Thursday, June 30, 2016

Зөвлөлтийн Т-62 дунд танк (2-р хэсэг)

  Т-62 танкны тухай цувралын 2-р хэсгийг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаад Т-62 танкны байлдааны ажиллагаанд хэрхэн ашиглагдаж байсан талаар нийтлэл бэлдлээ.



     Чехословак: "Дунай" ажиллагаа


  Т-62 нь гарсан даруйдаа барууны цэргийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан. Гэсэн ч удаан хугацааны туршид гэрэл зургийг нь олж авч чадаагүй юм. Зөвлөлтийн олон нийтэд Т-62 танкийг анх удаа 1967 оны 11-р сарын 07-нд болсон цэргийн парадын үеэр үзүүлсэн байдаг. Харин европын орнууд нэг жилийн дараа буюу 1968 оны 08-р сарын 21-нд шилжих шөнө Варшавын гэрээний орнууд Чехословак руу орох "Дунай" ажиллагааны үеэр мэдсэн байна. Тус ажиллагаанд оролцож байсан Зөвлөлтийн Армийн танкийн анги нэгтгэлүүдэд Т-62 танкууд байсан байна. Чехословакийн арми эсэргүүцэл үзүүлээгүй учраас хохирол амсаагүй юм.

   Даманы арал: Зөвлөлт-Хятадын хил дээрх мөргөлдөөн  

  Жинхэнэ утгаараа тулааны талбарт Т-62 танкийг анх хятадын АЧА-ийн цэргүүдийн эсрэг ашигласан байдаг. 1969 оны 03-р сарын 02-нд шилжих шөнө 300 орчим хятадын цэргүүд Уссури голын Даманы арлыг эзлэн авч галын цэгүүд байгуулж эхэлсэн байна. Улсын хилийг давсан хил зөрчигчдийг гаргах гэсэн зөвлөлтийн хилчдийн оролдлого харамсалтайгаар дуусч хятадын цэргүүд зөвлөлтийн цэргүүдийг буудсан байдаг. Тулалдааны үеэр зөвлөлтийн хилчид араас ирсэн нэмэлт хүчний тусламжтайгаар арлыг буцаан эзэлж хамгаалалтанд орсон байна. Арлыг эзлэх гэсэн хятадын талын оролдлого зогсохгүй байсан учраас 03-р сарын 12-нд тулалдаан болж байсан газарт Алс дорнодын цэргийн тойргийн 135-р Номхон далайн Улаан тугийн одонт мотобуудлагын дивизийн мотобуудлагын болон артиллерийн хороо, танкийн батальон болон БМ-21 "Град" шуурган галын системийн дивизион ирсэн байна. Гэсэн ч хилчид нуувчиндаа 03-р сарын 14 хүртэл байсан бөгөөд гэнэт - Даманы арлыг орхи гэсэн тушаал авчээ. Хятадын тал арлыг эзэлсэн боловч удаагүй, учир нь 03-р сарын 15-нд Даманы арлыг бууцан эзэл гэсэн тушаал Москвагаас ирсэн учраас арал буцаад зөвлөлтийн талд шилжсэн. Гэтэл 15-ны өглөө хятадын цэргүүд артиллери болон танкийн дэмжлэгтэйгээр арал руу довтолжээ. Хятадын артиллери өөрийн нутаг дээрээ байсан учраас зөвлөлтийн хилчид артиллерийн дэмжлэгэгүй үлдсэн байна. Алс дорнодын цэргийн командлал Москвагаар хятадын эрэг руу гал нээх зөвшөөрөл хүсэж байх хооронд хилийн отрядын хурандаа Д.Леоновын ахалсан 3 ширхэг Т-62 танктай отярд хятадын ар тал руу цохилт өгөхөөр гарчээ. Т-62-ууд Уссурийн мөсөн дээр гарч Даманы арлын орчимд эргэснээр хятадын цэргүүдэд амархан бай болон хувирсан байна. Хятадын цэргүүд РПГ-7-оор толгойд явж байсан танкийг оносон байна. Багийн бүх гишүүд амь үрэгдсэн бөгөөд үлдсэн хоёр Т-62 танк ухаржээ. 




