Tuesday, January 26, 2016

"Далавчит явган цэргийн" шинэ артиллери

  Оросын цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар ОХУ-ын АДЦ (Агаарын Десантын Цэрэг)-ийн артиллерийн дэмжлэг үргэлж хангалтгүй түвшинд байж ирсэн юм байна. 



 1980 оноос эхлэн зөвлөлтийн болон оросын десантчид 120 мм-ийн 2С9 "Нона-С" өөрөө явагч төхөөрөмжөөр артиллерийн дэмжлэгээ хангах боломжтой байжээ. Харамсалтай нь үндсэн хүчээсээ хол байлдааны ажиллагаа явуулах десантын цэргүүдэд энэ тун хангалтгүй байсан. Тийм учраас 2012 онд 120 болон 152 мм-ийн их буутай десантын "Зауралец-Д" шинэ өөрөө явагч артиллерийн төхөөрөмжийг хийх санаа гарсан юм байна. 


  Уг шинэ артиллерийн систем нь нэгэн зэрэг их буу, миномёт болон гаубицын үүрэг гүйцэтгэх чадвартай байхаар төлөвлөжээ. Артиллерийн системийн хувьд өмнө нь ашиглаж байсан "Нона" их бууны сайжруулсан хувилбар тавигдах бол явах эд ангийн хувьд хоёр хувилбар байгаа юм байна. Намагтай газар БМД-4М байлдааны машины суурин дээр хийгдсэн гинжит хувилбар нь давуу талтай бол хар зам дагуу холын зайд шуурхай шилжих тал дээр "Волк-3" хуягт машины суурин дээр хийгдсэн дугуйт хувилбар нь давуу байгаа учраас аль аль хувилбар нь өөрийн давуу болон сул талтай. Мөн уг хоёр хувилбар нь хоёулаа агаарын тээврийн нисэх хүчний онгоцуудаар зөөгдөх болон шүхрээр газарт буух боломжоор хангагдсан юм байна.


 2016 онд АДЦ-д цөөн тооны "Зауралец-Д" артиллерийн төхөөрөмжийг нийлүүлэх бөгөөд үе шаттай туршилтуудын дараагаар 2019 онд зэвсэглэлд бөөнөөр нийлүүлнэ гэжээ. Шинэ өөрөө явагч артиллерийн төхөөрөмжөөр АДЦ-г 2020 он гэхэд бүрэн зэвсэглэж дуусгах төлөвлөгөөтэй оросын цэргийн инженерүүд ажиллаж байна.

No comments:

Post a Comment