Wednesday, January 20, 2016

Хойд Солонгосын баллистик пуужингийн технологийн хөгжлийн түүх


  БНАСАУ нь өөрийн тийрэлтэт пуужингийн техникийг 1960 оны төгсгөл - 1970 оны эхнээс боловсруулж эхэлсэн юм. Хойд солонгосын пуужингийн төхөөрөмжүүдийн үндсэн суурь нь ЗХУ болон БНХАУ-ын үйлдвэрлэлийн пуужингууд байсан боловч 1990 он гэхэд дунд зайн баллистик пуужин болон сансрын тээвэрлэгч-пуужингуудын өөрийн технологитой болчихсон байсан. 2012 онд БНАСАУ нь дотроо хиймэл дагуултай "Ынха-3" тээвэрлэгч-пуужинг амжилттай хөөргөж чадсан бөгөөд сансрын аппаратыг өөрийн тээвэрлэгч-пуужингаар хөөргөж чадах 10 дэхь сансрын гүрэн болсон юм. Сүүлийн арван жилүүдэд Хойд Солонгос нь өөрийн зэвсэгт хүчнээ пуужингийн техникээр идэвхтэй зэвсэглээд зогсохгүй пуужингийн технологийн томоохон экспортлогч болон хувирсан. 




  БНАСАУ-ын цэргийн зориулалттай баллистик пуужингууд нь "Хвасон (Ангараг)" гэсэн ерөнхий нэршилтэй байдаг бол АНУ болон Өмнөд Солонгосын нэршлээр "Нодон" болон "Тепходон" гэсэн нэртэй байдаг бөгөөд уг нэрсээрээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд голчлон дурьдагддаг. Сүүлийн 20 жилийн пуужингийн техникийн тухай маш бага мэдээлэл байдаг бөгөөд гадаадын цэргийн шинжээчид голчлон пуужин хөөргөхөд бэлэн болгосон хиймэл дагуулын зураг болон БНАСАУ-ын цэргийн техникийн парадуудын зураг болон бичлэг дээрээс үндэслэсэн байх нь элбэг.

"Тепходон-2" баллистик пуужин

  "Хвасон-5" пуужингийн цогцолбор нь 320-340 км-ийн хамгийн их алслалттай бөгөөд ЗХУ-ын 9К72 "Эльбрус" цогцолборын 8К14 (Р-17, Р-300) пуужингийн суурин дээр боловсруулагдсан. Сайжруулалт хийгдсэний дараагаар алслалт нь 700 км хүртэл ихэссэн бөгөөд "Хвасон-6" нэртэйгээр БНАСАУ-ын зэвсэглэл дэхь үндсэн пуужин болсон. Уг пуужингаар БНАСАУ-ын Дээд Командлалын пуужингийн дивизионы бүрэлдэхүүн дэхь пуужингийн хороо зэвсэглэсэн байдаг. Шинжээчдийн үзэж байгаагаар БНАСАУ-д 80-90 онуудад 1000 ширхэг "Хвасон-6" пуужин үйлдвэрлэгдсэн гэж тооцдог бөгөөд эдгээрээс 300-400 ширхэг нь Египет, Иран, Сири, Вьетнам болон батлагдаагүй мэдээллээр Ирак, Судан, Куба зэрэг улсууд руу экспортлогдсон. Тэр дундаа Иранд 100-200 ширхэг "Хвасон-6" пуужин болон тэдгээрийг хөөргөх 6-12 ширхэг хөдөлгөөнт хөөргөх төхөөрөмж нийлүүлэгдсэн бөгөөд "Шахаб-2" нэртэйгээр Ираны зэвсэглэлд орсон. Дээр нь уг пуужингийн үйлдвэрлэлийн технологи зарагдсан гэдэг.

"Хвасон-5" баллистик пуужингийн харвах төхөөрөмж

"Хвасон-5" баллистик пуужин

  1990 онуудад гадаадын орнуудад "Нодон (Хөдөлмөр)" нэрээр нэрлэгддэг "Хвасон-6"-ийн сайжруулсан хувилбарыг боловсруулсан байна. Тус улсын улс төрийн хаагдмал байдалтай холбоотойгоор уг пуужингийн талаар маш цөөхөн мэдээлэл байгаа. Таамаглаж байгаагаар уг пуужинг боловсруулхад ЗХУ болон БНХАУ-ын эрдэмтэд оролцсон бөгөөд БНАСАУ уг пуужинг экспортлосноор ираны "Шахаб-3" болон пакистаны "Гаури" цогцолборууд бий болсон. "Нодон-1" пуужингийн хамгий их алслалт нь 1500 км хүртэл ихэсгэгдсэн бөгөөд энэ нь Токио эсвэл Тайбэй хүрэх боломж олгож байгаа юм. Өөрөө явагч хөөргөх төхөөрөмж нь ЗХУ-ын бүрэн хөтлөгчтэй ачааны хүнд МАЗ-543 машины Хойд Солонгосын хуулбар дээр байрладаг бөгөөд зөвлөлтийн "Эльбрус" пуужингийн цогцолборын бүрэлдэхүүнд байдаг тоноглолууд хадгалагдсан байдаг юм байна. "Нодон-1" пуужинг 1994 онд зэвсэглэлд авсан бөгөөд 2000 оны эхэн үед энэ төрлийн 100 хүртэл тооны пуужинг үйлдвэрлэсэн гэсэн.
  2000 оны эхэнд БНАСАУ-ын зэвсэглэлд "Мусудан" ("Нодон-2") баллистик пуужингууд нийлүүлэгдсэн. Анх 2010 оны 10-р сарын 10-ны цэргийн параданд дээр нийтэд ил дэлгэн үзүүлсэн бөгөөд МАЗ-547 төрлийн зургаан тэнхлэгт явах эд ангийн суурийн дээр хөдөлгөөнд харвах төхөөрөмжийг суурьлуулсан байсан. Таамаглаж байгаагаар "Мусудан"-ы алслалт 2500-4000 км. Үйлдвэрлэгсдэн нарийн тоо мэдэгдэхгүй байгаа бөгөөд ойролцоогоор хэдэн арваас 200 хүртэл байх магадлалтай.
  2012 оны Пхеньянд болсон парад дээр тив алгасагч шинэ баллистик пуужин"Хвасон-13" ("Нодон Си")-г дэлгэн үзүүлсэн байсан. 17 метрийн урт пуужингийн харвах цогцолбор нь хятадын WS51200 явах ангийн суурийн дээр байрлагдсан (Оросын "Тополь-М" пуужинг тээвэрлэхэд ашигладаг МАЗ-ийн явах ангийн суурьтай адил). Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны сайдын мэдэгдэж байгаагаар "Хвасон-13"-ын алслалт 5000-6000 км гэсэн байна.

"Хвасон-13" буюу "Нодон-Си"

"Хвасон-13" буюу "Нодон-Си"

  БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөрийн тухай товчхондоо гэвэл ийм байна. Блогны уншигчдад ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Тодруулах зүйл байвал асуугаарай, манайхаан.

1 comment:

  1. Хвасон-13 хвасон-5 хоёрын чин зураг нь адилхан юм уу да

    ReplyDelete