Thursday, June 23, 2016

Эх орны дайны өмнөх Улаан армийн зэвсэглэл (1-р хэсэг)

  75 жилийн өмнө буюу 1941 оны 06-р сарын 22-нд оросын Эх орны дайн эхэлсэн билээ. Тухайн үед Улаан армийн зэвсэглэлд ямар цэргийн техник байсан талаар гаргасан нийтлэлийг  орчуулан хүргэж байна.


  "Орчин үеийн дайн бол моторын дайн болно. Энэ нь газар дээрх моторууд, агаар дэхь моторууд, усан дээрх болон доорх моторууд. Энэ нөхцөл байдалд хэн их мотортой бөгөөд илүү чадалтай мотортой нь ялна." 
           Иосиф Сталин
           Цэргийн ерөнхий зөвлөлийн хуралдаан дээр, 1941 оны 01-р сарын 13-нд.

  Дайны өмнөх таван жилийн хугацаанд зөвлөлтийн зохион бүтээгч нар галт зэвсгийн, танкийн, артиллерийн, миномётын болон нисэх онгоцны шинэ загваруудыг бүтээсэн байна. Тус улсын флотын зэвсэглэлнд улам орчин үеийн эскардын сөнөөгч, хэрэгч, харуулын хөлөг онгоцнууд нийлүүлэгдсэн бөгөөд усан доорх флотын хөгжилд онцгой анхаарч байжээ.
  Үүний дүнд Эх орны дайны өмнө ЗХУ нь харьцангуй орчин үеийн зэвсэглэлийн систем болон цэргийн техниктэй байсан бөгөөд зарим нэг тактик-техникийн үзүүлэлтээрээ германы адил техникүүдээс илүү байсан байна. Тийм учраас дайны эхэн үеийн зөвлөлтийн цэргийн ялагдал нь цэрэг армийн техникийн хангамжтай холбоогүй байжээ.

       ТАНК

  1941 оны 06-р сарын 22-ны байдлаар Улаан арми 25621 танктай байсан байна. Хамгийн өргөн тархсан нь бараг 10000 ширхэг хөнгөн Т-26 болон ойролцоогоор 7500 ширхэг БТ төрлийн танкнууд байжээ. Мөн зөвлөлтийн танкийн паркны үлэмж хэсгийг 6000 орчим Т-27, Т-37, Т-38 болон Т-40 гэсэн хөнгөн танк ба хөвөгч танкнууд бүрдүүлж байсан.

Т-27
Т-37
Т-38
Т-40
 Тухайн үедээ хамгийн орчин үеийн гэгдэх КВ болон Т-34 танкнууд ойролцоогоор 1850 ширхэг байсан байна.
  
  КВ-1 хүнд танк

  КВ-1 нь 1939 онд зэвсэглэлд орсон бөгөөд 1940 оны 03-р сараас 1942 оны 08-р сарын хооронд цувралаар үйлдвэрлэгдсэн. Танкны жин 47,5 тонн байсан учраас тухайн үеийн германы танкнуудаас хамаагүй хүнд байжээ. Үндсэн зэвсэглэл нь 76 миллиметрийн их буутай.
КВ-1
  Зарим нэг цэргийн шинжээч нар КВ-1 танкийг дэлхийн бусад орнуудын хүнд танкийг зохион бүтээх үйл явцад маш том нөлөө үзүүлсэн нэг шат, алхам болсон гэж тооцдог юм байна.
  Зөвлөлтийн танк нь сонгодог буюу хуягласан их биений урт талаас хойд тал хүртэл удирдлагын хэсэг, байлдааны болон хөдөлгүүрийн-явах эд анги байрласан шийдэлтэй. Түүнээс гадна их бууны сумнаас хамгаалсан бүтэн хуяглалт, дизель хөдөлгүүр болон нэг том их буутай байсан. Өмнө нь дээрх элементүүд нь бусад танкнууд дээр салангид байсан бол КВ-1 дээр анх удаа нэг доор цугларсан байжээ.
  КВ-1 танкийг Зөвлөлт-Финляндын дайны үеэр анх байлдааны ажиллагаанд ашигласан: 1939 оны 12-р сарын 17-нд туршилтын загвар нь Маннергеймын шугамыг нэвтлэх үед ашиглагджээ.

