Friday, June 24, 2016

Эх орны дайны өмнөх Улаан армийн зэвсэглэл (2-р хэсэг)

    Эх орны дайны өмнөх Улаан армийн зэвсэглэл нийтлэлийг үргэлжлэлийг та бүхэндээ хүргэж байна.


    ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ХҮЧИН

  Эх орны дайны эхэн үед зөвлөлтийн флот нь нийтдээ 3 жагсаалын хөлөг онгоц, 7 хэрэгч хөлөг онгоц, 54 эскадрын сөнөөгч онгоц, 212 шумбагч онгоц, 287 торпедтой хурдан онгоц болон бусад олон хөлөг онгоцтой байсан.


  Дайны өмнөх хөлөг онгоц үйлдвэрлэх хөтөлбөр нь томоохон хөлөг онгоцууд болох жагсаалын болон хэрэгч хөлөг онгоцнуудаас бүрдсэн "том флот"-ыг байгуулахаара төлөвлөж байжээ. Тус хөтөлбөрийн дагуу 1939-1940 онуудад "Советский Союз" төрлийн жагсаалын хөлөг онгоц, "Севастополь" болоон "Кронштадт" төрлийн хүнд хэрэгч хөлөг онгоцнуудыг барьж эхэлсэн бөгөөд германаас дутуу баригдсан "Петропавловск" хэрэгч онгоцыг худалдаж авсан ч флотын эрч шинэчлэлийн төлөвлөгөө биеллээ олоогүй юм.


  Дайны өмнөх жилүүдэд зөвлөлтийн далайчид шинэ хөнгөн "Киров" ангилалын хэрэгч онгоц, 1 ба 38 төслийн лидер сөнөөгч онгоцууд, 7 төслийн сөнөөгч хөлөг онгоц болон бусад хөлөг онгоцуудыг хүлээн авсан байна. Түүнээс гадна шумбагч онгоц болон хурдан онгоцнуудыг үйлдвэрлэх ажил эрчимтэй явагдаж байжээ.
  Ихэнх хөлөг онгоцууд нь дайны үеэр баригдаж дууссан болон зарим хэсэг нь тулалдаан оролцож чадаагүй. Эдгээрийн тоонд 68 "Чапаев" төслийн хэрэгч онгоц болон 30 "Огневой" сөнөөгч онгоцууд багтана.
  Дайны өмнөх үеийн хөлөг онгоцнуудын үндсэн төрлүүд:
  • "Киров" төрлийн хөнгөн хэрэгч хөлөг онгоц,
  • "Ленинград" болон "Минск" төрлийн лидер сөнөөгч хөлөг онгоц,
  • "Гневный" болон "Сообразительный" төрлийн сөнөөгч хөлөг онгоц,
  • "Фугас" төрлийн мина цэвэрлэгч хөлөг онгоц,
  • "Г-Б" төрлийн торпедтой хурдан онгоц,
  • "МО-4" тэнгисийн анчин.
  Дайны өмнөх үеийн шумбагч онгоцнуудын үндсэн төрлүүд:
  • "М" ("Малютка") төрлийн бага шумбагч онгоц,
  • "Щ" ("Щука") болон "С" ("Средняя") төрлийн дунд шумбагч онгоц,
  • "Л" ("Ленинец") төрлийн шумбагч-мина тавигч онгоц,
  • "К" ("Крейсерская") болон "Д" ("Декабрист") төрлийн том шумбагч онгоц.


     "Киров" төрлийн хэрэгч онгоц
  
  "Киров" төрлийн хөнгөн хэрэгч хөлөг онгоц нь 2-р Николай хааны үед барьж эхэлсэн "Светлана"  төрлийн гурван хөрөгч онгоцнуудыг эс тооцвол уг ангилалын зөвлөлтийн анхны хөлөг онгоцууд болсон. "Киров"-ын баригдаж байсан 26 төсөл нь 1934 оны намар эцэслэн батлагдсан бөгөөд италийн "Кондотьери" төрлийн хөнгөн хэрэгч онгоцнуудын цаашдын хөгжил байсан юм.


