Tuesday, June 28, 2016

Зөвлөлтийн Т-62 дунд танк (1-р хэсэг)

  Өнөөдөр та бүхэндээ зөвлөлтийн Т-62 танкны дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.



  1950-иад оны төгсгөл гэхэд зөвлөлтийн армийн Т-54 болон Т-55 танкнуудын үндсэн зэвсэглэл нь 1944 онд зохион бүтээсэн 100 миллиметрийн Д-10Т ховилтой их буу байжээ. Уг их бууг сайжруулах явцад нэг болон хоёр түвшинд тогтворжуулсан Д-10ТГ ба Д-10Т2С их буунууд бий болсон. Харамсалтай нь баллистик үзүүлэлтүүд нь өөрчлөгдөөгүй юм. Дээрх их бууны сумнууд нь хуучирсан хэлтрхийт болон хуяг нэвтлэх ОФ-412, БР-412, БР-412Б болон БР-412Д байсан байна. Сонирхолтой нь сүүлийнх нь БР-412Д сум нь олзны германы сумны хуулбар байжээ. Ингээд эцсийн дүндээ Д-10 төрлийн их буунууд нь английн болон америкийн шинэ танкнуудын эсрэг үр дүнтэй тэмцэх боломжгүй болсон байна.

Д-10
  Ийм учраас 1954 оны 03-р сард Ф.Ф.Петровын тэргүүлсэн ОКБ-9 зохион бүтээх товчооноос хуяг нэвтлэх сумны 1015 м/сек анхны хурдтай 100 миллиметрийн Д-54 ховилтой их бууг зохион бүтээжээ. 1954 оны 10-р сард №183 завод буюу одоогийн алдарт "Уралвагонзавод"-д дээрх их бууг тоноглосон туршилтын Т-54М (обьект 139)-ийг үйлдвэрлэсэн байна. Уг танкны туршилт 1954-1955 онуудад явагдсан байна. Энэ хооронд уг их буунд зориулж ЦНИИ-173 (шинжлэх ухааны-судалгааны төв институт)-ээс хоёр түвшний "Молния" тогтворжуулагчийг зохион бүтээсэн ба шинэ их буу Д-54ТС нэртэйгээр танк дээр тоноглогдон "обьект 140" бий болсон.
  1960 оны 02-р сар гэхэд Д-54ТС их буу нь цэргийн-хээрийн давтан туршилтыг бага зэрэг асуудалтай ч гэсэн давсан байна. Жишээ нь цэргийнхэнд хошууны тийрэлт сааруулагч таалагдаагүй байжээ. Гэсэн ч Д-54ТС их буу цуврал үйлдвэрлэлд ороогүй нь өөр шалтгаантай байжээ. Учир нь 1958 оны намар ГРАУ (зөвлөлтийн Артиллери-Пуужингийн Ерөнхий Удирдах Газар)-аас тухай үеийн зөвлөлтийн лидер Н.С.Хрущевт шинэ танк эсэргүүцэх 100 миллиметрийн гөлгөр голт Т-12 "Рапира" их бууг танилцуулжээ. Уг их бууны хуяг нэвтлэх сум нь өндөр хурдтай бөгөөд Д-54ТС их буутай харьцуулахад мөн л өндөр хуяг нэвтлэх чадвартай байсан байна. Хрущев "Энэ их бууг танкан дээр тоноглох боломжтой юу?" гэж асуусан байна. Түүнд "Боломжтой" гэж хариулжээ. Зөвлөлтийн лидер тэр даруй "Тэгвэл дараагийн онд ийм их буутай 200 ширхэг танк хийцгээе" гэсэн байна. 