КВ-1
  1940-1942 онуудад нийт 2769 ширхэгийг үйлдвэрлэсэн байна. 1943 онд германы "Барс" танк гарч ирэх хүртэл КВ нь тус дайны хамгийн хүчтэй танк байжээ. Эх орны дайны эхэн үед германууд КВ-1-ийг "сүнс" гэж хочилдог байж. Учир нь вермахтын 37 миллиметрийн танк эсэргүүцэх их бууны стандарт сум түүний хуягийг нэвтэлж дийлдэггүй байсан.

  Т-34 дунд танк

  1938 оны 05-р сард Улаан армийн Автохуягт танкийн удирдлагаас №183 үйлдвэрт (одоогийн В.А.Малышевын нэрэмжит Харьковийн тээврийн машин зохион бүтээх үйлдвэр) шинэ гинжит танкийг зохион бүтээхийг санал болгосон байна. Михаил Кошкины удирдлаган доор А-32 гэсэн загвар бүтээгджээ. Уг ажил нь цувралаар үйлдвэрлэгдэж байсан БТ-7 танкны сайжруулсан хувилбар болох БТ-20 танкийг зохион бүтээх ажилтай нэгэн зэрэг хийгдэж байсан байна.

Т-34-76
  А-32 болон БТ-20 танкнуудын туршилтын загварууд 1939 оны 05-р сард бэлэн болсон бөгөөд хээрийн туршилтын дүнгээр 1939 оны 12-р сард А-32 танк нь Т-34 гэсэн нэртэй болж үндсэн хуяглалтыг 45 миллиметрт хүргэх, харагдах байдлыг сайжруулах, 76-миллиметрийн их буу болон нэмэлт пулемёт тоноглох гэсэн нөхцөлтэйгөөр зэвсэглэлд авсан байна.
  Эх орны дайны эхлэх үед нийт 1066 ширхэг Т-34 танк үйлдвэрлэгдсэн. 1941 оны 06-р сарын 22-ны дараа уг төрлийн танкнуудын үйлдвэрлэлийг Горький дэхь "Красное Сормово", Челябинскийн тракторын үйлдвэр, Свердловск дэхь "Уралмаш", Омск дэхь №174 үйлдвэр болон "Уралвагонзавод"-д эхлүүлсэн байна.
  1944 онд шинэ цамхагтай, хүчитгэсэнх хуяглалттай ба 85-миллиметрийн их буутай Т-34-85 хувилбарыг үйлдвэрлэж эхэлсэн. Уг танк нь үйлдвэрлэхэд хялбар, засвар үйлчилгээ авахдаа сайн гэдгээрээ өөрийгөө сайн талаас нь харуулсан.

Т-34-85
  Нийтдээ 84000 ширхэг Т-34 танк үйлдвэрлэгдсэн юм байна. Энэ танк нь зөвхөн Эх орны дайнд оролцоод зогсохгүй 1950-1980 онуудын хооронд Европ, Ази болон Африкт болсон олон зэвсэгт мөргөлдөөнүүдэд оролцсон. Хамгийн сүүлд Т-34 танкнуудыг байлдааны ажиллагаанд ашигласан баримттай тохиодол нь Югославын дайн байдаг юм байна.

     НИСЭХ ХҮЧИН

  Эх орны дайн эхлэх үед зөвлөлтийн цэргийн нисэх хүчинд олон төрлийн байлдааны нисэх онгоцнууд байсан байна. 1940 онд болон 1941 оны эхний хагаст Як-1, МиГ-3, ЛаГГ-3, Пе-2, Ил-2 гэсэн орчин үеийн 2800 ширхэг нисэх онгоц зэвсэглэлд нийлүүлэгдсэн байна.

  Түүнээс гадна И-15бис, И-16 болон И-153 сөнөөгч онгоцууд, ТБ-3, ДБ-3, СБ (АНТ-40) бөмбөгдөгч, Р-5 ба У-2 гэсэн олон төрлийн зориулалттай нисэх онгоцууд байжээ.

ТБ-3
ДБ-3
  
  Ажилчин-Тариачны Улаан Армийн Агаарын-цэргийн хүчний шинэ нисэх онгоцууд нь байлдааны боломжоороо Люфтваффегийн нисэх онгоцнуудаас дутуугүй байсан бөгөөд зарим үзүүлэлтээрээ илүү байсан байна.

