Friday, April 1, 2016

Оросын шинэ хуягт тээвэрлэгч "Бумеранг"

  Өнөөдөр та бүхэндээ оросын шинэ хуягт тээвэрлэгч "Бумеранг"-ийг танилцуулж байна.


  Одоогийн байдлаар оросын мотобуудлагын явган цэргүүд БТР-80 хуягт тээвэрлэгч болон түүний сайжруулсан хувилбар болох БТР-82 дээр явж байгаа юм. Эдгээр нь янз бүрийн зэвсэгт мөргөлдөөнүүдэд нэг бус удаа шалгагдсан муугүй машинууд боловч хоцрогдсон. Одоогийн шинэ нөхцөл байдалд оросын хуурай замын цэргүүдэд шинэ хуягт тээвэрлэгч шаардлагатай байгаа юм. Энэ нь хуучны зөвлөлтийн загваруудын ээлжит сайжруулалт биш харин зарчмын хувьд цоо шинэ машин байх ёстой гэжээ.
  2015 онд болж өнгөрсөн Ялалтын парадын үеийн хамгийн гол үзүүлбэр нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэдэн жилийн турш мэдээлэгдэж байсан цоо шинэ "Бумеранг" хуягт тээвэрлэгч байсан юм.Парадны өмнө цэргийнхэн шинэ машины тухай нууцлалыг бага зэрэг нээсэн ч одоог хүртэл маш олон деталиуд нь нууц хэвээр байна. Одоогийн байдлаар шинэ машины тактик-техникийн үзүүлэлт мэдэгдэхгүй байгаа юм.
  Яг үнэндээ "Бумеранг" ХТ (Хуягт Тээвэрлэгч) нь ганц машин биш харин суурин дээр нь шинэ төрлийн хуягт техникүүдийг боловсруулах нэгдмэл платформ юм. "Бумеранг"-ийг оросын "Цэргийн-Аж үйлдвэрийн компани" боловсруулж байгаа бөгөөд цаашид үйлдвэрлэх юм байна. Шинэ машиныг зохион бүтээх үйл явц урт бөгөөд амаргүй байсан. "Бумеранг"-ийг зохион бүтээх үед өмнөх хэд хэдэн хуягт тээвэрлэгчдийг зохион бүтээх туршлагыг ашигласан юм.

  Зохион бүтээсэн түүх
  
  "Бумеранг" нь Оросод сүүлийн жилүүдийн турш хийгдэж байсан шинэ ХТ зохион бүтээх 2 төслийн үргэлжлэл юм. Анхандаа уг төсөл нь "Гильза" гэж нэрлэгдэж байсан бөгөөд БТР-90 "Росток" ХТ-г зохион бүтээх явцад олж авсан туршлага идэвхитэй ашиглагдаж байсан.
  Оросын цэргийнхэн тэдний шаардлагыг хангахгүй байна гэж үзэн хоёр машинаас аль алинаас нь татгалзсан. "Гильза" төслийг боловсруулж байх явцад хийгдсэн машин дээр хөдөлгүүрийг их биений гол хэсэгт, БТР-82 дээр тавигдсан зэвсэглэлийн модулийг тавьж динамик хамгаалалт хэрэглэхээр төлөвлөж байсан юм. Гэсэн ч уг машин нь тийм амжилттай болж чадаагүй: их бие нь доторх орон зай хэтэрхий давчуу болж, цаашид сайжруулах боломжгүй байжээ.Гэсэн ч уг ажлаас олж авсан туршлага "Бумеранг"-ийг зохион бүтээх үед маш их хэрэг болсон юм: бүх шилдэг хийцийн шийдлүүдийг шинэ машин дээр оруулсан. Гэсэн ч "Бумеранг" нь зөвлөлтийн загваруудын гүн сайжруулсан хувилбар биш харин цоо шинэ машин юм.
  Зарчмын хувьд цоо шинэ хуягт тээвэрлэгчийг зохион бүтээж байгаа тухай анхны албан ёсны мэдээлэл 2010 онд гарсан. Энэ талаар тухайн үеийн Хуурай замын цэргийн командлагч Александр Постников мэдэгдсэн юм.



  БТР-80-ын үндсэн асуудал нь мин болон тэсрэх бодисноос хамгаалах хангалтгүй түвшний хамгаалалт байсан. Тийм учраас цэргүүд түүний дотор нь биш харин дээр нь явахыг илүүд үздэг байжээ. Мины сул хамгаалалт нь шинэ хуягт тээвэрлэгчийг зохион бүтээх ажлыг эхлүүлэх үндсэн шалтгаан байсан юм. Сайжруулалтын нөөцөө бүрэн шавхсан Зөвлөлтийн хуучны хуягт тээвэрлэгчүүдийг энэ чиглэлд сайжруулах боломжгүй байжээ. Орчин үеийн материалуудаас хийгдсэн шинэ их бие, шинэ тоноглол болон хуяглалттай хуягт тээвэрлэгчийг зохион бүтээх шаардлагатай болсон юм. "Бумеранг"-ийг зохион бүтээх явцад багийн гишүүд болон десантчдыг мин болон тэсрэх бодисноос хамгаалах тал дээр онцгой анхаарсан байна.
  Түүнээс гадна орчин үеийн дайн тулалдааны үед танк эсэргүүцэх хэрэгслүүд маш аюултай байдаг. Машиныг зохион бүтээгчид ХТ-г төвлөрсөн (кумулятив) сум хэрэгслээс хамгаалах тал дээр онцгой анхаарсан.
  "Бумаранг" ХТ-г 2013 онд болсон хаалттай танилцуулгын үеэр анх харуулсан юм. Харин олон нийтэд уг машиныг 2015 оны Ялалтын парадаар үзүүлсэн. Шинэ техникийн цуврал үйлдвэрлэлийг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна.