Т-12 "Рапира"
  Төрийн тэргүүний үүрэг даалгаварыг биелүүлэхийн тулд Москвад "Уралвагонзавод"-ын тухай үеийн ерөнхий зохион бүтээгч Л.Н.Карцев дуудагджээ. Их бууны зураг төсөлтэй танилцсаны дараагаар Карцев сумны урт 1200 мм учраас танканд тоноглох боломжгүй гэсэн байна. Карцевын бодлоор танкны их бууны сумны урт 1100 мм-ээс их байх боломжгүй байсан. Харин Д-54ТС их бууны сумны урт 1100 мм байсан учраас Карцев уг их бууны ховилыг арилгах санал гаргасан байна. Тийм тохиодолд их бууны калибр 115 мм болж ихэсгэх шаардлагатай болсон. Сумын ерөнхий зохион бүтээгч В.В.Яворский уг саналыг буруушааж 1100 мм урттай сумны баллистик чадвар буурна гэсэн бол цэргийнхэн Карцевыг Хрущеваар сүрдүүлсэн ч Карцев өөрийн байр суурь дээр баттай зосгож "Надад итгэхгүй байгаа бол намайг Хрущев дээр аваач, би түүнд та нарын их буу танкан дээр тоноглогдох боломжгүй гэдгийг баталья" гэсэн байна. Бүтэн өдөр үргэлжилсэн маргааны эцэст 100 миллиметрийн Д-54 их буутай адил овор хэмжээтэй боловч 115 миллиметрийн калибртай 1100 миллиметрийн сумны урттай шинэ их буу болон сумыг зохион бүтээх шийдвэр гаргасан байна.
  Д-54 их буунаас ховил болон хошууны тийрэлт сааруулагчийг аваад дэлхийн анхны гөлгөр голт У-5ТС "Молот" (ГРАУ-ын ангилалаар 2А20) танкийн их буу бий болсон байна. 1959 оны турш хэд хэдэн туршилтын загваруудыг бүтээсэн байна. 1960 оны намар гэхэд шинэ их буутай танкнууд хээрийн туршилтыг амжилттай давжээ. Туршилтыг шалгаж байсан комиссын дүгнэлтэнд уг шинэ танкийг зэвсэглэлд авахыг зөвлөсөн байна.У-5ТС их бууны үр ашиг анхны загвар болох 100 миллиметрийн Т-12 гөлгөр голт их буунаас хамаагүй өндөр байсан юм. Сумнуудын баллистик чадвар сайн байсан учраас Т-12-ын зохион бүтээгч Яворскийн болгоомжлол биеллээ олоогүй байна.

У-5ТС "Молот"
  Шинэ танк нь гөлгөр голт их буунаас гадна бүрэн цутгамал цамхагтай байснаараа онцлог болсон байна. Өмнөх загварууд буюу Т-54/55 танкнууд нь бүрэн цутгамал цамхагтай байсан ч гэсэн люкнууд нь боолтон холбоосоор холбогдож байсан байна. Энэ нь суманд тэсвэрлэх чадварын хувьд сул бүсүүд байсан юм.
  Хэдийгээр шинэ их бууг танканд тоноглох ажил нь зөвлөлтийн БХЯ-ны Цэрэг-Аж үйлдвэрийн комиссын шийдвэрээр явагдаж байсан ч цэргийнхэн уг ажлыг янз бүрээр саатуулах гэж оролдож байсан байна. Учир нь шинэ их буу нь чадлаараа Украины Харьковт хийж байсан "обьект 430"-аас хамаагүй их байсан бөгөөд гол нь украины инженерүүдийн ажилд машин их хөрөнгө зарцуулчихсан байсан юм. Эцэст нь 1961 оны 01-р сард БХЯ-нд болсон том хэрүүл "обьект 166"-г саатуулж байсан бүх зүйлд төгсгөл тавьсан байна. Учир нь аль 1958 онд английн "Центурион" танкнууд дээр 62 калибрийн голын урттай, гол дээрх даралт нь тухайн үед маш өндөр гэж тооцогдож байсан 5500 кг/см2 бүхий 105 миллиметрийн L7 ховилтой их буунууд тоноглогдож эхэлсэн байна. Английн шинэ 105 миллиметрийн их бууны хуяг нэвтлэх сумны анхны хурд 1470 м/сек байсан бөгөөд хуяг нэвтлэх чадвараараа зөвлөлтийн 100 миллиметрийн их буунаас хамаагүй давуу байсан юм. 