  Москвагаар хятадын эрэг руу цохилт өгөх зөвшөөрөл орой л гэхэд ирсэн бөгөөд 03-р сарын 17-нд 122 миллиметрийн гаубиц болон "Град" төхөөрөмжийг дивизионууд Даманы арал болон хятадын нутаг дэвсгэр руу 7 км-ийн гүнд хүчтэй цохилт өгсөн байна.Үүний дараагаар 199-р Верхнеудинскийн мотобуудлагын хорооны 2-р батальон Т-62 танкнуудын дэмжлэгтэйгээр давшилтанд оржээ. Ширүүн тулалдааны дараагаар арлыг бүрэн чөлөөлсөн байна. Гэхдээ оногдсон танк Даманы арал болон хятадын эргийн завсар үлдсэн хэвээр байж. Оногдсоно танкийг нүүлгэн шилжүүлэх гэсэн оролдлогууд амжилтгүй болж хятадын талд алдахгүйн тулд тогтмол тус районд артиллерийн цохилт өгсөн байна. Үүний дүнд метрийн зузаантай мөс цөмөрч танк живсэн. Албан ёсоор нууцыг хадгалах арга хэмжээ авагдсан боловч зөвлөлтийн командлал хятадын тагнуулчид танк оногдсон шөнөдөө дотор нь орж ТШ 2Б-41 онилгоо болон хуяг нэвтлэх хэд хэдэн сумыг авсыг мэдээгүй байна. 5-р сард хятадууд живсэн танкийг гарган авсан бөгөөд дараагаар нь Т-62 танктай тун адил Type-69 танкийг хийсэн байдаг. 

Type 69

  Одоогийн байдлаар дээрх зөвлөлтийн Т-62 танк нь Бээжин хот дэхь Цэргийн-хувьсгалын музейд хадгалагдаж байгаа.

     Афганистан: Афганистаны дайн


  Дараагийн удаа 10 жилийн дараа Т-62 танкнууд нь Афганистанд ашиглагдаж байсан. 40-р армийн танкийн ангиудыг дийлэнхдээ Т-62 танкаар зэвсэглэсэн 5-р гвардийн мотобуудлагын дивизийн 24-р гвардийн танкийн хороо, 108-р мотобуудлагын дивизийн 285-р танкийн хороо болон 201-р мотобуудлагын дивизийн 234-р танкийн хороо, мөн түүнчлэн мотобуудлагын хороо ба бригадуудын танкийн батальонууд бүрдүүлж байжээ. Афганистан дэхь танкчид танк ашиглахад огт тохирохгүй газар нутагт тэднийг бэлтгэж байгаагүй даалгаварыг гүйцэтгэж байсан гэдгийг онцлох хэрэгтэй юм. Танкнуудыг үндсэндээ шалган нэвтрүүлэх цэгүүд дэхь хөдөлгөөнт галын цэгээр ашигласан байдаг. Түүнээс гадна цуваануудыг хамгаалах оролцдог байжээ. Эсрэг талын довтолгооны үеэр танкнууд замаас гарч машинуудыг галаар хамгаалан аюултай хэсгээс гаргадаг байсан байна. Мөн танкнуудыг тухайн газар нутгийг хаах болон самналт хийх үед хэрэглэж байж. Танкнууд өөрийн хуягаараа мотобуудагчид болон десантчидыг хамгаалж, их буу болон гинжээрээ онц чухал байнуудыг устгаж байсан байна. Эсрэг талд, ялангуяа эхэн үед шөнийн харааны хэрэгсэл байхгүй байсан учраас Т-62-ууд онц чухал обьектуудыг шөнийн гэнэтийн цохилтоор эзлэн авахад ашиглагдаж байсан. Т-62-ын шөнийн хараа 800 метр газарт харах боломжтой байсан юм. Жишээ нь 1982 оны 12-р сард танкийн нэг рот шөнийн турш марш хийж Панжерын хавцал дэхь Пажнер голын гарам дээрх эсрэг талын хүчтэй хамгаалалтыг шууд довтолсон байна. Тулалдааныг зөвхөн шөнийн харааны багаж ашиглан явуулсан. Мужахидууд дайрч буй талынхныг харахгүй байсан учраас шууд зугтацгаасан байна.


  Хэдийгээр тухайн үед Т-64, Т-72, Т-80 гэсэн илүү орчин үеийн загварууд байсан ч гэсэн зөвлөлтийн цэргийн командал эсрэг талд танк байхгүй учраас Афганистанд Т-62 байхад хангалттай гэж зөв шийдвэр гаргасан юм. Гэсэн ч удалгүй Афганистанд их хэмжээний танк байх шаардлагагүй гэдэг нь ойлгомжтой болж 1986 онд танкийн хороонуудын зарим хэсэг нь буцаад ЗХУ-ын нутаг дэвсгэр руу татагдсан. Гэхдээ мотобуудлагын хороонуудын танкийн батальоны бүрэлдэхүүн дэхь Т-62 танкнуудыг 40-р арми 1986 он хүртэл ашигласан байдаг.
  Зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргах үйл явц 1988 оны 05-р сарын 15-аас 1988 оны 08-р сарын 15-ны хооронд хоёр үе шаттайгаар явагдсан. Эхний шатанд буюу 1988 ооны 05-р сарын 15-аас 08-р сарын 15-ны хооронд ЗХУ-ын нутаг дэвсгэр руу 110 ширхэг Т-62 танк гарсан бол хоёрдахь шатанд буюу 1989 оны 01-р сарын 13-нд эхэлсэн ажиллагаагаар 202 ширхэг Т-62 танк болон бусад олон тооны байлдааны техник гаргагдсан юм. 

  Афганистан дэхь байлдааны ажиллагааны үеэр танкнууд харьцангуй бага хохирол амссан бөгөөд хамгийн оргил үе нь 1980-1984 онуудад байсан бол 1986-1989 онуудад мэдэгдэхүйц буурсан юм. Нийтдээ Афганистанд зөвлөлтийн цэрэг байрласан 9 гаруй жилийн туршид байлдааны гэмтлийн улмаас 1340 ширхэг Т-62 танк ашиглалтнаас гарсан байдаг. Гэхдээ энэ тоо нь харьцангуй ойлголт гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зөвхөн байлдааны гэмтлийн улмаас ашиглалтнаас гарсан танкнуудын тоо бөгөөд зарим тохиолдолд нэг танк хэд хэдэн удаа гэмтэл авч байсан гэсэн үг юм. Харин бүрэн устгагдсан тооны хувьд : 1980 онд - 60, 1981 онд - 100, 1982 онд - 40, 1983 онд - 30, 1984 онд - 35, 1985 онд - 30, 1986 онд - 40, 1987 онд - 20, 1988 онд - 25, 1989 онд - 5 ширхэг Т-62 танк устгагдсан байна. Ингээд эцэст нь Афганистанд нийт 385 ширхэг Т-62 танк устгагдсан байна. Хамгийн гол нь Зүүн Европын тулалдааны талбарт зориулсан танкнууд нь Афганистаны цаг уурын нөхцөлд болон уулархаг-элсэрхэг газар нутагт тохиромжгүй байсан нь гол асуудал байжээ.

     Ичкерийн Чечений Бүгд Найрамдах Улс: Чечений 1-р дайн


  Афганистаны дараа Т-62 танкнууд нь Оросын Дотоодын цэргийн бүрэлдэхүүнд Чечений 1 болон 2-р дайнуудад ашиглагдсан. Гэхдээ Т-62 танк нь Умард Кавказад арай эрт ашиглагдсан баримт байдаг. 1994 оны зун Дудаевын дэглэмийн сөрөг хүчний бүлэглэлүүд оросын талаас 10 ширхэг Т-62 танк болон 10 ширхэг БТР-60ПБ-г авсан. Чеченүүд ийм бэлгэнд сэтгэл хангалуун бус байжээ. Учир нь тэдний бодлоор уг техникууд нь аль дээр төмрийн хогонд өгөгдөх ёстой байсан гэж үзэж байж. Гэсэн хэдий ч 1994 оны намар дудаевын гвардийнхантай хийсэн тулалдаанд маш идэвхитэй ашиглагдаж байсан юм.
  2000 оны 08-р сард Басаевын дайчид Дагестан руу дайрсан бөгөөд тус бүгд найрамдах улсыг хамгаалахад оросын Дотоодын цэргийн 100-р дивизийн 93-р механикжуулсан хорооны Т-62-ууд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Дээрх цэргийн ангид ойролцоогоор 60 ширхэг танк байсан бөгөөд эдгээр нь эсрэг талын РПГ-ний галд маш эмзэг байсан учраас багийн гишүүд нь элстэй шуудай, гуалин зэргийг ашиглан техникээ хамгаалахыг оролдож байсан байна. Одоогийн Сири дэхь засгийн газрын хүчний танкууд нь элстэй шуудайны өлгүүр шиг болсон туршлага нь өмнө байсан л зүйл. 

