Monday, January 18, 2016

Израиль улсын Батлах Хамгаалах Хүчний хамгийн сүүлийн үеийн "Меркава 4" танк

  "Меркава" ангилалын танк бий болсон түүх нь Израиль улсын түүхтэй нягт холбоотой. Израиль улс нь 1948 оны 5-р сарын 14-нд тусгаар тогтнолоо зарлахаасаа өмнө өөрийн анхны дайнаа 1947 оны 12-р сард хийсэн байдаг. Тухайн үед дөнгөж бий болсон арми ямар ч хуягт техникгүй байжээ. Харин дайн 1949 оны 3-р сарын 10-нд дуусахаас өмнөхөн нь Хайфа хотод байрлаж байсан Их Британы 3-р торгон цэргийн хоёр цэрэг Тель-Авив хот руу хоёр ширхэг "Кромвель" танкийг оргуулан авчирсан байдаг. Оргуулсан шалтгааныг одоо болтол тодруулж чадаагүй бөгөөд израилчууд дээрх хоёр цэргийг "талархагч" нар гэж нэрлэдэг. Ямар ч байсан ийм замаар Израиль улс анхны хуягт танктай болсон ажээ.

  Дайны дараа англичуудын агуулахад үлдсэн сэлбэгийг ашиглан 1939 онд үйлдвэрлэгдэж байсан 3 ширхэг "Шерман" танкийг угсарч чадсан байдаг. Мөн Франц улсаас 10 ширхэг хөнгөн "Гочкис" танк, хэд хэдэн хагас гинжит болон дугуйт хуягтехникүүдийг худалдан авч чаджээ. Залуу Израиль улс өөрийн зэвсэгт хүчиндээ хуягт техникийг нийлүүлэх бүх боломжийг ашиглаж байсан гэхэд хилсдэхгүй. Ингээд дээрх бүх танкуудыг нийлүүлээд Д2Д-ы ахмад дайчин Ицхак Садехын командалсан 8-р хуягт танкийн бригадыг байгуулсан. Уг бригадын бүрэлдэхүүнд 82-р танкийн болон 89-р механикжуулсан батальонууд оржээ. Хамгийн сонирхолтой нь 82-р танкийн батальон нь 2 сумангаас бүрдэж байсан бөгөөд эхний суманд баруун европоос ирсэн цагаачид болон английн армиас оргосон танкчид байсан бол хоёрдахь суманд Улаан Армид байсан орос цэргүүд байсан байна. Энэ үеэс эхлэн Израилийн армид хуяг танкийн хүчин бий болсон байна.

   1956 оны намар эхэлсэн Синайн ажиллагааны үед буюу Израиль улсын дараагийн дайн эхлэх үед израилийн арми дийлэнх нь Франц улсаас худалдан авсан 200 ширхэг "Шерман" болон 100 ширхэг АМХ-13 хөнгөн танкуудтай болчихсон байжээ. Дээрх танкуудыг нийлүүлээд 7-р танкийн бригад, 27-р танкийн бригад болон 37-р танкийн бригадуудыг байгуулсан байна. Харин уг дайнд амжилттай оролцож чадсан үндсэн гавьяа нь дээрх танкийн анги нэгтгэлүүд байсан гэдгийг израильчууд онцолдог. Дайны явцад английн, америкийн болон зөвлөлтийн хуягт техникүүдийг олзолж хүчээ зузаатгасан байна. Олзолсон техникүүдийн дунд 27 ширхэг Т-34 танк, 46 ширхэг "Шерман" танкнууд байсан.

