Wednesday, January 27, 2016

Англичууд "Челленжер-2" танкаа сайжруулна

  Defence News сэтгүүлд мэдээлж байгаагаар Их Британий БХЯ-аас өөрсдийн "Челленжер-2" байлдааны үндсэн танкийг сайжруулах хөтөлбөрийг зарласан байна.




  Одоогийн байдлаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 3 гүйцэтгэгчтэй гэрээ байгуулжээ. Тэдгээрийн дунд "Челленжер-2" танкны үндсэн үйлдвэрлэгч болох цэргийн ВАЕ Systems компани болон америкийн General Dynamics болон Lockheed Martin компаниудын Их Британи дэхь салбарууд байгаа юм. 
  Энэ хөтөлбөрт германы "Леопард-2" танкны үйлдвэрлэгч Krauss-Maffei Wegman компани мөн оролцох сонирхолтой байсан боловч тодорхой шалтгаануудын улмаас оролцож чадаагүй юм байна. 


  Сонирхолтой нь уг хөтөлбөрийг Оросын шинэ Т-14"Армата" танкийг танилцуулах болсонтой холбоотойгоор британий БХЯ-наас өөрсдийн хуягт танкийн бүрэлдэхүүнийг сайжруулж, түүнийгээ цоо шинэ түвшинд гаргах шийдвэр гарган хэрэгжүүлж эхэлсэн.
 "Челленжер-2" танк нь британий армийн зэвсэглэлд байгаа бөгөөд одоогийн байдлаар Их Британы зэвсэгт хүчинд уг загварын 227 ширхэг танк байгаа юм байна. 
  "Челленжер-2" нь дэлхийн хамгийн хүнд танкнуудын нэг бөгөөд түүний стандарт жин 62,5 тонн байдаг бол Иракийн цэргийн ажиллагааны үеэр нэмэлт хамгаалалт ашиглах замаар зарим тохиолдолд 75 тонн хүрч байсан.


  Лондоны стратегийн судалгааны институтын шинжээч Бен Барригийн үзэж байгаагаар "Челленжер-2"-ийг Т-14 "Армата"-гийн дагуулан ирж буй шинэ боломжуудыг тооцон үзэж  хамгаалалтыг нь хүчитгэх бөгөөд үүний үр дүнд британий танкны стандарт жин технологийн зөвшөөрөгдөх хамгийн дээд хэмжээнд хүртэл өсөж магадгүй байна.
  Ер нь барууны танкнууд жингийн хувьд зөвлөлтийн болон оросын танкнуудтай харьцуулахад эрс ялгардаг бөгөөд энэ нь 68 тонн хүрсэн израилийн "Меркава" танкны сүүлийн хувилбарт ч бас хамаатай. Мөн 60 гаруй тонн жинтэй М1А2 "Абрамс" танкны "3 дахь хувилбар"-ыг ч мартах хэрэггүй. Тийм учраас уг барууны танкнуудын жишигээс британчууд ч мөн хоцрохгүй болов уу.
  Мөн үүнд Их Британи улсын хамгийн сүүлд хийсэн Ирак дэхь байлдааны ажиллагаа ч нөлөөлж байж болзошгүй. Учир нь усан саад тотгор байхгүй болон чулуурхаг эсвэл цөлийн элсэн хөрстэй нутаг дэвсгэрт "Челленжер-2" танканд маш хүнд нэмэлт хуяг нэмж хийх боломжтой байсан юм.


  Нөгөө талаас онолын хувьд "Челленжер-2" болон Т-14 "Армата" танкнууд халз тулах магадлалтай Европын нутаг дэвсгэрийн хувьд нөхцөл байдал эсрээгээ. Европ дэхь НАТО-гийн гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээр, тэр дундаа намар-өвлийн цагт хийгдсэн хээрийн сургуулилтын үеэр эвслийн "Челленжер-2", "Абрамс" болон "Леопард-2" танкнууд нь шуурхай ажиллагаагаа хангахын тулд томоохон инженер-техникийн хангамж шаардлагатай гэдгийг харуулсан.


  Мөн Т-14 "Армата" танкны заналхийлэлийн тухай их яригдаж байгаа боловч үнэндээ "Челленжер-2" танк нь Зөвлөлтийн хуягт танкийн тоо хэмжээний давуу талыг жин болон хамгаалалтыг нэмэгдүүлэх замаар тэнцвэржүүлэх гэсэн "хүйтэн дайн"-ы туршлаган дээр боловсруулагдсан. Гэвч "хүйтэн дайн" дуусгавар болж цэргийн практик болон онолд олон зүйл өөрчлөгдсөн бөгөөд уг өөрчлөлтүүд нь оросын шинэ танк дээр тусгалаа олсон бол "Челленжер-2" дээр тусгагдах боломжгүй юм.

No comments:

Post a Comment