Tuesday, January 19, 2016

БНХАУ-ын АЧА (Ардын Чөлөөлөх Арми)-ийн ZTZ 99 (Type 99) танк



  Өнөөдөр та бүхэндээ манай өмнөд хөрш БНХАУ-ын АЧА (Ардын Чөлөөлөх Арми)-ийн ZTZ 99 (Type 99) танкийг танилцуулж байна.



  Анх уг танкийг 1999 оны 10-р сарын 1-нд болсон цэргийн парадны үеэр нийтэд ил гаргаж байсан. Харин 2009 онд ZTZ 99 танкийн ерөнхий зохион бүтээгч Чжу Юйшэнтэй хийсэн ярилцлага дэлхийн цэргийн салбарынхныг бужигнуулсан. Уг ярилцлаганд "Хятадад үйлдвэрлэгдсэн ZTZ 99 шинэ танк нь галын хүч, хөдөлгөөнт чадвар болон хамгаалалт гэсэн байлдааны гурван чухал үзүүлэлтээрээ дэлхийн шилдэг 10 танкнуудын дунд тэргүүн байр эзлэх ба түүнтэй зөвхөн Германы "Леопард-2" болон Америкийн "Абрамс" хоёр л өрсөлдөж чадна" гэсэн байдаг. Оросын ойрын холбоотон болоод ч тэр үү, эсвэл үгүй юу, ямар ч байсан оросын танкуудыг бол дурьдаагүй. Чжу Юйшэний онцолсноор ZTZ 99 танк нь бүхлээрээ хятадын инженерүүдийн бүтээл бөгөөд "гурван үеийн хүмүүсийн хөдөлмөрийн үр дүн" юм байна. 

  Хэдийгээр хятадын танк үйлдвэрлэгчид "бид бусдын чиг хандлагыг сохроор дагах ёсгүй, тэгвэл хоцрогдохоос өөр аргагүй болно" гэж мэдэгддэг ч үнэн хэрэг дээрээ Украин, Орос, Израиль улсуудын сүүлийн үеийн техникуудын явах эд анги, галын удирдлагын систем, хамгаалалт зэрэг бэлэн шийдлүүдийг сайжруулах, зарим тохиолдолд шууд хуулбарлаж байсан юм. Гэсэн хэдий ч уг танк нь хятадын танк үйлдвэрлэлийн хувьд гоц амжилт бөгөөд БНХАУ-ын цэрэг-аж үйлдвэрийн хүчин чадлыг өндөр түвшинд байгааг илэрхийлж байгаа ажээ. ZTZ 99 танк нь Type 90 төрлийн танкнуудын сүүлийн загвар юм. Умард хятадын машин үйлдвэрлэх институт буюу NEVORI болон 1-р машин үйлдвэрлэх компани буюу FIRMACO нийлж Type 98 танкийн цаашдын сайжруулалтыг үргэлжлүүлэх замаар ZTZ 99 танкийг бий болгосон юм байна. Гол сайжруулалтуудыг дурьдвал илүү хүчтэй хөдөлгүүрийг тавьж хөдөлгөөнт чадварыг нэмэгдүүлсэн, угсармал динамик хамгаалалтыг суурьлуулж өгснөөр хамгаалалтын хүчитгэсэн мөн галын удирдлагын системийг сайжруулж өгсөн юм байна. Хамгийн сонирхолтой нь дээрх техникийн шийдлүүдийг эскпортын хэрэгцээнд үйлдвэрлэдэг МВТ 2000 танкууд дээр суурьлуулж туршиж байсан байх юм. 

  Хэдий хятадын мэргэжилтнүүд уг танкийг бүрэн хятадын боловсруулсан танк гэж байгаа ч гадаадын шинжээчид ZTZ 99 нь зөвлөлтийн Т-72 танкны гадаад шинжийг агуулдаг бөгөөд зөвлөлтийн танк үйлдвэрлэх чиг баримтлалаар хийгдсэн гэж үзэж байгаа юм байна. Танкны бүрэлдэхүүн хэсгүүдийн байрлал нь уламжлалт буюу удирдлагын хэсэг урд талд, хөдөлгүүр ар талдаа байрладаг. Т-72-той харьцуулахад их бие нь урд талдаа том хэмжээтэй цамхагийг байрлуулах болон илүү чадалтай хөдөлгүүрийг ар талдаа байрлуулах шаардлагын улмаас уртасгасан байдаг. Танкны их буу нь зөвлөлтийн 2А46 маркийн 125 мм-ийн их бууны хуулбар бол, цамхаг нь барууны танкуудтай ижил бөгөөд хөдөлгүүр нь германы хөдөлгүүрийн суурин дээр хийгджээ.ZTZ 99 нь германы "Леопард-2"-оос 400 мм-ээр, америкийн "Абрамс"-аас 200 мм-ээр намхан бөгөөд энэ нь түүний хөдөлгүүр болон явах эд ангийн байрлалуудыг авсаархнаар шийдсэн гэдгийг харуулж байна. Их бие болон цамхаг нь бүхэлдээ гагнууран холбоосоор холбогдсон. Хуяглалт нь олон давхаргат бөгөөд ган хавтангуудын завсар хуяглалтыг сайжруулах материалуудын хослолыг байрлуулсан байдаг. Духнын хэсгийн хуяглалтыг сайжруулахын тулд их биений урд хэсэгт угсармал идэвхитэй хамгаалалтыг суурьлуулж өгсөн байдаг. 
ZTZ 99 танкан дээр германы МВ871ka501 шингэн хөргөлттэй, 1500 м.х.-тэй турбо үлээлгэтэй дизель хөдөлгүүрийн суурин дээр бүтээгдсэн хөдөлгүүрийг тоноглож өгсөн.
  Гадаадын шинжээчдийн үзэж байгаагаар явах эд ангийг нь оросын Т-72 танкийг шууд хуулбарласан гэж үздэг.