Ил-2 дайрагч онгоц

  Хуягласан Ил-2 дайрагч нисэх онгоц нь түүхэн дэхь хамгийн олон үйлдвэрлэгдсэн байлдааны нисэх онгоц юм. Нийтдээ 36000 гаруй ширхэг үйлдвэрлэгдсэн. Уг онгоцыг "нисдэг танк" гэж нэрлэдэг байсан бол вермахтын удирдлага "хар үхэл" болон "төмөр Густав" гэж нэрлэж байсан. Германы нисэгчид Ил-2-ыг маш сайн хамгаалагдсан учраас "бетонон онгоц" гэж нэрлэдэг байжээ.

Ил-2
  Уг онгоцоор зэвсэглэсэн анхны байлдааны анги нэгтгэлүүд нь яг дайны өмнө бий болсон байна. Дайрагчдын анги нэгтгэлүүд нь эсрэг талын механикжуулсан болон хуягт танкийн ангиудын эсрэг амжилттай хэрэглэгдэж байсан юм. Дайны эхэн үед Ил-2 нь агаар дэхь германы агаарын хүчний давамгай нөхцөл байдлын үед агаарт дайсны эсрэг ашиглагдаж байсан бараг цорын ганц нисэх онгоц. Уг дайрагч онгоцууд нь 1941 онд эсрэг талыг тогтоож барихад томоохон үүрэг гүйцэтгэсэн.

Ил-2
  Дайны үеэр уг нисэх онгоцны хэд хэдэн хувилбарууд хийгдсэн. Ил-2 болон түүний дараагийн загвар Ил-10 дайрагч онгоцууд нь Эх орны дайны болон Зөвлөлт-японы дайны бүх томоохон тулалдаануудад идэвхтэй ашиглагдсан юм.
  Хэвтээ тэнхлэг дэхь хамгийн их хурд нь 388 км/ц, 2000 метрийн өндөрт 407 км/ц. 1000 метр өндөрт гарах хугацаа 2,4 минут, энэ өндөрт эргэлт хийх хугацаа 48-49 секунд байжээ. 

МиГ-3 шөнийн сөнөөгч онгоц

  А.И.Микоян болон М.И.Гуревичийн удирдсан зохион бүтээх баг 1939 онд их өндөрт тулаан явуулах сөнөөгч онгоцон дээр эрчимтэй ажиллаж байжээ. 1940 оны хавар МиГ-1 гэсэн марктай туршилтын загвар хийгджээ. Сүүлд нь сайжруулсан хувилбар нь МиГ-3 гэсэн нэртэй болсон байна.

МиГ-3
  Ихээхэн хэмжээний нислэгийн жинтэй (3350 кг) байсан ч цуврал үйлдвэрлэлийн МиГ-3-ын хурд газрын дээр 500 км/ц, 7000 метрийн өндөрт 640 км/ц-т хүрж байв. Энэ нь тухайн үеийн цуврал үйлдвэрлэлийн нисэх онгоцнуудын дунд хамгийн хурдан нь байжээ. Нислэгийн өндөрт хэмжээ болон 5000 метрээс дээш өндөрт их хурдтай байсан учраас МиГ-3 нь тагнуулын онгоц болон агаарын довтолгооноос хамгаалах сөнөөгчийн хувьд үр дүнтэй ашиглагдаж байсан. Гэсэн ч хэвтээ тэнхлэгт маневрлах чадвар муу болон харьцангуй сул зэвсэглэл нь бүрэн утгаараа фронтын сөнөөгч онгоц болох боломж олгоогүй юм.

МиГ-3
  Алдартай ас болох Александр Покрышкины үнэлгээгээр МиГ-3 нь германы Ме109-тэй харьцуулахад хэвтээ тэнхлэгийн маневрлах чадвараар муу байсан ч босоо тэнхлэгийн маневрлах чадвараар илүү байсан тул энэ нь фашистуудын сөнөөгч онгоцтой тулалдах үед ялалтанд хүргэх түлхүүр болж байсан байна. Гэхдээ МиГ-3-ыг босоо тэнхлэгийн эргэлт болон хязгаарын ачаалалтай үед зөвхөн өндөр чадварын нисэгчид жолоодож чаддаг байсан байна.

No comments:

Post a Comment