Monday, March 14, 2016

Турк улс Ираны хилийн ойролцоо 80 орчим танк татжээ

  Турк улсын зэвсэгт хүчин болон тусгай албаныхан Ираны хилийн ойролцоох Юксекова хот руу 80 орчим танк болон хүнд байлдааны техникийг шилжүүлэн байршуулах ажиллагаа явуулжээ.



  Доган мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар туркийн армийн цэргийн цуваанд 80 орчим танк байсан байна. Цэргийнхэн Хаккяри мужийн Юксекова суурин газар руу орсон гэжээ. Хотын төвд танкнууд явж өнгөрч байх үед өндөржүүлсэн аюулгүй байдлын арга хэмжээ авагдсан гэжээ.


  Цэргийн техникийн шилжүүлэлт нь тус муж дэхь Курдын талаас хийгдэж буй бослогыг дарах тусгай ажиллагааны үеэр явагдсанаараа анхаарал татаж байна. Туркийн засгийн газрын хүчнийхэн Юксекова хотыг хуягт техник болон экскаватор ашиглан бүрэн цэвэрлэх оролдлого хийжээ. Хорооллууд руу орох болон гарах гарцуудыг хуягт техникүүдээр хаасан байна.



  Одоогийн байдлаар курдууд Юксекова хотын дийлэнх хэсгийг хянаж байгаа бөгөөд тус хот нь нийтдээ 100 мянган орчим хүнтэй. 2015 оны зун болон намар курдуудын суурьшсан хотуудад курдуудын олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болж "өөрөө удирдах район"-ууд бий болсон юм. Арми болон цагдаагийн хүчнийхэн хот дотор хийгдсэн бэхлэлтүүдийг устгахыг оролдож байгаа ч гэсэн галт зэвсгээс гадна хүнд зэвсэглэлээр муугүй зэвсэглэсэн курдуудын бүлгүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаа гэжээ.

No comments:

Post a Comment