  Эхний хос хэрэгч онгоц болох "Киров" болон "Ворошилов" нь 1935 онд баригдаж эхэлсэн байна. Флотын зэвсэглэлд 1938 болон 1940 онуудад орсон. Хоёрдахь хос "Максим Горький" болон "Молотов" нар нь өөрчлөгдсөн төслөөр хийгдсэн бөгөөд зөвлөлтийн флотын эгнээнд 1940-1941 онуудад орсон. Мөн хоёр хэрэгч онгоцыг Алс дорнодод барьж эхэлсэн бөгөөд Эх орны дайн дуусхаас өмнө зөвхөн нэгийг нь - "Калинин"-ыг жагсаалд оруулжээ. Алс дорнодын хэрэгч онгоцууд нь мөн л өмнөх загваруудаасаа ялгарч байсан юм.


  "Киров" төрлийн хэрэгч онгоцнуудын бүрэн усан түрц нь эхний хосын хувьд 9450-9550 тонноос эхлээд сүүлийн хосын хувьд бараг 10000 тонн хүрсэн байдаг. Уг хөлөг онгоцнууд нь 35 зангилаа болон түүнээс дээш хурдтай байсан байна. Үндсэн зэвсэглэл нь гурван их буутай цамхагт байрласан 180-миллиметрийн 9 ширхэг Б-1-П их буу. Эхний 4 хэрэгч хөлөг онгоцон дээр зенитийн зэвсэглэлийн хувьд 100-миллиметрийн 6 ширхэг Б-34 их буу, 45-миллиметрийн 21-К болон 12,7-миллиметрийн пулемётууд байжээ. Түүнээс гадна "Киров"-ууд нь торпед, мина, гүний бөмбөг болон гидро нисэх онгоцуудтай байсан байна.


  "Киров" болон "Максим Горький" нар нь бараг бүхэл дайны туршид Ленинградын хамгаалагчдыг галаар дэмжиж байсан юм. Николаевт баригдсан "Ворошилов" болон "Молотов" нар нь Хар тэнгис дэхь флотын ажиллагаануудад оролцож байсан. Эд бүгд Эх орны дайныг даван туулсан бөгөөд тэднийг удаан үргэлжилсэн цэргийн алба хүлээж байсан юм. Хамгийн сүүлд флотын эгнээнээс 1974 онд "Киров" хасагдсан байдаг.

    "Щука" төрлийн шумбагч онгоц

  "Щука" буюу "Цурхай" төрлийн шумбагчнууд нь "Малютка"-г эс тооцвол Эх орны дайны үеийн зөвлөлтийн хамгийн олон үйлдвэрлэгдсэн шумбагчууд.
  4 шумбагчаас бүрдсэн эхний цувралыг үйлдвэрлэх ажил Балтийн тэнгист 1930 онд эхэлсэн бөгөөд 1933-1934 онуудад флотын эгнээнд орсон. 


  Уг шумбагчууд нь дунд ангилалынх бөгөөд усан доорх түрц нь ойролцоогоор 700 тонн байсан ба 533-миллиметрийн 6 ширхэг торпедны аппарат болон 45-миллиметрийн 21-К их буугаар зэвсэглэсэн байсан юм.
  Төсөл амжилттай байсан учраас Эх орны дайны эхэн үед зөвлөлтийн флорын зэвсэглэлд 70 гаруй "Щука" байсан байна (нийтдээ 6 цувралаар 86 шумбагч онгоцнуудыг үйлдвэрлэсэн).
  "Щ" төрлийн шумбагчууд нь тэнгисийн тулааны бүх талбарт хэрэглэгдсэн байдаг. Нийт байлдааны ажиллагаанд оролцож байсан 44 ширхэг "Щука"-гаас 31 нь устгагдсан. Харин тэд эсрэг талын 30 хөлөг онгоцыг устгаж чадсан байдаг.