   Ээлжит 1967 оны 6-р сарын "Зургаан хоногийн дайн" эхлэх үед Израилийн арми англичуудаас худалдаж авсан 250 ширхэг "Центурион", америкчуудаас авсан 200 ширхэг М48 "Паттон" танкуудтай болсон байж. Харин өмнөх 200 ширхэг "Шерман"-уудыг францын 105 мм-ийн их буугаар тоноглож сайжруулсан байдаг. Ингээд тухайн үеийн Израилийн Батлан Хамгаалах Хүчин нийтдээ 9 ширхэг хуягт танкийн бригадтай болсон.
   "Зургаан хоногийн дайн"-д оролцсон цэргүүдийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсний дүнд израилийн цэргийн удирдлага томоохон шинэчлэлт хийх шийдвэр гаргасан байна. АМХ-13 танкуудыг хуучирсан гэж тооцож зэвсэглэлээс хассан байдаг. Харин М48 "Паттон" болон "Центурион" танкнуудад английн 105 мм-ийн L7 их бууг мөн "Континенталь" дизель хөдөлгүүрүүдийг тоноглосноор бүх танкууд нэгэн ижил сум, хэрэгсэл болон ижилхэн түлш ашиглах боломжтой болжээ. Газар дундын тэнгисийн эрэг дээрх жижигхэн улсын хувьд энэ нь эдийн засгийн хувьд маш чухал нөлөөтэй байсан юм.

   1970 онд АНУ-аас худалдаж авсан М60А1"Паттон 4" танкнууд, М107 болон М109 өөрөө явагч артиллерийн төхөөрөмж мөн М113 хуягт тээвэрлэгчүүд нийлүүлэгдэж эхэлжээ. Мөн ЗХУ-аас египетийн армийн шинэчлэлд зориулан нийлүүлж байсан олзны Т-54, Т-55, БТР-40, БТР-152, ПТ-76 хуягт техникүүдийг зэвсэглэлдээ авсан байдаг.
   Дараагийн 1969 оны 3-р сараас 1970 оны 8-р сарын 7-ны хооронд үргэлжилсэн "Туйлдуулах дайн" гэж нэрлэгддэг мөн 1973 оны 10-р сарын 6-25-ны хооронд үргэлжилсэн 10-р сарын дайны үеүүдэд израилийн арми 16 ширхэг танкийн бригадын бүрэлдэхүүнтэй оролцсон. Уг дайны үеүүд нь ихээхэн хэмжээний хуягт техникүүд ашиглагдсанаараа онцгой байсан гэдгийг дурьдах хэрэгтэй. Жишээ нь 1973 оны 10-р сарын 6-нд Голаны өндөрлөг рүү хийсэн давшилтыг сирийн арми нийтдээ 1250 ширхэг танктай 1-р болон 3-р танкийн дивизүүдийн хүчээр эхлүүлсэн байдаг. Харин 10-р сарын 14-нд Синайн нь чиглэлээс египетийн арми нь нийтдээ 1000 хүртэл танктай 5 ширхэг цуваагаар давшиж эхэлсэн. Фронтын шугамын энэ хэсэгт израилийн 252-р танкийн дивиз нь 300 танктайгаар сөрөх давшилтанд орж 200-г нь алдсан байдаг. Дайны төгсгөлд Египет, Сири болон Иракийн зэвсэгт хүчнүүд нийтдээ 1300 танкаа алдсан бол израилийн тал 850 танкаа алдсан байжээ.

