа эд ангиудыг адилхан байлгах тал дээр тохиролцсоно байна. Тэр дунд хамгийн чухал нь америкийн ХМ1 танкууд германы Rheinmetall үйлдвэрийн 120 мм-ийн шулуун голт их буугаар, харин Leopard 2 танкуудад америкийн AGT-1500 хийн турбинэн хөдөлгүүрийг тавих болсон байна. Энэ үед Chrysler компани шуурхай хөдөлж өөрийн танкан дээр цаашдаа 120 мм-ийн их бууг суурьлуулах боломжтой байхаар цамхагаа өөрчилсөн байна. 


  Ингээд 1976 оны сүүлд Chrysler компани албан ёсоор АНУ-ын армийн шинэ танкийг үйлдвэрлэх ялагч болжээ. Анхны цуврал үйлдвэрлэлийн танкууд 1980 онд Lima Tank Plant улсын үйлдвэрээс үйлдвэрлэгдэн гарсан байна. Шинэ танкийг Д2Д-ны үед танкийн батальон командалж байсан бөгөөд дараа нь Вьетнамыг дайны үед америкийн цэргийн ажиллагааг удирдаж байсан генерал Крейтон Абрамсийн нэрээр М1 General Abrams гэж нэрлэжээ. "Абрамс" нь моторын-дамжуулах суурийн хэсэг ардаа байрласан сонгодог тоноглолтой. Удирдлагын хэсэг нь их биений урд хэсгийг эзэлдэг бөгөөд жолооч хагас суугаа байрлалтай урд хэсэгт, үлдсэн багийн гишүүд цамхагт байрлана. Танкны их бие болон цамхаг гагнууран холбоосон холбогдсон. Их биений духны хэсгийн хуяглалт олон давхраган төрлийнх. Дээд талын хуягны зузаан 50-125 мм-ийн хооронд хэлбэлзэх бол хажуу талын хуягны зузаан 60 мм. Цамхагны хуяглалт мөн 50-125 мм-ийн хооронд хэлбэлзэнэ."Абрамс" нь хийн турбинэн AGT-1500 хөдөлгүүртэй. Үйл олноор хөнөөх зэвсгээс хамгаалсан хамгаалалттай. Мөн гал унтраах болон усан доор жолоодох төхөөрөмжийг тоноглож өгсөн байдаг. 




  "Абрамс"-ыг үйлдвэрлэж эхэлсэн цагаас нь эхлэн сайжруулж байсан. Энд нэг зүйлийг онцолход америкууд өөрийн оролцож байгаа болон бусад орнуудад болж байгаа дайн, тулааны туршлагыг маш сайн тусгаж авдаг бөгөөд тухай бүрт нь сайжруулалт хийдэг. Жишээ нь М1А2 SEP V2 дээр "тоон" удирдлагад шилжүүлсэн байдаг бол Иракийн 2003 оны дайны дараагаар хот доторх байлдааны ажиллагаанд зориулсан М1А2 TUSK хувилбарыг хийсэн байх жишээтэй.


  Одоо харин хамгийн чухал хэсэг. "Абрамс"-ууд анхны "дарийн утаа"-гаа Персийн булангийн дайны үед буюу "Цөлийн бамбай" болон "Цөлийн шуурга" ажиллагааны үед "үнэрлэсэн" юм. Тухайн үед Саддам Хуссейны тэргүүлсэн Ирак улс Кувейт улс руу довтолж НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн шаардлагыг биелүүлхээс татгалзсаны улмаас олон үндэстний зэвсэгт хүчнүүд байлдааны ажиллагааг эхлүүлсэн. Тухайн үед фронтын шугамын хоёр талд тус бүр хагас сая хүнтэй, олон үндэстний хүчин 3500 танктай байсан бол Иракийн тал 3700 танктай байсан байна. Үүнээс америкийн "Абрамс" танкууд нийтдээ 1223 ширхэг байсан бөгөөд Саудын Арабт "нөөцөнд" 594 ширхэг байсан. Харин Иракийн танкчдын хувьд нөхцөл байдал тйим ч сайн байгаагүй. Учир нь иракийн армийн дийлэнх танкууд нь зөвлөлтийн Т-55, хятадын Type 59 болон Type 69-тэй байсан. Харьцангуй шинэ гэж хэлж болох Т-72-ууд иракийн зэвсэгт хүчний стратегийн хориглолтын гуравдахь шугаманд буюу Бүгд найрамдах гвардийн дивизийн анги нэгтгэлүүдэд байжээ. Эцсийн дүнд иракийн талаас 1370 танк болон 1224 хуягласан байлдааны техникүүд устгагдсан бол америкийн талаас ердөө 9 ширхэг М1А1-үүд устгагдсан байдаг. Эндээс ердөө 7-г нь иракийн танкчид оносон/устгасан? байна. 

М1 "Абрамс" болон Т-72 танкнууд

  Дүгнээд хэлэхэд америкийн танк болон танкчид маргаангүй сайн байна. Гэхдээ америкийн талд маш хүчтэй агаарын цэргийн хүчин байсан гэдгийг мартаж болохгүй. Дайны дараа америкийн АЦХ нь иракийн нийт танкийн 40%-ийг устгасан гэсэн статистик байдаг. Мөн иракийн танкчдын бэлтгэл, сургалт сул байсан бөгөөд байнгын агаарын довтолгооны улмаас байлдах эр зориг нь мохсон байсныг мөн дурьдах хэрэгтэй. "Цөлийн шуурга" ажиллагаа нь "Абрамс"-ын хувьд ялалтын дууль байсан гэхэд хилсдэхгүй.


  Харин 2003 онд болсон Иракийг чөлөөлөх дайны үед фронтын шугам дээр "гялалзаж" байсан "Абрамс"-ууд хот доторхи байлдааны ажиллагаанд бусдуудтайгаа адил эмзэг болох нь нотлогдсон юм. 
  Хамгийн эхэнд би 1963 оныг тогтоогоод аваарай гэж хэлж байсан. Үүний учир нь тэртээ 1963 онд тавигдсан шаардлагын дүнд бий болсон "Абрамс" танкийг америкийн зэвсэгт хүчинд 2040 он хүртэл ашиглах төлөвлөгөөтэй байдагт оршино. "Абрамс" танкны сайжруулалтын нөөц одоо болтол шавхагдаагүй байгааг харуулж байгаа хэрэг. 


  Би энд орос болон америкийн танкуудын аль нь сайн бэ гэсэн асуултын хариултыг гаргах гээгүй юм шүү. Ямар ч л байсан "Абрамс"-тай адил үед зохион бүтээгдсэн Т-80 танк удахгүй оросын зэвсэглэлээс хасагдах гэж байгаа. Оронд нь Т-14 "Армата"-г авна. Хэрвээ Т-80-ыг сайжруулах боломжтой байсан бол Т-14-ийг хийх шаардлагагүй байсан биз. Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол, та бүхэн ямар бодолтой байгаагаа бичээрэй.
М1"Абрамс" болон Т-14 "Армата" танкнууд


No comments:

Post a Comment