    Бүгд Найрамдах Чечень Улс: Умард Кавказ дэхь терроризмын эсрэг ажиллагаа                                                           (Чечений 2-р дайн) 


  Чечений 2-р дайны үеэр Чечень руу үлэмж хэмжээний хуягт техник явуулсан байдаг. Тухайн үед Чеченьд байсан 370 танкнуудын хэд нь Т-62 ба Т-62М байсан бэ гэдгийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан Т-62М танкаар зэвсэглэсэн хамгийн алдартай цэргийн анги нь хурандаа А.Будановын командалсан Сибирийн цэргийн тойргийн 160-р гвардийн танкийн хороо байсан юм. Мотобуудлагын анги нэгтгэлүүдийн араас явж байсан танкнууд эсрэг талын галын цэгүүдийг устгаж байжээ. Терскийн нурууг давсны дараагаар танкуудын хувьд ширүүн тулалдаан эхэлж Керлаюртын доор эсрэг тал ТЭЗП ашиглаж эхэлсэн байна. Цааш нь Ачхой-Мартанд эсрэг тал мөн л ТЭЗП ашиглаж нэг БМП-1 шатаж, нэг Т-62М оногдсон байна. Хуучин Ачхойд чечений дайчид энгийн иргэдийг хөөн гаргаж байшингуудыг галын цэг болгон хувиргасан юм. Тус тосгоныг газартай нь тэгшилсэн бөгөөд танкнууд Хуучин Ачхойд 3 км зайд ойртон ирэх үед 3900 метрийн зайнаас ТЭЗП галлаж эхэлжээ. Дурангаар харахад зам дээр зогссон "Нива" машины хажууд чечений дайчид ээлжит ТЭЗП-г байрлуулсан байсан бөгөөд дэд хурандаа А.Биленко хоёр дахь буудалтаараа "Нива"-г устгасан байна.


  Умард Кавказ дэхь терроризмын эсрэг ажиллагааны идэвхитэй үе дууссаны дараагаар Т-62 ба Т-62М танкнууд нь Чечений бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр дээр байрлаж байсан 42-р гвардийн мотобуудлагын дивизийн зэвсэглэлд үлдсэн.

     Өмнөд Осети: Өмнөд Осети дэхь зэвсэгт мөргөлдөөн


  2008 оны 08-р сард уг дивизийн хорооны тактикийн бүлгийн бүрэлдэхүүнд Өмнөд Осети дэхь байлдааны ажиллагаанд оролцсон.Цхинвалын зүүн талд 42-р гвардийн мотобуудлагын дивизийн анги нэгтгэлүүд эсрэг талын хуягт техник болон амьд хүчийг амжилттай устгаж байсан байна: "Бага дэслэгч Виталий Неффын командалсан танкийн салаа нь дэд хурандаа В.Завадскийн командалж байсан мотобуудлагын батальонд өгөгдсөн. Танкийн салааны өмнө Цхинвал хотын зүүн зах дэхь Том Лиахви голын төмөр бетон гүүрний районд байрлал эзэлж, танкийн галаар мотобуудлагын анги нэгтгэлүүдийг халхалж, гүүрээр гарах боломж олгох даалгавар өгчээ. Салааны командлагчийн танк Москвагийн болон Чочиевын гудамжны уулзвар дээр галын байрлалыг тактикийн хувьд оновчтой тодорхойлон байрласан байна. Гэтэл гэнэт Москвагийн болон Карл Марксын гудамжнуудын уулзвар дээр бага дэслэгч Неффийн танк байрлаж байсан газраас 100 метрийн цаана эсрэг талын Т-72 гарч ирсэн. Танктай хамт гранатомётоор болон галт зэвсгээр зэвсэглэсэн 20 гаруй тооны явган цэрэг байжээ. Бага дэслэгч Нефф нөхцөл байдалд шуурхай үнэлгээ хийж танкийн онилогч Туаевт байг зааж өгсөн байна. Манай танкчид анхны буудалтаараа эсрэг талын танкийг устгаж эсрэг талын 10 гаруй цэргийг устгасан байна". Зөвлөлтийн армид, дараа нь Оросын армид Т-62 танкны байлдааны ажиллагаанд орсон түүх үүгээр дуусдаг. 2013 оны 02-р сард ОХУ-ын БХЯ-ны сайдын тушаалаар Т-62 танк нь Оросын армийн зэвсэглэлээс хасагдсан юм.

