Sunday, January 24, 2016

Дүн шинжилгээ: Ираны баллистик пуужингийн хөтөлбөр болон АНУ-ын хоёр нүүрт бодлогын талаар

  Долоо хоногийн сүүлээр блогтоо тухайн долоо хоногийн онцлох үйл явдлын тухай дүн шинжилгээ оруулж байхаар шийдлээ. Хүлээн авна уу.
  Өнгөрч буй долоо хоногт төдийлөн хүмүүсийн анхаарлыг татаагүй өнгөрсөн нэг мэдээ нь Лалын Бүгд Найрамдах Иран Улсын ГХЯ-ны сайд Мохаммад Жавад Зарифын хийсэн мэдэгдэл. Тэрээр CNN телевизийн сувагт өгсөн ярилцлагандаа өнгөрөгч оны 10-р сард хийгдсэн баллистик пуужингийн туршилт нь олон улсын дүрэм журам, тэр дундаа НҮБ-ийн Аюулгүй Зөвлөлийн тогтоолыг зөрчөөгүй гэсэн юм.



 Түүний хэлснээр дээрх тогтоолын хүрээнд Тегеран цөмийн цэнэг тээвэрлэх чадвартай пуужингийн туршилтыг хийх ёсгүй юм байна. "Бид тийм туршилт хийгээгүй. Мөн бид цөмийн зэвсэглэлтэй болохыг хэзээ ч хүсэж байгаагүй",-гэдгийг нэмж хэлсэн.


   Зарифын онцолж хэлснээр "АНУ нь бидний пуужингуудыг хардаг боловч бидний хөрш улсууд тэрбум, тэрбумыг юунд зарцуулж байгаад бодолцдоггүй. Иран улс нь өөрийгөө хамгаалах хэрэгслийн хувьд хязгаарлагдах ёсгүй" гэсэн. 
   2015 оны сүүлийн өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн тамгын газраас Иран улсыг алсын зайн баллистик пуужингийн туршилтыг 10-р сард хийсэнтэй холбоотойгоор ээлжит хоригийг боловсруулж байгаа гэж мэдэгдэж байсан.
   АНУ-ын хоёр нүүрт бодлого үүнд л оршиж байна. Тэртээ 1987 онд АНУ-ын тэргүүлсэн 7 улс нийлээд ямар нэгэн хууль, эрх зүйн бүрэн эрхгүй нэг ёсондоо "олон улсын клуб"-ыг байгуулж байжээ. Тэр клуб нь "Пуужингийн технологийг хянах горим" (ПТХГ) нэртэй. Албан ёсны бус энэ байгууллага нь  300 км-ээс их алслалттай, 500 кг ба түүнээс дээш жинтэй цэнэгт хошууг тээвэрлэх чадвартай пуужингуудыг "хууль зөрчсөн" гэж тооцдог юм байна.


  Одоогийн байдлаар ПТХГ-д 34 улс байдаг. Уг байгууллагын гишүүн орнууд нь дээд удирдлагадаа ямар ямар орнууд хэнд пуужин болон пуужингийн технологин зарж бага болон хэн нь өөрсдөө пуужингийн технологийг боловсруулж байгаа тухай мэдээлэх үүрэгтэй.
  Цөмийн зэвсгийн хувьд МАГАТЭ-ийн шалгалтаар боловсруулж байгаа нь илэрвэл хориг тавих эрх зүйн үндэслэлтэй болдог. Харин "хууль бус пуужингийн" тохиолдолд ПТХГ нь нээлттэй эх сурвалж болон тагнуулын шугамаар авсан мэдээлэл дээр үндэслэж шийдвэр гаргадаг юм байна. Мэдээж уг шийдвэр нь хэтэрхий нэг талыг баримталсан байхыг доорх Саудын Арабын жишээгээр тайлбарлая.
   Саудитууд яг үнэндээ ираныг пуужингийн зэвсэглэлийн хувьд хэдийн ардаа орхисон гэж хэлж болно. Олон хүн мэддэггүй нэг зүйл бол 1988 онд саудитууд Хятадаас дунд зайн, шингэн түлшт "Дунфэн-3" (DongFeng DF-3/CSS-2 ) баллистик пуужинг худалдаж авсан байдаг. 


