Өнөөдөр та бүхэндээ оросын Су-24М фронтын (тактикийн) бөмбөгдөгч онгоцыг танилцуулж байна. Энэхүү бөмбөгдөгч онгоц нь Су-34 бөмбөгдөгч онгоцтой хамт Сири дэхь оросын цэргийн ажиллагааны гол ажлыг "нугалж" байгаа юм.
Су-24 нь байгаль, цаг уурын ердийн болон хүнд нөхцөл байдалд, өдөр болон шөнийн цагт, газрын болон усан дээрх байг онилож устгахад зориулагдсан, далавчныхаа геометр хэмжээг өөрчлөх боломжтой бөмбөгдөгч нисэх онгоц. Америкийн F-111 тактикийн бөмбөгдөгч нисэх онгоцыг хуулбарласан гэж тооцдог боловч бүрэн хуулбарласан гэж хэлэх боломжгүй. Гэхдээ "Сухой" ЗБТ-ийн инженер О.С.Самойлович Су-24-ийг бүтээхэд 1967 онд Ле-Бурже авиасалоны тавигдсан F-111-ийн нарийвчилсан фото зургууд тун их хэрэг болсон гэж дурьдатгалдаа бичсэн байдаг.
1970 оны 1-р сарын 17-нд анхны нислэгээ хийсэн. 1975 оны 2-р сарын 4-нд ЗХУ-ын Зэвсэгт Хүчний зэвсэглэлд орсон.Су-24М нь нийтдээ 770 ширхэг үйлдвэрлэгдсэн байдаг. Афганы дайн, Карабахын дайн, Таджикистаны иргэний дайн, Чечений 1 ба 2-р дайн, Өмнөд Осетийн дайн, Ливийн иргэний дайнуудад ашиглагдаж байсан. Хамгийн сүүлийн байдлаар Сирийн иргэний дайнд Орос болон Сирийн агаарын цэргийн хүчний бүрэлдэхүүнд цэргийн ажиллагаа гүйцэтгэж байгаа билээ. Ер нь бол нилээн нарийн, хэцүү техникт тооцогддог.
ОХУ-ын АЦХ-ний ерөнхий командлагчийн орлогч Виктор Котын хэлснээр Су-24 нисэх онгоцтой холбоотойгоор 1998 байдлаар хамгийн их осол гарсан гэж мэдэгдэж байсан.
Одоогийн байдлаар ОХУ, Украин, Алжир, Узбекистан, Иран, Сири, Ангол, Казахстан, Азербайжан улсуудын зэвсэглэлд байгаа.
Сирийн Хмеймим агаарын баазад 2015 оны 9-р сараас 12 ширхэг Су-24М бөмбөгдөгч онгоц байлдааны нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд 11-р сарын 24-нд уг онгоцуудын нэгийг нь Туркийн АЦХ-ний F-16 сөнөөгч онгоц агаарын хил зөрчсөн гэсэн шалтгаанаар устгасан билээ. Уг үйл явдлаас үүдэлтэйгээр ОХУ ба Бүгд Найрамдах Турк Улсуудын харьцаа муудаж, тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна.
No comments:
Post a Comment