Friday, January 29, 2016

Өмнөд Солонгос 5 дахь үеийн сөнөөгч онгоцоо зохион бүтээнэ

  Өмнөд Солонгосын засгийн газраас KF-X шинэ сөнөөгч нисэх онгоцыг зохион бүтээх төслийг албан ёсоор эхлүүлжээ. 


  Шинэ онгоцыг бүтээхэд 7,1 тэрбум ам. доллар зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна. 2021 он гэхэд сөнөөгч нисэх онгоцны 6 ширхэг загварыг угсарч дуусна гэж төлөвлөж байгаа бөгөөд 2026 он гэхэд зэвсэгт хүчинд нийлүүлэхэд бэлэн болгоно гэжээ.


  Өмнөд Солонгосын засгийн газраас 2032 онд 120 ширхэг KF-X сөнөөгч онгоцыг худалдаж авахад 10 их наяд вон зарцуулахаар төлөвлөсөн юм байна. Уг шинэ нисэх онгоцууд нь АЦХ (Агаарын Цэргийн Хүчин)-ий хуучирсан F-4 "Phantom-2" болон F-5 "Freedom Fighter/Tiger 2" сөнөөгч онгоцуудыг солих ёстой. Уг төсөлд солонгосын зохион бүтээгчдээс гадна америкийн Lockheed Martin болон индонезийн PT Dirgantara Indonesia компаниуд оролцоно гэжээ.
  Өмнөд Солонгосын Батлан Хамгаахын Худалдааны Агентлагийн мэдээгээр тус улсын мэргэжилтнүүд үечилсэн антенны сараалжтай олон горимт радиолокацын станц болон электрон-шилэн онилгооны системийг оролцуулаад 90 орчим чухал системийг боловсруулах юм байна. Нийтдээ KF-X-ийн 65%-ийг Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэнэ гэжээ.


  Америкийн Lockheed Martin компаниас Өмнөд Солонгосын талд америкийн F-35 "Lighting II" сөнөөгч онгоцонд ашиглагдсан 21 технологийг шилжүүлэх юм байна. Одоогоор яг ямар технологиуд байх талаар тодруулаагүй. Өмнө нь АНУ-ын талаас F-35-ын дараах 4 технологийг шилжүүлэхээс татгалзсан:  идэвхитэй үечилсэн антенны сараалжтай радар, хэт ягаан туяаны хайлтын-ажиглалтын систем, онилгооны электрон-шилэн систем болон радиоэлектрон эсэргүүцлийн систем.
  PT Dirgantara Indonesia компани шинэ байлдааны нисэх онгоцны зарим нэг элементүүдийн төслийн ажил болон үйлдвэрлэлд оролцох юм. Түүнээс гадна Индонезийн засгийн газар уг төсөлд 1,6 их наяд воны санхүүжилт хийнэ гэжээ. Төсөл дууссаны дараагаар Индонез улсад нэг ширхэг KF-X сөнөөгч онгоцны загвар болон зарим нэг технологийг дамжуулна. Яг ямар гэдгийг нь тодруулаагүй байна.


  KF-X сөнөөгч онгоцны урьдчилсан зохион бүтээх шатны ажил 2001 онд эхэлсэн. Өмнөд Солонгосын тал шинэ байлдааны онгоцоо 4,5 үеийнх гэж үздэг юм байна. Төслийн дагуу уг байлдааны нисэх онгоц нь өөрийн боломжоороо "Rafale" болон "Typhoon" сөнөөгч онгоцуудаас илүү боловч америкийн F-22 "Raptor" болон F-35 сөнөөгч онгоцууудыг гүйцэхгүй байна гэжээ (!).

No comments:

Post a Comment