     Синайн хойг - Голаны өндөрлөг: Шүүх өдрийн дайн


  Т-62 танкийг гадаад экспортлох ажил 1970 оны эхээр хийгдсэн. 1971-1972 онуудад Египет улс ойролцоогоор 400 ширхэг Т-62 танк хүлээн авсан байдаг. Тухайн үед Т-62-той холбоотой нэг тохиолдол гарсан. Т-62 танкийг нийлүүлэх асуудал нь дээд түвшинд буюу зөвлөлтийн тэргүүн Л.Брежнев болон египетийн лидер Г.Насер хоёрын хооронд тохиролцсон байсан байна.Танкнуудыг зөвлөлтийн армид байсан танкнуудаас шилжүүлэн өгөх байсан. Сайд нарын зөвлөлийн тушаал маш яаралтай гарсан учраас Цэрэг-Аж үйлдвэрийн комиссын оролцоогүй шийдэгдсэн байна. Яг шилжүүлхийн өмнө жагсаалтуудыг танкчидад танилцуулхад тэд нүд орой дээрээ гарсан гэдэг. Учир нь шинэ танктай хамт тухайн үед маш нууц байсан хуяг нэвтлэх сум бас шилжүүлэгдэх болсон байж. Цэргийнхэн шинэ сумыг жагсаалтаас хасахыг шаардсан бөгөөд тэдний шаардлагыг биелүүлсэн байна. Дараа нь египетийн танкчид шинээр ирсэн Т-62-той танилцах үеэрээ онилгоонд 3 төрлийн суманд зориулсан тавил байсан бол сумнууд нь зөвхөн 2-хон төрөл байгааг анзаарчээ. Насерт энэ тухай мэдэгдсэн бөгөөд тэрээр цааш нь Брежневт харгалзах захиаг өгсөн байна. Маш том асуудал үүсч, зөвлөлтийн тал тэр даруй эндүүрэл гарсан байна гээд шинэ сумнуудаа араас нь явуулсан байдаг. 1972 онд мөн л дээд түвшинд Ливи, Сири болон Ирак улсуудад Т-62 танкийг нийлүүлэх шийдвэр гарсан. 
  "Шүүх өдрийн дайн"-ы өмнө египетийн армид 750 ширхэг Т-62 байсан бол сирийн армид үүнээс хамаагүй цөөхөн байсан байна. Тус дайны 9 дэхь өдөр буюу 1973 оны 10-р сарын 15-ны өглөө израилийн 9 танкийн бригадтай, нийтдээ 18 бригад агаарын хүчтэй дэмжлэгтэйгээр Синайн фронт дээр сөрөх давшилтанд орж исмаилийн чиглэл дэхь египетийн 2-р армид гол цохилтыг өгсөн байна. Агаарт болон газар дээр ширүүн тулалдаан болж шууд цохилт амжилтгүй байгааг анзаарсан израилийн командлал египетийн 2-р армийн баруун жигүүрийг устгахад үндсэн хүчээ чиглүүлж Суэцийн суваг руу гарахаар шийджээ. Тулалдаан бүтэн өдөржин үргэлжилсэн ч аль нэг тал амжилтанд хүрээгүй байна. Энэ хооронд египетйн 25-р танкийн бригад египетийн 2-р ба 3-р армийн хоорондох холбоог сэргээх зорилготой сөрөх довтолгоо хийх тушаал авчээ.
  10-р сарын 17-ны өдрийн хагаст египетийн 3-р армийн бүрэлдэхүүнд орж байсан 25-р хуягт танкийн бригад өмнөдөөс хойд зүгийг чиглэн явж байжээ. Үүнийг Шароны 143-р дивизийн бүрэлдэхүүнд орж байсан Амнон Решефын 14-р танкийн бригадын танкчид илрүүлсэн бөгөөд командлалдаа илтгэсэн байна. Гэхдээ тулалдааны удирдах үүргийг 162-р танкийн дивизийн командлагч Авраам Адан авсан бөгөөд дараагийн үйл явдлуудад түүний дивизийн бригадууд чухал үүрэг гүйцэтгэсэн. 14-р бригад умард чиглэлийн замыг хаасан бөгөөд замын баруунд талд нуур, нуур болон замын хооронд израилийн мины талбай байсан байна. Замын зүүн талд 217-р танкийн бригадын "Центурион"-ууд байрлалаа эзэлсэн бол египетийн ар талд 500-р танкийн бригад байрлаж амжсан. Ийм маягаар замаар явж байсан 96 ширхэг Т-62 танк болон бусад олон тооны хуягт техник, ачааны машинаас бүрдсэн египетийн 25-р бригад аажмаар түүнд тавьсан занганд мөлхөн орж байжээ. Египетийн тал энэ тухай огт мэдээгүй нь гайхмаар.


