Wednesday, January 20, 2016

Оросын стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц Ту-95 "Баавгай"

 Ту-95 нь домогт гэж нэрлэгдэж болохоор нисэх онгоц. Дэлхийн хамгийн хурдан сэнсэн хөдөлгүүртэй онгоцнуудын нэг бөгөөд "Хүйтэн Дайн"-ы бэлгэ тэмдэг болон хувирсан. Америкийн В-52 болон оросын Ту-95 хоёр нь хагас зууны туршид зэвсэглэлд байсаар байгаа цөөхөн цэргийн нисэх онгоцнуудын төлөөлөгч нар. 



  1950-иад оны улс-төрийн нөхцөл байдал хурцадмал байсан учраас (Берлиний хямрал, Солонгосын хойгийн дайн, Суэцийн дайн г.м.) Зөвлөлтийн удирдагч нар өндөр хурдны алсын зайн бөмбөгдөгч зохион бүтээх үүргийг гаргасан бөгөөд алдарт зохион бүтээгч Туполевын ЗБТ (Зохион Бүтээх Товчоо) уг ажлыг удирдаж байсан юм. Үндсэн зориулалт нь цөмийн пуужингийн зэвсэглэл ашиглан цэрэг-газар зүйн алслагдмал районуудад байрласан чухал объект, байнуудыг устгах болон эх газрын байлдааны ажиллагааны орон зайд цохилт өгөхөөр зориулагдсан. Х-15 болон Х-55 далавчит пуужингаар зэвсэглэсэн Ту-95МС нь ОХУ-ын стратегийн нисэх хүчний гол цөмийг бүрдүүлдэг. 


    Х-101 пуужин нь өмнөх загвар болох Х-55-тай харьцуулахад радарт илрэгдэх магадлал бага бөгөөд цохилт өгөх алслалт их болсон зэрэг давуу талтай юм байна. Мөн байршил тодорхойлох ГЛОНАСС системээр онилогдох боломжтой. Барууны хэвлэлүүдээр уг пуужингийн алслалт нь 10000 км хүрэх учраас онолын хувьд Москвагаас АНУ-ын дурын цэгт цохилт өгөх боломжтой гэсэн байна. Мөн цөмийн цэнэгт хошуутай хувилбар болох Х-102 нь 250 килотонн чадалтай цөмийн цэнэгт хошуу тээж боломжтой учраас Пентагон үүнд санаа зовж байгаа тухай ч дурьджээ. 
  Бүхээг дотроо тус бүр нь 200 килотонны чадалтай цөмийн цэнэгт хошуу бүхий 6 ширхэг далавчит пуужинг, далавчин доороо ахиад 10 ширхэгийг байрлуулах боломжтой. Харьцуулалт хийж үзвэл 1945 онд Нагасакид хаясан америкийн цөмийн бөмбөг 21 килотонных байсан бөгөөд 60-80 мянган хүний амийг авч одсон. Өөрөөр хэлбэл 160 Нагасакиг устгах боломжтой цөмийн зэвсэг ганцхан нисэх онгоцонд багтсан гэсэн үг.ЗХУ задарснаас хойш оросын стратегийн нисэх хүчин байнгын жижүүрлэлтээ зогсоосон байсан бөгөөд 2007 оноос эхлэн эргээд дэлхийн агаарын орон зайд жижүүрлэлтээ хийж эхэлсэн. 


  Манайхан бараг мэдэж байгаа байлгүй, сүүлийн жилүүдэд Ту-95 дэлхийн өнцөг булан бүрт гэнэт гарч ирж хүмүүсийг айлгаж байгаа. Нэг бол Японы ойролцоо гараад ирнэ, эсвэл Их Британы агаарын хилтэй зэрэгцээд эсвэл Аляскын ойролцоо ил гарна. 2008 онд оросын хоёр Ту-95 Японы ойролцоо байрлаж байсан АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч "Нимиц" хөлөг онгоцны дээгүүр 600 м-ийн өндөрт нисэж өнгөрсөн байдаг. Америкийн далайчид арай л өмдөндөө туугаагүй тухай оросын блогчид тухайн үед их хөгжилтэй дүрсэлсэн байдаг юм. 



  Хэдийгээр музейн үзмэр юм шиг санагдаж болох ч сайжруулалт, шинэчлэлт хийх замаар 2040 он хүртэл ОХУ-ын Алсын Зайн Агаарын Хүчний зэвсэглэлд байх юм шүү. Тактик техникийн үзүүлэлттэй нь дүрсэн мэдээллээс танилцаарай.


No comments:

Post a Comment