  "Щука" нь хэд хэдэн дутагдалтай талтай байсан ч харьцангуй хямд, маневрлах чадвар сайтай байсан юм. Цувралаас цувралын хооронд шумбагчуудын усан явах чадварыг болон бусад үзүүлэлтүүдийг сайжруулж байжээ. 1940 онд "Щ" төрлийн хоёр шумбагч нь зөвлөлтийн флотын хувьд анх удаа агаарын хөөс үүсгэхгүй харвах тоноглолтой болсон юм.
  Хэдийгээр дайны дараа флотын эгнээнд сүүлийн Х-бис цувралын хоёр "Щука" орсон ч уг шумбагчууд нь флотын бүрэлдэхүүнд удаан байсан бөгөөд 1950-иад оны сүүлд хасагдсан байна.

     АРТИЛЛЕРИ

  Зөвлөлтийн баримт бичгийн дагуу Эх орны дайны өмнө Улаан арми нь бараг 67500 их буу, миномёттой байжээ.
  Байлдааны үзүүлэлтээрээ зөвлөлтийн хээрийн артиллери нь германыхаас илүү байсан гэж тооцогддог. Гэхдээ механикжуулсан чирэгчээр муу хангагдсан байсан: чирэгчийн хувьд хөдөө аж ахуйн тракторуудыг ашиглаж байсан бөгөөд тал гаруйг нь морины тусламжтай зөөвөрлөдөг байжээ.


  Улаан арми нь зэвсэглэлдээ олон төрлийн артиллерийн их буу болон миномёттой байсан байна. Зенитийн артиллерийг 25, 37, 76 болон 85-миллиметрийн их буунууд, гаубицуудыг 122, 152, 203 болон 305-миллиметрийн калибртай загварууд бүрдүүлж байжээ. Танк эсэргүүцэх үндсэн их бууны хувьд 1937 оны 45-миллиметрийн их бууг ашиглаж байсан бол хорооны их буугаар 1927 оны 76-миллиметрийн загвар, дивизионы их буугаар 1939 оны 76-миллиметрийн их бууг ашиглаж байсан байна.

     1937 оны 45-миллиметрийн танк эсэргүүцэх их буу

  Уг их буу нь Эх орны дайны үеийн зөвлөлтийн артиллерийн хамгийн алдартай загвар. 1932 оны 45-миллиметрийн их бууны суурин дээр Михаил Логиновын удирдсан баг зохион бүтээжээ.


  45-миллиметрийн их бууны үндсэн байлдааны чадваруудад маневрлах чадвар, хурдан буудлага (минутанд 15 буудлага) болон хуяг нэвтлэх чадвар багтаж байжээ.


  Дайны эхэн үед Улаан армид 1937 оны загварын 16600 их буу байсан гэжээ. Нийтдээ уг загварын 37300 их бууг үйлдвэрлэсэн бөгөөд илүү орчин үеийн ЗиС-2 болон М-42 их буунууд хэдийгээр байсан ч гэсэн зөвхөн 1944 онд үйлдвэрлэлийг нь зогсоосон байдаг.

     Тийрэлтэт артиллерийн "Катюша" байлдааны машин

  Эх орны дайн эхлэхээс нэг хоногийн өмнө Улаан армийн зэвсэглэлд сүүлд нь "Катюша" гэж нэрлэгдсэн тийрэлтэт артиллерийн БМ-13 байлдааны машиныг авсан байна. Энэ нь дэлхий дэхь анхны шуурган галын систем болсон юм.


  Анх байлдааны ажиллагаанд 1941 оны 07-р сарын 14-нд Орша хотын төмөр замын станцын ойролцоо ашиглажээ. Ахмад Иван Флеровын удирдсан батарей шуурган галаар Оршины төмөр замын зангилаан дэхь германы байлдааны техникийн бөөгнөрөлийг устгасан байна.
  Ашиглалтын үр ашиг өндөр болон үйлдвэрлэхэд хялбар байсан учраас 1941 оны намар гэхэд БМ-13 нь фронт дээр өргөн хэрэглэгдэж байлдааны ажиллагаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. 