Хуягт тээвэрлэгчийн тодорхойлолт

  Одоогоор "Бумеранг" ХТ-ийн үзүүлэлтийн тухай баттай мэдээ алга байна. Зөвхөн хоорондоо ялгаатай мэдээллүүд байгаа юм. 


  Шинэ хуягтын жин ойролцоогоор 20 тонн бөгөөд "Бумеранг" дээр хийгдсэн зарим нэг хувилбарууд нь илүү хүчтэй хуяглалттай учраас 25 тонн хүртэл жинтэй байх юм. Хөдөлгүүрийн хэсэг хуягтны урд хэсэгт байрлах бөгөөд эсрэг талын нүүрэн талын галаас хамгаалах хамгаалалтыг ихэсгэх юм. Десантчид буух люк ар талдаа буюу тулалдааны үеийн хамгийн хамгаалалттай хэсэгт байрлана. ЗХУ-ын үед боловсруулсан машинуудтай харьцуулахад десантын хэсэг үлэмж ихэссэн. Тухайн үед хуягт хантаазыг бараг ашигладаггүй байсан учраас цэргүүдэд бага зай шаардлагатай байдаг байсан. Орчин үеийн цэргүүд хамаагүй их зэвсэг, сум авч явах учраас тэр хэмжээгээр илүү том зай шаардлагатай. Түүнээс гадна зай ихтэй машиныг орхин гарахад хамаагүй бага хугацаа шаардагдана, тийм учраас энэ тохиолдолд зай хэмжээ бол тав тухаас гадна аюулгүй байдлын асуудал юм.
  "Бумеранг" ХТ-ыг зохион бүтээх явцад найрлаганд нь шаазан орсон олон давхаргат хуяглалт ашиглагдаж байна. Ийм төрлийн хуяг нь энгийн нэг цул хуяглалттай харьцуулахад хамаагүй илүү үр дүнтэй бөгөөд өмнө нь хөнгөн хуягт техникийг зохион бүтээх явцад ашиглагдаж байгаагүй юм. Голдуу танканд ашигладаг хуяглалт юм байна. Олон давхаргат хуягны үндсэн ялгарах онцлог нь түүний төвлөрсөн (кумулятив) сум хэрэгслээс хамгаалах өндөр үр ашигтай чанар. Техникийн даалгаварын дагуу "Бумеранг"-ны духны хуяглалт нь хүнд калибрийн пулемёт болон бага калибрийн артиллерийн галд тэсвэртэй байх ёстой бөгөөд аль ч талаас танк эсэргүүцэх пуужингаар оносон бай давж гарч чадах ёстой юм.
  "Бумеранг" ХТ-г зохион бүтээх явцад яг ямар хөдөлгүүр ашигласан нь одоогоор мэдэгдэхгүй байгаа боловч чадал болон бусад үзүүлэлт нь мэдэгдэж байна. Ямар ч байсан БТР-80 дээр тавигдсан хөдөлгүүрнээс илүү чадалтай. "Бумеранг"-ны хүнд жинг тооцож үзвэл түүн дээр хамаагүй хүчтэй хөдөлгүүр тавигдах ёстой. Ойролцоогоор чадал нь 600 гаруй м.х-тэй байх болов уу.
  Шинэ хуягт тээвэрлэгч нь уламжлалт 8х8 ангилалынх юм. Усанд хөвж, ус цацруулах хөдөлгүүрийн тусламжтайгаар усанд явах боломжтой. Одоогоор мэдэгдэж байгаагаар хуурай газарт 100 км/ц хурдтай явах чадвартай юм байна.




  Москвад болсон парадны үеэр үзүүлсэн хуягт нь 30 мм-ийн 2А42 автомат буу, ПКТ пулемёт болон "Корнет" залуурт пуужингаар харвах боломжтой танк эсэргүүцэх залуурт пуужингийн цогцолбортой байсан. Бүх зэвсэглэл нь нэгдсэн байлдааны модульд угсрагдсан бөгөөд алсаас удирдлагатай юм байна. Автомат бууны 500 ширхэг сумтай. Уг буугаар хуягтны командлагч болон оператор-онилогч гал нээж болно. Сумнууд нь десантын бүлэг болон багийн гишүүдээс найдвартай тусгаарлагдсан.








  

1 comment:

  1. Нэр нь хүртэл сонирхолтой байна.

    ReplyDelete