  Дээрх бүх дайнуудын явцад израилийн цэргийн командлал нь байлдааны ажиллагаанд хуягт танкийг ашиглах томоохон туршлагыг олж авсан байна. Гэвч тухай үед зэвсэглэлд нь хэвээрээ байсан "Шерман" болон "Центурион" танкнууд нь 1960 оны төгсгөл гэхэд бүрэн хоцрогдож, давшилтын гол хүчинд тавигдах шаардлагыг хангаж чадахгүй болсон байж.
   Энэ үед дэлхийн танк үйлдвэрлэгч орнуудад хуягт танкийг ашиглах тактикийн үзэл бодол эсрэг тэсрэг замаар хөгжих болсон байна. Англичууд танкийн давуу тал нь түүний хуягны хамгаалалт болон галын хүч гэж үзэн, уг зарчимаар "Чифтен" танкийг бүтээсэн бол франц болон германы инженерүүд маневрлах чадвар сайтай АМХ-30 болон "Леопард" танкнуудыг бүтээсэн байдаг. Израилийн хувьд өөрсдийн туршлага дээр үндэслэн хамгийн чухал зүйл бол эсрэг талын галын доор байлдах чадвартай байх буюу найдвартай хуягны хамгаалалт гэж тооцжээ. Тийм ч учраас английн "Чифтен" танк нь израилийн цэргийнхний сонирхолыг татсан юм. 1966 онд эхний туршилтын хоёр ширхэг "Чифтен" танкнууд Израильд нийлүүлэгдсэн байна. Уг хоёр танкийг хээрийн нөхцөлд болон "Зургаан өдрийн дайн"-ы явцад байлдааны ажиллагаанд ашиглаж хуягны хамгаалалтыг нь шалгаж үзжээ. "Чифтен" танк нь израилийн цэргийн командлалаас бүрэн эерэг үнэлгээ авсан. Тийм ч учраас "Чифтен"-ийг худалдаж авах гэрээг даруйхан хийж, гарын үсэг зурсан боловч 1969 онд Их Британы засгийн газар Израиль улсад дурын цэргийн техник нийлүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Ингээд "Зургаан өдрийн дайн"-ы дараа Израиль улсад тогтмол зэвсэг нийлүүлдэг цорын ганц улс нь АНУ болсон юм. Ганцхан нийлүүлэгчээс зэвсэглэлийн хамааралтай нь байх нь Израиль улсыг маш хүнд байдалд оруулсан учир 1969 оны төгсгөл гэхэд өөрийн улсын үйлдвэрлэлийн танкийг боловсруулах ажлыг багтаасан цэргийн судалгааны шинэ хөтөлбөрийг гаргах үүрэг өгчээ. Хүнд хуягт техникийг угсрах үйлдвэрлэл огт байгүй харин танкийг зөвхөн сайжруулах болон засварлах түвшинд байсан орны хувьд энэ санаа эхнээсээ маш хэцүү байсан нь ойлгомжтой. Мөн дээрээс нь бэлтгэгдсэн мэргэжилтнүүд байхгүй байсан гэхэд хилсдэхгүй. Ямар ч байсан өөрийн үйлдвэрлэлийн танктай болох төслийг хошууч-генерал Исраэль Талийг удирдуулахаар томилсон байна. И.Талийн бүрдүүлсэн офицеруудын багийнхан өмнөх дайны туршлагыг судлан үзэж эсрэг талын сум дийлэнх тохиолдолд танкны цамхагийг онож байсан гэдгийг тогтоосон байна. Мөн Израиль улсын цэргийн дайчилгааны нөөц хязгаарлагдмал, дээрээс нь сайтар бэлтгэгдсэн танкийн багийг алдах нь цэргийнхний хувьд хүнд гарз, хохирол болох учраас багийн гишүүдийн аюулгүй байдал нэн тэргүүний зорилт болсон байдаг. Шинэ танкийг боловсруулах ажил маш хурдтай явж байсан бөгөөд 1971 оны хавар гэхэд анхны туршилтын загварыг үйлдвэрлэж чадсан байна. Израилийн шинэ танкны гол онцлог нь хөдөлгүүр-явах эд ангиудыг их биений урд хэсэгт байрлуулсан байдагт оршино. Ингэснээр их биений урд хэсгийг сум нэвтэлсэн байлаа ч хөдөлгүүрийн хэсэгт тогтож үлдэх тул шинэ танкны урд хэсгийн хамгаалалт тун өндөр байжээ. Шинэ танк нь "Меркава 1" гэсэн нэртэй болж 1976 онд цуврал үйлдвэрлэлд орсон байна. 1978 онд албан ёсоор Израилийн армийн зэвсэглэлд нийлүүлэгдэж эхэлжээ. "Меркава" танкны 2/3 нь дан израилийн үйлдвэрлэлийнх байсан байна.
   "Меркава 4" танк нь 2002 онд зэвсэглэлд нийлүүлэгдсэн бөгөөд өмнөх загваруудаасаа илүү хүчтэй дизель хөдөлгүүр,олон давхаргат хуяглалт болон барууны танкнуудаас хамгийн анх "Trophy" идэвхитэй хамгаалалтын системээр тоноглогдсон байдгаараа онцлог болсон юм.