Уг пуужингийн алслалт нь 2800 км бөгөөд 2000 кг хүртэл жинтэй цэнэгт хошууг тээвэрлэх чадвартай. Хятад улсад энэ пуужинд цөмийн цэнэгт хошуу суурьлуулдаг боловч саудитуудын пуужинд энгийн тэсрэх цэнэгт хошуу тоноглож өгсөн.  


  Харин 2004 онд бүүр ч хэтэрсэн үйл явдал болж Саудын Араб улс АНУ-ын "чимээгүй зөвшөөрөлтэйгээр" БНХАУ-аас 1700 км-ийн алслалттай, хатуу түлшт "Дунфэн-21" (Dongfeng DF-21/ CSS-5) баллистик пуужинг худалдаж авсан байдаг. 


  Нөгөө ПТХГ-ээс ямар ч анхааруулга, хориг, хорио цээр авагдаагүй гэдгийг онцолмоор байна. "Дунфэн-21" нь GPS ашигласан илүү нарийвчилсан системтэй учраас байг 100 м-ийн дундаж хазайлттайгаар устгах боломжтой.


  Саудитуудад цөмийн зэвсэг олж авах боломж бүрэн нээлттэй. Учир нь тухайн үедээ тэд пакистаны цөмийн бөмбөгний 60%-ийг санхүүжүлж байжээ! Энэ нь шаардлагатай болвол бэлэн цөмийн цэнэгт хошууг шууд худалдаад авчихаж болно гэсэн үг. Юун тэр Иран, Умард Солонгос. 


  Гэхдээ саудитууд АНУ-ын бүс нутаг дэхь холбоотон бөгөөд тэдний "тоглоомын дүрмийг" дагаж байх хүртэл нөгөө алдарт ПТХГ нь саудитуудын пуужингуудыг огт анзаарахгүй байх нь.
  Харин Ираны пуужингийн хөтөлбөрийн хувьд мэдээлэл маш нууцлагдмал байдаг. Саудитууд бэлэн пуужин худалдаж авсан учраас техникийн үзүүлэлт нь нийтэд ил байдаг бол иранууд өөрсдийн пуужингуудаа бараг дангаараа (гэхдээ БНХАУ болон БНАСАУ-ын технологийн тусламжтайгар) хийдэг учраас ираны пуужингуудын үзүүлэлтийн талаар багцаалдаж ярихаас өөр аргагүй байдаг.
  Ираны пуужингийн зэвсэглэл маш өргөн цар хүрээтэй. 70-аас 150 кг жинтэй цэнэгт хошууг 70-аас 150 км хүртэл зайнд хүргэх чадвартай бага зайн 3 төрлийн баллистик пуужинтай. Тэдгээр дундаа хамгийн сайн нь "Зельзал-2" (Zelzal-2) баллистик пуужин бөгөөд хятадын пуужингийн сайжруулсан хувилбар юм байна. 


Байлдааны хэсэг нь 600 кг жинтэй бөгөөд алслалт нь зарим мэдээгээр 250-аас 300 км байдаг. Дээрх үзүүлэлтээр бол цөмийн цэнэгт хошууг тээвэрлэх чадвартай гэдэг нь харагдаж байна. Учир нь ураны цэнэгт хошууны хамгийн бага жин 400 кг орчим. "Зельзал-2" (Zelzal-2) нь хоёр шатлалтай пуужин бөгөөд эхний шат нь хатуу түлштэй бол хоёрдахь нь шингэн түлштэй.



  Дээр дурьдагдсан пуужингууд нь хөдөлгөөнт суурьтай бөгөөд нэг харвах төхөөрөмж дээр 4 хүртэлх тооны пуужин байрладаг. Ираны бага зайн баллистик пуужингуудын тоог 200-аас 500 хүртэлх ширхэг байгаа гэж үздэг.
  Ираны дунд зайн пуужингууд нь "Шахаб" (Shahab) ангилалын пуужингууд нь адил нэртэй бага зайн пуужингийн суурин дээр хийгдсэн. Үе шаттай хийгдсэн гүн сайжруулалтын үр дүнд 1997 онд "Шахаб-2" (Shahab-2) болон 2003 онд "Шахаб-3" (Shahab-3) пуужингууд бий болсон.