   Ингээд хамгийн түрүүнд алсын зайнаас израилийн 14-р бригадын "Магах-3" (105 миллиметрийн их буутай М48 танк) танкнууд гал нээж тэр доороо египетийн 2 танкийг устгасан байна. Дараагаар нь 217-р бригадын "Шот Каль" (105 миллиметрийн их буутай "Центурион") танкнууд гал нээж эхэлжээ. Египетийн танкнуудын зарим хэсэг нь замаас гарч буцах гэсэн болов израилийн мины талбайд орсон байна. Харин үлдсэн хэсэг нь эсрэгээрээ израилийн танкнуудын өөдөөс хөдөлсөн байна. Нөхцөл байдлын тухай ямар ч мэдээлэлгүй байсан египетийн бригадын командлалын хувьд маш тэнэг шийдвэр байсан. Тулалдаан эхэлснээс хойш хагас цагийн дараа египетчүүдийн ар талаас израилийн 500-р танкийн бригадын "Центурион"-ууд дайрч эхэлсэн бөгөөд египетийн бригад галын хотолд дунд орж нуурын эрэг газар дээрх тамын жижиг хувилбар болон хувирсан байна. 17:30 гэхэд бүх зүйл дуусч 86 ширхэг Т-62 танк болон бараг бүх хуягт тээвэрлэгч, тээврийн хэрэгслүүд устгагджээ. Бүслэлтнээс хэдхэн шихэг танк нэвтрэн гарсан бол израилийн талаас египетчүүдийг хөөж яваад өөрсдийн мины талбай дээр дэлбэрсэн 4 ширхэг танкны хохирол амссан. Энэ тохиолдол нь Т-62 танкны байлдааны чадвартай огт хамаагүй бөгөөд египетийн командлалын бодит чадвар ямар түвшинд байгааг харуулсан хэрэг юм. Хэрвээ энэ түвшин 1973 оныхтой адилхан хэвээрээ бол америкийн "Абрамс" танкнууд ч тус болохгүй.

Израилийн олзолсон Т-62 танкнууд
Тиран-6

  Хамгийн сонирхолтой нь байлдааны ажиллагаа дууссаны дараагаар ойролцоогоор 200 ширхэг Т-62 танкнуудыг израилийн тал нүүлгэн шилжүүлж, завсарлан Израилийн Батлан Хамгаалах Армийн танкийн ангиудын зэвсэглэлд "Тиран-6" гэсэн нэртэйгээр оруулсан байдаг.

