Friday, April 15, 2016

Оросын анхны биоморф байлдааны робот

  Оросын инженерүүд биоморф буюу амьд амьтныг дуурайсан байлдааны роботыг боловсруулж байгаа юм байна.


  Уг роботыг Ковров хотын "Сигнал" шинжлэх ухааны-судалгааны институт боловсруулж байгаа юм байна. Тус улсын цэргийн техникийн улсын захилагын жагсаалтанд тавигдсан мэдээллээр "Рысь (Шилүүс)" гэсэн нэртэй уг робот нь дараах 6 үүргийг гүйцэтгэх хувилбараар хийгдэнэ гэжээ:
  1. Тагнуулын болон ажиглалт, тандалтын робот;
  2. Анги, нэгтгэлүүдийн галын дэмжлэгийн робот;
  3. Тагнуулын болон мина-дэлбэрэх төхөөрөмжийг устгах робот;
  4. Шархдсан цэргүүдийг тулааны талбараас нүүлгэн шилжүүлэх;
  5. Сум хэрэгсэл тээвэрлэх робот;
  6. Инженерийн тагнуулын робот.

  Биоморф роботны бүрэлдэхүүнд бүхээгний мэдээллийн-удирдлагын систем, хөдөлгөөний удирдлагын аппарат, техникийн харааны аппаратур, мэдээлэл дамжуулах болон удирдлагын дохио дамжуулах аппаратур, байр зүйн болон зүг чиг олох аппаратур, тагнуулын болон ажиглалтын хэрэгслүүд, программ хангамж болон гүйцэтгэх үүргийг тодорхойлох ачаа орох юм байна.



  "Рысь" байлдааны робот нь хотын дэд бүтцийн нөхцөл байдалд бетон, асфалть,гантиг, модон болон шороон талбай дээр, 100 мм хүртэл гүнтэй элсэн давхрагатай газар, мөсөн дээр, 1 метр хүртэл өндөртэй өвсөн дунд, 400 мм хүртэл гүнтэй цасанд, 400 мм хүртэл гүнтэй усан дунд, уулархаг газар болон сүйтгэгдсэн хотын дэд бүтэц дунд, аж үйлдвэрийн цогцолборууд дунд, аж үйлдвэрийн болон орон сууцны өрөөнд, 500 мм хүртэл өндөртэй босгыг давж, 30 градусын налуутай, 200 мм хүртэл өндөртэй шатны марш дээр, хагас метрийн өргөнтэй нүх, 400 мм хүртэл өндөртэй, 300 мм хүртэл өргөнтэй ханыг давж явах чадвартай."Рысь" нь 1-ээс ихгүй метрийн зайд эргэх чадвартай бөгөөд 7,62 мм-ийн калибрийн пулемёт, пуужин, танк эсэргүүцэх залуурт пуужингийн түлхэлтийг даах чадвартай байна гэж төлөвлөж байгаа юм.
  Оросын биоморф робот нь америкийн Boston Dynamics-ийн боловсруулсан BigDog роботтой адилхан боловч оросын робот илүү том бөгөөд хүчтэй гэсэн байна. 2015 оны 11-р сарын сүүлээр Boston Dynamics компани BigDog-ийн цаашдын ажлыг зогсоож байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Зогсоох болсон гол шалтгаан нь роботын хязгаарлагдмал боломж бөгөөд хэтэрхий чанга дуу чимээ байсан юм байна. Зохион бүтээгдчид ннэ асуудлыг шийдвэрлэж чадаагүй гэжээ. 

  Нөгөө талаас Boston Dynamics компани хүнтэй адилхан роботыг бүтээсэн гэдгээ энэ оны эхээр мэдэгдэж байсан юм.


  "Рысь" нь 400 кг жинтэй бөгөөд оросын зохион бүтээгчид 100 кг жинтэй авсаархан хэмжээтэй загварыг мөн хийж байгаа юм байна. Оросын уг хоёр биоморф робот 2019 оны эхний хагаст улсын туршилтанд орохоор төлөвлөгдөж байгаа гэжээ.


_________________________________________________________________________

  Одоогоор оросын биоморф роботны зөвхөн гэрэл зургууд л байгаа бөгөөд ажиллагааг нь харуулсан видео бичлэг байхгүй байгаа юм. 

No comments:

Post a Comment