   "Шахаб-3" (Shahab-3) нь 1700 км-ийн алслалттай бөгөөд 1000 кг жинтэй цэнэгт хошууг тээвэрлэх чадвартай. Янз бүрийн эх сурвалжуудын мэдээгээр гурван ангилалын "Шахаб" (Shahab) пуужингууд 500-аас 800 хүртэл ширхэг үйлдвэрлэгдсэн гэж байна.



 Гэхдээ уг пуужингуудад хоёр том дутагдал байдаг гэж барууны цэргийн шинжээчид үздэг. Нэгдүгээрт, байг устгах нарийвчлал өндөр биш - дундаж хазайлт 1000 м хүрдэг юм байна. Хоёрдугаарт, дээрх пуужингууд бүгд шингэн түлштэй учраас харвалтын бэлэн байдал маш бага. Өөрөөр хэлбэл пуужинг харвахын тулд түлшээр болон исэлдүүлэгчээр цэнэглэх шаардлагатай болно. 
2007 онд "Шахаб-3" (Shahab-3)-ын суурин дээр 2000-аас 2500 км-ийн зайд харвах боломжтой "Гадр-110" (Ghadr-110) пуужин хийсэн байдаг.
  2000-аад оны сүүлээр ираны инженерүүд технологийн дэвшил хийж хятадын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар пуужингийн хатуу түлшний үйлдвэрлэлийг эзэмшиж авсан юм. Мөн уг түлшинд зориулсан пуужингийн хөдөлгүүрийг хийж чадсан. Үүний дүнд 2009 онд бүрэн хатуу түлшт, хоёр шатлалт "Сежиль-2" (Sejil-2) баллистик пуужин бий болсон. 
  


  Уг пуужин нь 1 тонн жинтэй цэнэгт хошууг 2200 км-ийн зайд хүргэх чадвартай. Хэрвээ цэнэгт хошууны жинг 500 кк хүртэл бууруулвал алслалт нь 3000 км хүрдэг. "Сежиль-2" (Sejil-2) баллистик пуужинг 2013 онд зэвсэглэлд авсан бөгөөд "Шахаб" (Shahab) ангилалын пуужинтай харьцуулахад илүү нарийвчилсан цэцтэй.


  Пуужингийн диаметр 125 см, урт нь 18 м, харвах үеийн жин 21,5 тонн. Нийслэгийн идэвхитэй хэсэг нь богино учраас (хөдөлгүүр ажиллах үе гэсэн үг) Пуужингийн Довтолгооноос Хамгаалах системд өртөх магадлал тэр хэмжээгээр бага байдаг юм байна. 

   Эцэст нь дүгнээд хэлэхэд хэдий Иран улс пуужингийн технологийг идэвхитэй боловсруулж байгаа ч тухайн бүс нутагт ганцаараа ийм төрлийн зэвсэглэийг олж авсан улс биш. Саудитууд тэднээс илүү хол алслалттай, магадгүй илүү боловсронгуй пуужингуудтай. Харин энэ бодит байдлыг АНУ огт анзаарахгүй байгаа гэдэг нь ираны эсрэг элдэв хориг нь эцэстээ ямар нэгэн зэвсэглэлээс огт хамааралгүй, харин америкийн тус бүс нутагт явуулж байгаа бодлогыг эсэргүүцэж байгаа учраас тавигдаж байнаа гэдгийг харуулж байна. Эцсийн бүлэгтээ америкийн шудрага үнэн гэдэг бол хэдэн тэрбум доллараар л хэмжигддэг "наймааны хэрэгсэл" юм даа.

1 comment:

  1. Иран улс ОХУ-аас С-300 систёи авсан гэсэн мэддэлэл байсан. энэ талаар мэдээлэл байна уу

    ReplyDelete