  Танкийн үндсэн зэвсэг болох ZPT-98 их буу нь оросын 2А46 их бууны сайжруулсан хувилбар бөгөөд дулаан тусгаарлах гэрээр халхлагдсан. ZТZ-99 танкны орлох зохион бүтээгч Ван Жэжуны хэлж байгаагаар бол уг их буу нь өөрийн үзүүлэлтээрээ "Леопард-2" болон "Абрамс" танкууд дээр тавигддаг германы RH-120 болон оросын 2А46М-1 их буунуудаас хавьгүй илүү юм байна. Мөн л Ван Жэжуны баталж байгаагаар вольфраман зүрхэвчтэй сумыг ашиглах үед 2000 метрийн зайнаас 850 мм-ийн цул ган хуягийг нэвтлэх чадвартай. Харьцуулахад "Абрамс" М1А2-ын их буу мөн зайнаас 810 мм-ийн цул ган хуягийг, японы "Type 90" танкны их буу мөн зайнас 650 мм-ийн цул ган хуягийг нэвтэлдэг. Өөрийнхөө хийсэн бүтээлд ийм итгэлтэй байгааг бодход сайн туршсан л байлгүй. Харин чухам барууны болон оросын үйлдвэрлэлийн хуяглалтны эсрэг бол туршигдаагүй байгаа болов уу.





  ZТZ-99 танкны галын удирдлага нь ахлагчийн өргөн дэлгэцийн онилгоо болон онилогчийн лазеран алсыг хэмжигчтэй, дулааны сувагтай онилгоо, хоёр тэнхлэгийн тогтворжуулагч, тоон баллистик тооцоолуур болон цаг уурын нөхцөл байдлыг мэдрэгч, их бууны голын элэгдлийн мэдрэгчүүдээс бүрдэнэ. Танк нь ажиглалтын хэрэгслүүдээс ирэх мэдээлэлийг боловсруулах системээр тоноглогдсон бөгөөд бодит цагийн үзүүлэлтийг өнгөт дэлгэцэн дээр үзүүлдэг. Дулааны хараа нь нөхцөл байдлыг шөнийн цагт болон их утаатай үед хянах боломж олгоно. Түүнээс гадна байр зүй тогтоох инерциал болон хиймэл дагуулын GPS сувагтай системээр тоноглогдсон. Онилогчоос гадна ахлагч гал нээх боломжтой байдаг.

  Одоо харин их сонирхолтой мэдээлэл: ZТZ-99 нь лазерын цацрагийг илрүүлэх LRW мэдрэгч болон квантын ZM-87 генератороос бүрдэх идэвхитэй хамгаалалтын JD-3 лазер цогцолбороор тоноглогдсон. Танкийг эсрэг талын лазерын цацрагаар цацруулсан дохио ирсэн үед уг систем нь цамхагийг цацаргалтын эх үүсвэр рүү эргүүлэх дохио өгдөг. Үүний дараагаар бага чадлын лазерын цацраг эсрэг талын нарийвчилсэн байрлалыг тогтооно. Тогтоосны дараагаар цацрагын чадал огцом өсч эсрэг талын оптик хэрэгслүүдийг ажиллагаагүй болгоно. Лазерын хамгийн их чадал нь 100 МЖ. Уг цогцолбор нь 2-3 км-ийн зайд үйлчидэг гэсэн байна. Хятадуудын баталж байгаагаар нисэн ирж байгаа танк эсэргүүцэх пуужингийг хошууг онох чадвартай. 

  Хятад улс ZТZ-99-ийн сайжруулалтыг тасралтгүй хийж байгаа. 2014 онд ZТZ-99А2 хувилбарыг боловсруулсан бөгөөд сайжруулсан хөдөлгүүр, элекрон төхөөрөмж болон идэвхитэй хуяглалтаар тоноглогдсон. Харин энэ удаад оросын Т-80-ын суурин дээр боловсруулагдсан гэж тооцогддог юм байна. 
  Барууны цэргийн шинжээчид ZТZ-99 нь одоогийн байдлаар бусад орнуудын зэвсэглэлд байгаа танкнуудтай нэг түвшинд өрсөлдөх чадвартай гэж үзэж байгаа юм. 

  Бидний хувьд азтай гэж хэлэхэд юу юм, ямар ч байсан уг танкны өөрийн өртөг нь өндөр тул их хэмжээний цуврал үйлдвэрлэлийн түвшинд биш харин цөөн хэмжээний цуврал үйлдвэрлэлийн хэмжээнд нийлүүлэгдэж байгаа. Одоогийн байдлаар Бээжингийн цэргийн тойргийн 38-р армийн 6-р танкийн дивизийн болон 26-р армийн 8-р танкийн дивизийн зэвсэглэлд л байдаг. Эдгээр нь БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн шилдэг танкийн анги нэгтгэлүүдэд тооцогддог. 

Манай урд хөршийн хамгийн сүүлийн үеийн танкны хувьд ийм мэдээлэл байна.

No comments:

Post a Comment