     Израиль-Ливан: 1982 оны Ливаны дайн


  Ливаны дайн эхлэх үед сирийн армийн зэвсэглэлд 1100 ширхэг Т-62 танк байсан байна. Гэхдээ дээрх танкнууд нь бүгд байлдааны ажиллагаанд оролцоогүй.
  Сирийн цэргүүд Бекаа хөндийд 1-р хуягт танкийн дивизийг байршуулсан байсан бөгөөд байлдааны ажиллагаа эхлэх үед тус дивиз нь сирийн нутгаас 06-р сарын 08-нд Ливаны нутаг дэвсгэрт орсон юм. Түүнээс гадна Бекаа хөндийн баруун тийш Т-62 танктай 51-р хуягт танкийн бригад, Бейрутын районд Т-55 танктай 85-р мото-явган цэргийн бригад байсан байна. Ингээд нийтдээ Ливан дэхь арабын цэргийн хүч нь 450-500 ширхэг танктай байсан бөгөөд дийлэнх нь Т-62 байжээ. Тус дайны үеэр израилийн арми 1200 ширхэг танкийг байлдааны ажиллагаанд ашигласан учраас Ливаны дайн нь анх удаа израилийн талын танкийн давуутай байсан анхны араб-израилийн дайн болсон юм.
  Өөрсдийн хүчийг сул гэдгийг ойлгож байсан сирийн командлал нь эхлээд израилийн агаарын хүчинд устгагдаад, дараа нь үлдэгдэл нь танкнуудаар няц дарагдах боломжтой учраас урьдчилан бэлдсэн байрлалууд дээрээ хориглолт хийхээс татгалзсан байдаг. Үүний оронд израилийн цэргийн дайралтыг аль болох удаашруулж, америкчууд Израильд гал зогсоохыг шаардах үед аль болох их газар нутгийг хадгалж үлдэж израилийн армид аль болох их хохирол амсуулахыг зорьж байжээ. Сирийн цэргийнхний үндсэн тактик нь их хэмжээний талбайд минжүүлэлт хийх, уулын замуудад отолт зохион байгуулах, байнгын артиллерийн болон агаарын цохилт өгөх болон тосгон болгоны төлөө тулалдахад оршиж байсан байна. Уг зорилгоор тосгонуудад цөөн тооны сирийн танкнуудыг байршуулжээ. Хэдийгээр цөөн ч гэсэн тохиолдлуудад тулалдааны дараагаар сирийн цэргүүд дараагийн тосгон руу зохион байгуулалттайгаар ухарч чадаж байсан ч израилийн давшилтын үргэлжлэлийн улмаас 1-р хуяг танкийн дивизийн бараг бүх танкнууд 06-р сарын 10-ны орой гэхэд израилийн хяналтанд байсан нутаг дэвсгэрүүдэд үлдсэн бөгөөд ихэнх нь бүрэн ажиллагаатай байсан юм.
  06-р сарын 08-аас байлдааны ажиллагаанд оролцсон сирийн цэргүүд нь израилийн давшилтыг удаашруулж чадсан ч зогсоож чадаагүй. Цорын ганц тохиолдол нь төвийн чиглэлд сирийн 51-р хуягт танкийн бригад болон тусгайгын хорооныхон Бейрут-Дамаск замаас хэдхэн километрийн цаана Эйн-Зхальта районд цорын ганц уулын замыг хааж израилийн 162-р танкийн дивизийг (М60А1 танктай 3 батальон, "Центурион"-той 2 батальон) нэг хоног гаруй зогсоож чадсан. 162-р дивизийн давшилт зөвхөн 06-р сарын 11-нд үргэлжилсэн бөгөөд гал зогсоохоос өмнө зам руу гарч чадаагүй юм.
   06-р сарын 10-аас 11-нд шилжих шөнө израилийн цэргийн тагнуулынхан бут цохигдсон сирийн 1-р хуягт танкийн дивизийг шинэ 3-р хуягт танкийн дивизээр сольсныг анзаараагүй байна. Сирийн 3-р хуягт танкийн дивизийн бүрэлдэхүүнд Т-62 танктай 47-р хуягт танкийн бригад, Т-72 танктай 81-р хуягт танкийн бригад болон Т-55 танктай 21-р мото-явган цэргийн бригадууд орж байжээ. Сирийн цэргүүдийн хөдөлгөөнийг зам руу гарах гарцыг нээж байгаа 1-р хуягт танкийн дивизийн үлдэгдлүүдийн ухралт гэж тооцсон байна. Бейрут-Дамаск гол зам руу гарах замын дагуу хаалт хийхээр явуулсан израилийн 90-р дивизийн нэг батальон нь командлагчийн буруугаас болж Султан-Яакубт тосгоны районд байрлаж байсан сирийн цэргийн ангиудын яг төвд нь орсон байна. Бүслэгдсэн батальоныг бүслэлтнээс гаргах гэсэн 90-р болон 880-р дивизүүдийн анги нэгтгэлүүдийн оролдлого 06-р сарын 11-ний 11:00 хүртэл үргэлжилсэн бөгөөд бүслэлтнээс гарах үед израилийн 8 ширхэг "Магах-3" танк устгагдаж, 23 цэргийн албан хаагч амь үрэгдсэн байна. 

     Иран-Ирак, Персийн булан: Иран-Иракийн дайн


  Т-62 танк нь иран-иракийн 1980-1988 оны дайнуудад иракийн талд өргөн ашиглагдсан байдаг. Уг танк оролцсон хамгийн алдартай тохиолдол нь Сусенгерд хотын ойролцоох Хархи хөндийд болжээ. 1981 оны 01-р сард ираны 16-р танкийн дивиз (ойролцоогоор 300 ширхэг "Чифтен" болон М60 танкнууд) нь 55-р десантын дивизийн дэмжлэгтэйгээр Ахваз руу явах замыг чөлөөлж Абадан хотын иракийн бүслэлтийг буулгах ёстой байжээ. Борооны улирал эхэлсэн учраас ираны цэргүүд маневр хийхэд хүндрэлтэй, шавар шавхайны дунд явж байсан байна. Иракийн тагнуулчид ираны цэргийн хөдөлгөөнийг цаг тухайд нь илрүүлсэн бөгөөд ираны давшилтын шугам дээр тухайн үеийн иракийн арми дэхь хамгийн орчин үеийн 300 ширхэг Т-62 танкнуудтай дивизийг байршуулжээ. 01-р сарын 06-нд ираны танкнууд иракийн тэргүүн шугам дээр ирсэн бөгөөд өмнө нь бага хэмжээний хориглолт байна гэж үзсэн тул шууд явуут дундаа дайрсан байна. Иракийн түрүүч ангиуд хойш ухарч ирануудыг занганд оруулан хоёр жигүүрээс нь дайрч бүрэн устгасан байдаг. Үлдсэн хоёр бригадууд нь хоорондоо ямар ч уялдаагүй, дээр нь явган цэргийн дэмжлэгэгүй үлдсэн учраас 01-р сарын 07 болон 08-нд мөн адил занганд орсон байна. Энэ хооронд сөргөлдөгч талууд бие биедээ маш ойр зайнд ирсэн учраас агаарын дэмжлэг үзүүлэх боломжгүй болсон. Ираны хоёр бригад мөн адил бут цохигдсон юм. 
  Иракийн талаас ираны 214 ширхэг танкийг устгаж, олзолсон гэсэн бол Ираны тал зөвхөн 88 ширхэг техник алдсан гэж мэдэгдсэн. Иракийн тал ойролцоогоор 100 орчим танкнуудаа алдсан гэж тооцогддог ч тулааны талбар тэдний хяналтанд үлдсэн учраас зарим хэсэг нь буцаан засварлагдсан байх боломжтой. Дээрх тулалдаануудад ираны танкчид Т-62-ын 115 миллиметрийн сумнууд нь "Чифтен"-ий духны хуягийг чөлөөтэй нэвтэлж байсан учраас шууд дайрхаас сэргийлэх болсон. Т-62 танкнууд нь иран-иракийн дайныг дуустал ашиглагдсан бөгөөд дараа нь иракийн цэрэг Кувейт руу дайрах үед мөн л оролцсон байдаг.

 Ирак - Олон үндэстний зэвсэгт хүчин, Персийн булан:                          "Цөлийн шуурга" ажиллагаа             


  1991 оны 02-р сард эхэлсэн "Цөлийн шуурга" ажиллагааны үеэр сөргөлдөгч 2 талд аль алинд нь Т-62 танк байсан юм. Эвслийн хүчний бүрэлдэхүүнд орж байсан сирийн 9-р танкийн дивиз Т-62 танктай байжээ. Мөн сүүлд 2003 оны хавар АНУ болон түүний холбоотнууд Ирак руу дайрах үед ашиглагдаж байсан.

     Африк тивд


  Ангол улсын Куито-Куанавале хотын районд 1987 оны 2-р хагаст засгийн газрын хүчний болоон УНИТА-ийн хооронд тулалдаан болжээ. Засгийн газрын хүчнийг кубын "сайн дурынхан" дэмжиж байсан бол УНИТА-г ӨАБНУ-ын цэргүүд дэмжиж байсан байна. 10-р сарын эхээр засгийн газрын хүчний давшилт бут цохигдож УНИТА-ийн дайчид тэднийг Ломба голын ард түрж гаргажээ. Засгийн газрын хүчнийхэн, яг үнэндээ бол кубын цэргүүд УНИТА-ийн давшилтыг Чамбинги голын зааг дээр тогтоон барьсан байна. Ангол руу маш яаралтай Кубын Хувьсгалт зэвсэгт хүчний элитийн анги нэгтгэл болох, Т-62 танкаар зэвсэглэсэн 50-р дивизийг шилжүүлжээ. Өмнө нь уг цэргийн нэгтгэл нь Гуантанамо дэхь америкийн цэргийн баазын эргэн тойронд байрлаж байсан байна. 11-р сарын 16-нд анголын арми болон кубын цэргүүд 33 ширхэг танк алдаж УНИТА-г Куито-Куанавалегаас 10-15 км-ийн зайд тогтоон барьсан. 
  1986 оны 11-р сард Чад улс руу хийсэн ливийн цэргийн дайралтын үед Т-62 танкнууд мөн ашиглагдсан. Ливичуудын давшилт маш амжилттай байсан учраас зөвхөн Францын Гадаад легионы оролцоо л тэднийг зогсоон байдаг. Дээрх тулалдааны үеэр 12 ширхэг Т-62 танк устгагдсан.

  2013 оны байдлаар Т-62 танкны төрөл бүрийн хувилбарууд нь Алжир улсын зэвсэглэлд 300 ширхэг, Анголд 50, Афганистанд, Вьетнамд 70, Египтэд хадгалалтанд 500, Израильд хадгалалтанд, Иранд 75, Йеменьд 200, 2007 оны байдлаар Казахстанд 280, БНАСАУ-д 350 гаруй, Кубад, Ливид, Эфиопт, Сирид ойролцоогоор 1000, Сомали, Таджикистанд 7, Узбекистанд 170 ширхэг байгаа юм. Манай улсын зэвсэглэлд 250 ширхэг байсан бөгөөд одоогоор зэвсэглэлээс хасагдсан.
    

No comments:

Post a Comment