"Центурион" БҮТ
  Нөгөө талаас "Центурион" нь харьцангуй бага хэмжээгээр үйлдвэрлэгдэж байсан учраас том асуудал биш байсан. Гэтэл 1960 онд АНУ-д уг их буугаар тоноглосон М60 БҮТ (Байлдааны Үндсэн Танк) цувралаар үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Мөн ХБНГУ болон Франц улсуудад уг их бууг шинэ "Леопард" болон АМХ-30 танкнууд дээр тоноглохоор төлөвлөж байжээ. Энэ тухай зөвлөлтийн хуурай замын цэргийн ерөнхий командлагч, Сталинградын цуст тулалдааны баатар, маршал В.И.Чуйков мэдсэн дайруйдаа дэлбэртлээ уурласан гэдэг. Тэр даруй зөвлөлтийн хуягт танкийн цэргийн командлагч, маршал П.П.Полубояровыг болон бусад ХТЕУ (Хуягт Танкийн Ерөнхий Удирдлага)-ын дарга нарыг дуудан Зөвлөлтийн Армид америкийн М60 танкны эсрэг тавих ямар зэвсэг байгаа талаар асуужээ. Түүнд "Уралвагонзавод"-д 115 миллиметрийн их буутай шинэ танк байгаа, гэхдээ дутагдалтай талууд бий, жишээ нь туршилтын үеэр тогтворжуулагч нь эвдэрсэн гэж хариулсан байна. Тэгтэл маршал Чуйков орилж гарч "Та нар хүний толгойг юу гээд элдэв тогтворжуулагчаар эргүүлээд байгаа юм бэ? Гахай нь дээр ч бай хамаагүй, тэр их бууг тавь!" гэжээ. Үүний дараагаар маршал Чуйковын зан аашийн онцлог нь гэж хэлж болхоор баахан хараалын үгс урссан байна.

Маршал В.И.Чуйков
  Маршалаас банга хүртсэн ХТЕУ-ын төлөөлөгч нар Нижний Тагилд хүрэлцэн ирж "Уралвагонзавод"-ын захиралаас "обьект 166"-ын цуврал үйлдвэрлэлийг богино хугацаанд эхлүүлэхийг хүсжээ. Заводын захирал эрс эсэргүүцэж, илүү орчин үеийн танк болох "обьект 167"-ын цуврал үйлдвэрлэл эхлэх гэж байгаа гэж тайлбарласан байна. Түүнийг яаж ч ятгах гээд дийлээгүй бөгөөд бүр сүүлдээ Москвагаас ярьсан нь ч тус болоогүй байна. Ингээд зөвхөн 1961 оны 07-р сард ЗХУ-ын сайд нарын зөвлөлтийн орлогч дарга Д.Ф.Устиновын хийсэн Цэрэг-Аж Үйлдвэрийн комиссын зөвлөгөөн дээр Уралвагонзаводын захирал "обьект 166"-г 1962 оны 07-р сараас эхлэн цувралаар үйлдвэрлэх зөвшөөрөл өгсөн байна. 1961 оны 08-р сарын 12-нд ЗХУКН-ын Төв Хороо болон ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн №729-305-р шийдвэр буюу "Зөвлөлтийн Армийн зэвсэглэлд Т-62 дунд танкийг авах" шийдвэр гарчээ.




  1961 онд №183-р завод буюу "Уралвагонзавод"-оос 25 ширхэг Т-62 танкийг үйлдвэрлэж Прикарпатын цэргийн тойрогт шилжүүлсэн байна. 1962 оны 01-р сарын 01-ээс эхлэн тус завод нь их биений цех дэхь гагнуурын дамжлагыг солих болон бусад бэлтгэл ажлуудыг хангах зорилгоор 6 сарын турш зогсолт хийжээ. Т-62 танкны их хэмжээний цуврал үйлдвэрлэл 1962 оны 07-р сарын 01-ээс эхэлсэн юм.