   Одоо харин хамгийн чухал хэсэг. "Меркава" ангилалын "Меркава 1" танк нь 1982 онд Ливаны дайны үед анх удаа байлдааны ажиллагаанд ашиглагдсан байдаг. Тухайн үед нийт 200 ширхэг "Меркава 1" танк байлдааны ажиллагаанд оролцсон юм. Гадаадын цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар "Меркава 1" танк нь байлдааны ажиллагаанд өөрийгөө сайн талаас харуулж чадсан. Уг дайны үеэр ойролцоогоор 50 ширхэг "Меркава 1" устгагдсан бөгөөд дийлэнх нь Т-72 танкны 125 мм-ийн их бууны галд өртсөн байдаг. Эдгээрээс дийлэнх хэсэг нь эргэн засварлагдаж зэвсэглэлд нийлүүлэгдсэн бөгөөд ердөө 7 ширхэг танк л бүрэн устгагдсан юм байна.
   Израилийн цэргийн командлал нь "Меркава 1" хангалтгүй хуяглалттай байна гэж тооцсон учраас нэн даруй илүү хүчтэй хамгаалалттай "Меркава 2" танкийг боловсруулж эхэлсэн байна. 1997 оны намар "Меркава" ангилалын танкнууд нь Өмнөд Ливанд "Хезболла" бүлэглэлийн эсрэг хийсэн байлдааны ажиллагаанд ашиглагдсан. "Хезболла"-гийн дайчид энэ мөргөлдөөний үеэр 3 ширхэг "Меркава 3" танкийг 9К111 "Фагот" эсвэл "Корнет-Э" ТЭЗП-аар устгаж чадсан юм.

   2006 оны Ливаны 2-р дайны үеэр 400 ширхэг "Меркава 2", "Меркава 3" болон "Меркава 4" танкууд ашиглагдаж үүнээс 52 ширхэг нэгж устгагдсан байдаг. Эдгээрээс 50 ширхэг танк нь ТЭЗП болон РПГ-ээр устгагдсан. Хамгийн сонирхолтой нь 6 ширхэг "Меркава4" танкны хуяг нь нэвт буудуулсан байдаг юм байна. Устгагдсан танкнуудын дийлэнх хэсгийг мөн л сэргээн засварлаж чадсан байдаг.

   Эцэст нь дүгнээд үзхэд Израиль улс үүсэн бий болсон нь сайн уу, муу юу гэсэн асуудлыг орхиж зөвхөн цэрэг-техникийн талаас нь харах юм бол богино хугацаанд өөрийн үйлдвэрлэлийн танкийг хийж чадсан, хийх хийхдээ дэлхийд дээгүүр үнэлэгдэх танкийг боловсруулж чадсан зэрэг нь израилийн цэргийн инженерүүдийн чадварыг хүндлэх сэтгэгдэл төрүүлж байна. Мэдээж санхүүгийн тусламж, дэмжлэг байсан нь ойлгомжтой. Хуучин гэж гололгүй байнга сайжруулж, жинхэнэ утгаараа "дуслыг хураавал далай" гэсэн зарчимаар ажиллаж байсны хүчинд одоогийн Израиль улсын Батлах Хамгаалах Хүчинд 3230 ширхэг танк байгаа юм. Улаанбаатар хотыг 5 нийлүүлсэнтэй адил газар нутагтай жижигхэн улсын хувьд энэ бол маш том үзүүлэлт.
"Меркава 4" танкны хувьд товчхон гэвэл ийм байна. Та бүхэнд таалагдах байх гэж найда байна. Санал бодол, сэтгэгдлүүдээ үлдээгээрэй.

3 comments: