Monday, February 15, 2016

Шведийн армийн шинэ артиллерийн систем

  02-р сарын 01-нд тус улсын цорын ганц артиллерийн анги нэгтгэл болох 9-р артиллерийн хороонд (Artilleriregementet A 9) 4 ширхэг өөрөө явагч 155 мм Archer гаубицны төхөөрөмжтэй эхний батарейг шилжүүлэх ёслол болж өнгөрчээ.


  Анх 2009 оны 8-р сард BAE Systems Bofors компани Шведийн зэвсэгт хүчинд 24 ширхэг өөрөө явагч төхөөрөмжийг нийлүүлэх гэрээг байгуулсан юм байна. Гэрээнд анх заагдсан нөхцөл ёсоор нийт 24 ширхэг Archer ӨЯАТ (Өөрөө Явагч Артиллерийн Төхөөрөмж)-ийг шведийн армид 2011-2012 онуудад нийлүүлэх ёстой байжээ. Гэсэн ч BAE Systems Bofors компаний хэд хэдэн туслан гүйцэтгэгч нарт үйлдвэрлэлийн явцад үүссэн хүндрэлүүд болон системийн гэмтлийг арилгах зэргээс болж Archer ӨЯАТ-ийн нийлүүлэлт графикаасаа маш их хоцорсон гэжээ. Үүний улмаас цуврал үйлдвэрлэлийн анхны 4 ширхэг Archer ӨЯАТ-г 2015 оны 10-р сард шведийн армид хүлээлгэж өгсөн байна.



  Хамгийн сонирхолтой нь Archer ӨЯАТ-г нийлүүлэх хугацаа сунжирснаас болж шведийн хуурай замын цэргийн хүчин сүүлийн 4 жилийн туршид ганц ч их буугүй байсан юм байна. Учир нь тус улсын зэвсэгт хүчний 9-р артиллерийн хорооны зэвсэглэлд өмнө байсан 155 мм-ийн Bofors FH77B чирэгдэх гаубицуудыг 2011 оны сүүлээр зэвсэглэлээс хассан байдаг.


  Үлдсэн 16 ширхэг Archer ӨЯАТ-г 9-р артиллерийн хорооны зэвсэглэлд 2016-2017 онуудын хооронд нийлүүлэх юм байна. Ийм маягаар нийт 24 ширхэг Archer ӨЯАТ нь тус хорооны 91-р болон 92-р дивизионуудын зэвсэглэлд орох бөгөөд 2016 оны төгсгөл гэхэд 91-р дивизион, 2017 оны төгсгөл гэхэд 92-р дивизион нь мөн шуурхай бэлэн байдалд орно гэжээ.


No comments:

Post a Comment