Thursday, June 2, 2016

Туркийн "Алтай"-г цэргийн сургуулилтанд оролцуулна

  Туркийн Отокар компани өөрийн бүтээгдэхүүн болох Altay (Алтай)  БҮТ (байлдааны үндсэн танк)-ийг тус улсад болох EFES 2016 цэргийн сургуулилтанд оролцоно гэжээ.


  АНУ болон Саудын Араб зэрэг 8 улсын 860 цэргийн албан хаагч оролцох цэргийн сургуулилт нь Эгийн тэнгисийн эрэг дээр болох юм байна. Отокар компани нь  Altay БҮТ-наас гадна Arma хуягт тээвэрлэгч болон Tulpar ЯЦБМ (явган цэргийн байлдааны машин)-ыг танилцуулна гэжээ.

ARMA хуягт тээвэрлэгч
TULPAR явган цэргийн байлдааны машин

  Altay нь 3+ үеийн БҮТ-нд хамаарагдах бөгөөд Турк улсын Milli Tank Üretim Projesi ALTAY (MITÜP ALTAY - үндэсний танкны "Алтай" төсөл) хөтөлбөрийн хүрээнд зохион бүтээгдсэн. "Алтай" нь туркийн хуурай замын цэргийн хүчний командлалын  (Turkish Land Forces Command - TLFC) шаардлагын дагуу зохион бүтээгдсэн анхны танк гэдгийг онцолж байгаа юм байна.
_________________________________________________________________________


  Блогийн зүгээс нэмэлт мэдээлэл: Анх "Алтай" БҮТ-ы талаар 2008 онд мэдээлэл цацагдаж байсан юм. 1919-1923 онуудад Туркийн тусгаар тогтнолын төлөөх дайны үеэр 5-р морин цэргийн корпусыг командалж байсан армийн генерал Фахреттин Алтай-ын нэрээр нэрлэгджээ. Турк улс нь танк зохион бүтээх туршлага байхгүй учраас Өмнөд Солонгосын талаас К-2 Black Panther танкийг зохион бүтээсэн Rotem компаниас туслалцаа авсан. Үр дүнд нь К-2 Black Panther БҮТ-ны хялбаршуулсан хувилбар бий болж Altay гэж нэрлэгдсэн юм байна. Жишээ нь солонгосын танк сум цэнэглэх автомат системтэй бол туркийн инженерүүд гар цэнэглэх системийг үлдээж багийн гишүүдий тоог 1 хүнээр нэмсэн.Туркийн талаас мэдэгдэж байгаагаар шинэ танкны 60% нь К-2 Black Panther-ын эд ангийг ашигласан. 2016 оноос эхлэн цувралаар үйлдвэрлэгдэнэ гэж мэдэгдэж байсан ч одоогоор зөвхөн 4 ширхэг үйлдвэрлэгдсэн гэсэн мэдээлэлтэй байна.


  Анхандаа 60 тонн жинтэй Altay дээр 1500 м.х.-тэй германы дизель хөдөлгүүрийг тавих гэж байсан ч туркууд хангалтгүй гэж үзэн 1800 м.х.-тэй хөдөлгүүр хайж эхэлсэн байна. Ийм хөдөлгүүрүүдийг туркийн талд японы Mitsubishi Heavy Industries нийлүүлнэ гэж төлөвлөгдөж байсан ч гэрээ байгуулж чадаагүй учраас туркууд өөрсдөө хөдөлгүүрээ хийхээр болсон.
  Altay БҮТ-ны гол зэвсэг болох их буу нь 120-мм калибртай германы L-55 их бууны хуулбар гэжээ. Мөн 12,7-мм болон 7,62-мм калибрын пулемётуудтай алсын удирдлагын байлдааны модуль тоноглогдох юм байна.


  Хуяглалт нь олон давхар модуль маягтай бөгөөд химийн, биологийн, цацраг идэвхит болон цөмийн зэвсгийн хамгаалалттай. Бас лазерын цацрагын тухай анхааруулах системтэй.
  Туркийн цэргийнхний мэдэгдэж байгаагаар Altay БҮТ нь оросын шинэ Т-14 "Армата"-тай зэрэгцэхүйц хэмжээнд хийгдсэн. Харин оросын цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар оросын Т-90МС-тэй үзүүлэлтээрээ дөхөж очсон гэсэн байна.

No comments:

Post a Comment