Monday, January 18, 2016

Өмнөд Солонгосын К2 танкны анхны цуврал үйлдвэрлэгдэж дууслаа

  Hyundai Motor Group-ийн бүрэлдэхүүнд ордог Hyundai Rotem нэгдэл нь Чханвон дэхь үйлдвэртээ 2015 оны 11-р сарын 25-нд эхний цуврал үйлдвэрлэлийн 100 дэхь К2 Black Panther танкийг үйлдвэрлэж БХЯ-нд хүлээлгэн өгсөн тухай мэдээлжээ. Нэгэн зэрэг уг 100 дэхь К2 Black Panther нь германы MTU MT883 дизель хөдөлгүүр ашиглагдсан сүүлийн цуврал танк болж байгаа юм байна.



  Hyundai Rotem нэгдэл нь Өмнөд Солонгосын БХЯ-ны худалдааны агентлагтай 2014 оны 12-р сарын 29-нд байгуулсан 820 сая ам. долларын өртөгтэй гэрээг маш богино хугацаанд биелүүлжээ. Гэрээний биелүүлэлт нь албан ёсоор гэрээнд гарын үсэг зурагдахаас өмнө эхэлсэн бөгөөд Чханвонд үйлдвэрлэсэн анхны цуврал К2 танкнуудын эхний ээлжийг 2014 оны 11-р сард нийлүүлж эхэлсэн юм. Ийм маягаар Hyundai Rotem К2-ын анхны 100 ширхэг танкны цуврал үйлдвэрлэлийг ганцхан жилийн дотор дуусгасан бөгөөд энэ нь өмнөд солонгосын орчин үеийн аж үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр түвшинд байгааг харуулж байна. Үйлдвэрлэгдсэн танкнууд нь армид 2017 он эхлэхээс өмнө шилжүүлэгдэнэ гэжээ.

  К2-ын 100 танкнаас бүрдэх анхны цувралыг үйлдвэрлэж дуусгасантай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Hyundai Rotem нэгдэл нь К2-ын 2 дэхь цувралыг үйлдвэрлэж эхэлсэн тухайгаа мэдэгдсэн юм. Өмнөд солонгосын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар уг цуврал нь 2014 оны 12-р сарын гэрээний нэмэлт заалт бөгөөд мөн л 100 ширхэг К2-ыг үйлдвэрлэхээр тохиролцсон юм байна.

  2 дахь цувралын К2 танкны гол ялгаа нь өмнөд солонгосын дангаараа боловсруулж, үйлдвэрлэсэн 1500 м.х.-тэй Doosan Infracore DV27K шинэ дизель хөдөлгүүртэй болон S&T Dynamics EST15K автомат дамжуулагчийн суурьтай (чигээрээ явах 6 араа болон ухрах 3 араатай) байхад оршино.Doosan Infracore компани нь К2 танкнуудад зориулсан анхны цуврал DV27K хөдөлгүүрүүдийг мөн л 2015 оны 11-р сарын сүүлээр үйлдвэрлэж дууссан гэсэн байна.

  К2 танкны цуврал үйлдвэрлэлийн явц нь гүн сэтгэгдэл төрүүлж байгаа бөгөөд Өмнөд Солонгос улс нь одоогийн байдлаар дэлхий дээрх томоохон танк үйлдвэрлэгчдийн нэг гэсэн өндөр байр сууринд аваачиж байна.

No comments:

Post a Comment