Иракийн Т-62
  Т-62 танк нь өмнөх загвар болох Т-55-тай харьцуулахад маш олон хийцийн онцлогтой байсан. Т-62 танк дээр хоёр түвшинд тогтворжуулах "Метеор" тогтворжуулагчтай , гөлгөр голт 115 миллиметрийн У-5ТС их буу, 2245 миллиметрийн погоны диаметртэй бүрэн цутгамал цамхаг (Т-55-ых 1816 миллиметр), цамхагын ар талд буудсан хонгиог гаргаж хаях механизмыг тоноглож мөн их бууны, онилгооны болон хосолсон пулемётны бэхэлгээг өөрчилж, уртыг 386 миллиметрээр, өндрийг 27 миллиметрээр ихэсгэж, чиглэлийн пулемётыг арилгаж, цамхагийг эргүүлэх механизмыг хийцийн хувьд өөрчилж, 19 диск бүхий гипропневматик удирдлагын араа тавьж, танкны явалтыг зөөлрүүлхийн тулд тулгуурын хүрдний динамих явалтыг 142-оос 162 миллиметр болгон ихэсгэсэн байна.
   Т-62 танкны цуврал үйлдвэрлэл "Уралвагонзавод"-д 1973 онд дамжлага дээр Т-72 танк солих хүртэл үргэлжилсэн. 10 үргэлжилсэн үйлдвэрлэлийн хугацаанд ойролцоогоор 20000 ширхэг Т-62 танк үйлдвэрлэгдсэн юм.


  Афганистаны дайны үеийн байлдааны ажиллагаанаас олж авсан туршлагыг Т-55 ба Т-62 танкнуудыг Т-64А болон Т-72 танкнуудын анхны хувилбаруудын түвшинд хүргэж сайжруулах хөтөлбөрт ашигласан байна. Гол анхаарлыг галын хүч болон хөдөлгөөний өмнөх үзүүлэлтүүдийг хадгалж хамгаалалтыг сайжруулахад чиглүүлсэн. 1981 онд ЗХУКХ болон ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 2200 ширхэг Т-55 болон 785 ширхэг Т-62 танкийг 1981-85 оны 5 жилд багтаан танк засварлах заводуудад сайжруулах шийдвэр гарсан байна.
  1983 онд 9К116-1 "Шексна" удирдлагатай зэвсэглэлийн цогцолбортой, КДТ-2 лазерын зай хэмжигчтэй, "Метеор" М1 тогтворжуулагчтай Т-62М танкийг Зөвлөлтийн Армийн зэвсэглэлд авсан байна. 

Т-62М дунд танк
Мөн 1983 онд Т-62 танкны сайжруулсан хувилбар болох Т-62Д-г зэвсэглэлд авжээ. Энэ хувилбар дээр их бие болон цамхагны хуяглалтыг нэмж, шинэ хөдөлгүүр болон сайжруулсан явах эд ангийг тоноглосон байна."Шексна" цогцолбор тавигдаагүй боловч идэвхитэй хамгаалалтын "Дрозд" цогцолборыг тоноглосон байжээ. "Дрозд"-ын ажиллах зарчим нь 70-аас 700 м/сек хурдтайгаар танк руу нисэн ирж байгаа ТЭЗП (Танк Эсэргүүцэх Залуурт Пуужин) болон РПГ-ний гранатыг радиолокацын тусламжтайгаар илрүүлж тусгай хэлтэрхийт цэнэгийг дэлбэлэн устгахад оршиж байсан байна.

Т-62Д дунд танк
  1985 онд зэвсэглэлд Т-62МВ хувилбарыг авсан. Үндсэн загвар болох Т-62М дээр динамик хамгаалалт тавьснаараа ялгарна.

Т-62МВ дунд танк
  2-р хэсэгт та бүхэндээ хамгийн сонирхолтой буюу байлдааны ажиллагаанд хэрхэн ашиглагдаж байсан тухай танилцуулах болно.
  

2 comments:

  1. Сайхан нийтлэл байна.

    ReplyDelete
  2. Янзын сайхан ойлгомтой бичсэн байна, баярлалаа

    ReplyDelete