  Уг систем нь нэгэн зэрэг 16 ширхэг пуужинг 7-10 секундэнд харвах боломж олгож байсан. Мөн олон тооны пуужинтай бөгөөд өөр хувилбарын пуужинтай хувилбарууд байжээ.
  Дайны явцад 4000 орчим БМ-13 устгагдсан. Нийтдээ 7000 орчим үйлдвэрлэгдсэн бөгөөд "Катюша"-г дайн дууссаны дараа 1946 оны 10-р сард үйлдвэрлэлээс хассан юм.

     ГАЛТ ЗЭВСЭГ

  Танк болон нисэх онгоцыг өргөн ашиглаж, артиллерийг сайжруулж байсан ч гэсэн явган цэргийн хамгийн өргөн ашиглагдаж байсан зэвсэг нь галт зэвсэг юм. Зарим нэг тооцоогоор Дэлхийн 1-р дайны үед галт зэвсгийн улмаас хүлээсэн хохирол нь нийт хохиролын 30%-ийг бүрдүүлж байсан бол Дэлхийн 2-р дайнд энэ тоо 30-50% хүрч өссөн байна.


  Эх орны дайны өмнө цэргийн зэвсэглэлд винтов, карабин болон пулемётуудын нийлүүлэлт ихсэж байсан ч Улаан арми нь вермахттай харьцуулахад автомат галт зэвсгээр хангагдах тал дээр ихээхэн хоцорч байсан.

     Мосины винтов

  1891 онд зэвсэглэлд авсан 7,62-миллиметрийн Мосины винтов нь Улаан армийн байлдагчдын үндсэн зэвсэг хэвээр үлдсэн юм. Нийтдээ 37 сая винтов үйлдвэрлэгдсэн байдаг.


  1891/1930 онуудын винтовны загварууд нь Эх орны дайны хамгийн хүнд эхний саруудад тулалдаанд ашиглагдсан. Хямд өртөгтэй бөгөөд найдвартай галт зэвсэг байсан учраас илүү орчин үеийн өөрөө цэнэглэгч загваруудаас илүү байсан юм.
  Хамгийн сүүлийн хувилбар нь 1944 оны карабин загвар байсан бөгөөд үл салах жадтай байснаараа ялгарч байжээ. Винтов улам богиносож, технологи нь хялбарчлагдаж, тулааны үеийн маневрлах чадвар өссөн учраас богино карабины тусламжтайгаар хонгил, бэхлэлтэнд ойрын зайн тулалдаан явуулахад хялбар болсон.
  Түүнээс гадна Мосины загвар нь 1931 онд зэвсэглэлд авсан зөвлөлтийн анхны снайперын бууны үндэс болжээ.

     ППШ

  Шпагины 7,62-миллиметрийн гар буу-пулемёт нь 1941 онд зэвсэглэлд авагдсан.


  Энэ домогт зэвсэг нь ялагч-цэргийн дүр зургийн нэг нь болсон бөгөөд янз бүрийн хөшөөнүүд дээр харж болно. ППШ-41 нь цэргүүдэд таалагдаж байсан бөгөөд "папаша" буюу "аав" гэсэн хүндэтгэсэн хочтой болсон юм. Цаг уурын бараг бүх нөхцөлд гал нээх боломжтой байсан бөгөөд харьцангуй хямд өртөгтэй байсан байна.

  Дайны төгсгөл гэхэд Улаан армийн байлдагчдын 55% нь ППШ-ээр зэвсэглэсэн байжээ. Нийтдээ 6 сая ширхэг үйлдвэрлэгдсэн.

Блогийн зүгээс: Хэдийгээр дэлхийн 2-р дайн дуусаад 71 жил өнгөрч байгаа ч ямарваа нэгэн зэвсгийн хямд өртөг дайны үед маш чухал хүчин зүйл байсан хэвээр байгаа юм.

4 comments: