Friday, January 29, 2016

Оросын армид 2016 онд шинээр нийлүүлэгдэх цэргийн техникүүд

  Одоогийн байдлаар ОХУ-ын Зэвсэгт Хүчин дэхь орчин үеийн зэвсэглэл болон цэргийн техникийн эзлэх хувь 47%-тай байна. АСХ (Агаар Сансрын Хүчин)-д уг үзүүлэлт 52%-тай байгаа бол, ТЦФ (Тэнгисийн Цэргийн Флот)-д 39%, Хуурай замын цэрэгт 35%, АДЦ (Агаарын Десантын Цэрэг)-т 41%-тай байгаа юм. Энэ тухай ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгу 2015 оны 12-р сарын 11-нд болсон цэргийн салбарын өргөтгөсөн хуралдааны үеэр мэдэгдсэн юм байна.



 СТРАТЕГИЙН ЗОРИЛТОТ ТИЙРЭЛТЭТ ПУУЖИНГИЙН ЦЭРЭГ

СЗТПЦ (стратегийн зорилтол тийрэлтэт пуужингийн цэрэг) дэхь орчин үеийн пуужингийн зэвсэглэлийн хувь одоогийн байдлаар 51%-тай байгаа бөгөөд 2020 онд 100% болох юм байна.

Пуужингийн "Ярс" цогцолбор


Тив алгасах баллистик пуужинтай РС-24 "Ярс" ХПЦ (хөдөлгөөнт пуужингийн цогцолбор) ("Тополь-М" цогцолборын сайжруулсан хувилбар) нь "Тополь-М"-тэй хамт хэтийн байдлаар СЗТПЦ-ийн цохилтын бүлэглэлийг бүрэлдүүлэх юм байна. ТАБП (Тив Алгасах Баллистик Пуужин) нь гурван шатлалт, хатуу түлшт. Харвалтын алслалт - 11000 км. Харвалтын жин - 49 тонн. Урт - ойролцоогоор 23 м, диаметр - 2 м. Толгой хэсэг нь тус тусдаа чиглүүлэгдэх хэд хэдэн задардаг блоктой.
  ХПЦ нь 8 тэнхлэгтэй дугуйт явах эд ангитай бөгөөд хөдөлгүүрийн чадал нь 800 морины хүчтэй тэнцэнэ. Хөдөлгөөний хурд нь хатуу хучилттай замаар 40 км/ц, шороон замаар 30 км/ц болон замгүй газраар 15 км/ц. Дүүрэн түлштэй 500 км зайд явах боломжтой.

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРЭГ

"Искандер-М" ОТТПЦ (Оператив Тактикийн Тийрэлтэт Пуужингийн Цогцолбор)-ын 2 шинэ бригадын бүрэлдэхүүн, "Торнадо-С" ШГС (Шуурган Галын Систем)-ийн нэг бригадын бүрэлдэхүүн болон "Бук-М3" ЗПЦ (Зенитийн Пуужингийн Цогцолбор)-ын нэг бригадын бүрэлдэхүүн бий болно.,

"Искандер-М" ОТТПЦ


  "Искандер" ОТТПЦ (НАТО-гийн ангилалаар SS-26 Stone) нь болзошгүй дайсны цэргийн хүчний ар талд бага овор, хэмжээтэй болон орон зайн байнуудыг устгахад зориулагдсан. Уг цогцолбор нь өөрөө явагч харвах төхөөрөмж, цэнэглэх-тээвэрлэх машин, удирдлагын-штабын машин зэрэг хэд хэдэн төрлийн машинуудаас тогтоно.
  Хэрэглэгдэх пуужингуудад 500 км-ын харвалтын алслалттай нэг шатлалт, хатуу түлшт 9М723 пуужин орно. Пуужин нь энгийн болон хуурцган байлдааны хэсгээс тоноглогдож болно. 
  "Искандер-М" нь гадаадын бусад адил ангилалын ОТТПЦ-уудаас илүү өндөр нарийвчлал, үр ашиг, пуужинг харвалтанд бэлтгэх хугацааа болон бусад үзүүлэлтүүдээрээ давуу байдаг.

"Торнадо-С" ба "Торнадо-Г" ШГС
    "Торнадо-Г" (Г-"Град") нь 9К51 "Град" ШГС-ийн сайжруулсан хувилбар бөгөөд галын ба онилгооны удирдлагын автомат систем болон 122 мм-ийн калибрийн шинэ удирдлагагүй тийрэлтэт пуужингаар тоноглогдсон шинэ байлдааны машин юм.


  "Торнадо-С" (С-"Смерч") нь 9К58 "Смерч" ШГС-ийн сайжруулсан хувилбар. Мөн галын  ба онилгооны удирдлагын автомат систем болон 120 км-ийн хамгийн их харвалтын алслалттай, 60 га талбайг хамрах чадвартай 300 мм-ийн калибрийн шинэ удирдлагагүй тийрэлтэт пуужингаар тоноглогдсон.


"Бук-М3" ЗПЦ


  Шинэ цогцолбор нь "Бук" ЗПЦ-ийн шугамыг үргэлжлүүлнэ гэж таамаглагдаж байгаа. "Бук-М2" нь одоогийн байдлаар өөрийн ангилал дэхь хамгийн үр ашигтай гэж тооцогддог. Тэртээ 1988 онд боловсруулж дууссан боловч цуврал үйлдвэрлэлийг зөвхөн 15 жилийн дараа л эхлүүлж чадсан юм.
  "Бук-М3" цогцолборын үзүүлэлтүүд нь одоогоор мэдэгдэхгүй байгаа ч өмнөх загвар нь хатуу түлшт пуужингаар 3-аас 45 км-ийн зайд, 15 м-ээс -25 км-ийн өндөрт байгаа агаарын байг устгах чадвартай байсан. Мөн түүнээс гадна 150-200 км хүртэл алслалттай баллистик пуужинг устгах боломжтой.

АГААРЫН ДЕСАНТЫН ЦЭРЭГ

Оросын АДЦ-д 2016 онд 250 орчим нэгж техникийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Эхний ээлжинд Рязаны десантын сургуулийн бааз дээрх офицеруудыг бэлтгэх нэгдэл гэдэг утгаараа 137-р рязаний хороо шинэ техникээр хангагдах юм байна.

"Ракушка"


  Десантын хуягт тээвэрлэгч БТР-МДМ нь десанты БМД-4М байлдааны машины суурин дээр хийгдсэн бөгөөд БТР-Д хуягт тээвэрлэгчийг солих ёстой. Шүхрээр бууж болох бөгөөд усан дээр хөвөх чадвартай.
  Байлдааны бүрэлдэхүүн - 15 хүн (багийн 2 гишүүн болон 13 десантчин). Зэвсэглэл - 7,62 мм-ийн 2 ширхэг ПКТМ пулемёт (тус бүр 2000 сумтай)
  Хөдөлгөөний хурд - хар замаар 70 км/ц, шороон замаар 45-50 км/ц, усанд 10 км/ц. Байлдааны жин - 13,2 тонн. Дүүрэн түлштэй хар замаар 500 км, шороон замаа 350 км явах боломжтой.

БМД-4М


Десантын БМД-4М байлдааны машин нь БМД-4-ийн гүн сайжруулсан хувилбар бөгөөд шинэ их бие, хөдөлгүүр, явах эд анги болон бусад хэрэгслүүдтэй. БМД-4М нь 100 мм-ийн болон 30 мм-ийн их буу, мөн пулемётноос бүрдэх "Бахча-У" байлдааны модулиар тоноглогддог.

АГААР-САНСРЫН ХҮЧИН

Оросын АСХ-д 2016 онд 140 гаруй нисэх онгоц болон вертолётнууд нийлүүлэгдэхээр тооцоологджээ.

Су-35С


  Олон төрлийн зориулалттай, дуунаас хурдан, хэт маневрлах чадвартай 4++ үеийн сөнөөгч нисэх онгоц. 2000-аад оны үед фронтын Су-27 сөнөөгч онгоцны суурин дээр хийгдсэн. Анхны нислэгээ 2008 оны 2-р сарын 19-нд хийсэн юм байна.
  Хурдатгалын камертай бөгөөд нэг хавтгайд удирдагтах векторон таталттай турбо тийрэлтэт АЛ-41ФС хөдөлгүүрээр тоноглогдсон. Нэмэлт түлшний савгүйгээр гүйцэтгэх хамгийн их нислэгийн алслалт 3600 км, нэмэлт савтайгаар - 4500 км. Нислэгийн өндөр 18000 метр.
  12 өлгүүрийн зангилаан дээр "агаар-агаар" болон "агаар-газар" ангилалын удирдлагатай пуужин, удирдлагагүй пуужин, янз бүрийн калибрийн агаарын бөмбөгнүүдийг авч явах боломжтой. Байлдааны хамгийн их ачаалал - 8 тонн. 30 мм-ийн калибрын ГШ-30-1 (150 сумтай) буугаар тоноглогдсон.

Ту-95МС


  Турбо сэнсэн стратегийн далавчит пуужин тээгч - бөмбөгдөгч нисэх онгоц.
  Алслагдсан цэрэг-газар зүйн районуудад болн хх газрын цэргийн ажиллагааны гүн ар талд онц чухал байг цөмийн болон энгийн зэвсэглэлээр устгахад зориулагдсан. Ту-142МК болон Ту-95К-22 нисэх онгоцнуудын суурин дээр хийгдсэн. 1979 оны 9-р сард анхны нислэгээ хийсэн бөгөөд ЗХУ-ын АЦХ-ний зэвсэглэлд 1981 онд орсон.
  Хамгийн их хурд - 850 км/ц, бодит нислэгийн алслалт - 11000 км, бодит нислэгийн өндөр 10500 метр. Онгоцны багийн гишүүд - 7 хүн. Зэвсэглэл - алсын зайн далавчит пуужингууд, 23 мм-ийн 2 ширхэг их буу.
  Одоогийн байдлаар ОХУ-ын АСХ-ний зэвсэглэлд 30 ширхэг байдаг. Ту-95МСМ хувилбар хүртэл сайжруулах ажил хийгдэж байгаа бөгөөд энэ нь нисэх онгоцны ашиглалтын 2025 он хүртэл уртасгах боломж олгоно.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Ту-160


Дуунаас хурдан, далавчит пуужин тээгч, далавчны геометр хэлбэрээ өөрчлөх чадвартай стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц.  Алслагдсан цэрэг-газар зүйн районуудад болн хх газрын цэргийн ажиллагааны гүн ар талд онц чухал байг цөмийн болон энгийн зэвсэглэлээр устгахад зориулагдсан. 1981 оны 12-р сарын 18-нд анхны нислэгээ хийсэн бөгөөд ЗХУ-ын АЦХ-ний зэвсэглэлд 1987 онд орсон.
  Хамгийн их хурд - 2500 км/ц, бодит нислэгийн алслалт - 14000-аас 16000 км хүртэл, бодит нислэгийн өндөр 15000 метр. Онгоцны багийн гишүүд - 4 хүн. Зэвсэглэл - эргэлдэгч төрлийн хоёр ширхэг харвах төхөөрөмж дээрх 12 ширхэг далавчит пуужин эсвэл 40 тонн хүртэл агаарын бөмбөг. Түлш цэнэглэхгүйгээр нислэг үргэлжлэх хугацаа - 15 цаг хүртэл.

С-400 "Триумф" ЗПЦ


  С-400 "Триумф" систем нь оросын армийн зэвсэглэлд 2007 онд орсон. 2015 оны сүүлч гэхэд уг системээр 11 хороо зэвсэглэсэн бөгөөд 2016 онд 16 хүрэх ёстой.
  С-400 "Триумф" (НАТО-гийн ангилалаар SA-21 Growler) нь алсын болон дунд зайн зенитийн пуужингийн систем. Орчин үеийн болон боловсруулагдаж байгаа бүх агаар-сансрын довтолгооны хэрэгслүүдийг устгахад зориулагдсан.
  Уг систем нь аэродинамикийн байнуудыг 400 км хүртэл зайд, 4,8 км/с хурдтай нисэж байгаа тактикийн баллистик байг (далавчит пуужин, тактикийн болон стратегийн нисэх онгоцууд, баллистик пуужингийн байлдааны блок) 60 км хүртэл зайд устгах боломжтой.
  ЗПЦ-ийн Радиолокацын хэрэгсэл нь агаарын байг 600 км хүртэл зайд илрүүлэх боломжтой. Зенитийн 48Н6Е3 удирдлагатай пуужин нь аэродинамик байг 10-аас 27000 метрийн өндөрт, баллистик байг 2-оос 25000 метрийн өндөрт устгах чадвартай.
  С-400 систем нь Сири дэхь оросын Хмеймим агаарын бааз дээр байлдааны эргүүлд байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл

"Воронеж-ДМ" РЛС


"Воронеж-ДМ" төрлийн РЛС (Радио Локаторын Станц)-ын ажиллагааны алслалт 6000 км хүрдэг бөгөөд орчин үеийн болон боловсруулагдаж байгаа бүх агаар-сансрын довтолгооны, тэр дундаа баллистик болон аэродинамик хэрэгслүүдийг илрүүлэх, дагах болон ангилах чадвартай. 
  Өмнөх үеийн станцуудаас илүү өндөр технологийн болон техникийн үзүүлэлтүүдтэй. Мөн эрчим хүчний хэрэглээ хамаагүй бага бөгөөд технологийн аппаратуруудын овор хэмжээ багатай.
  Шинэ үеийн технологийн тоног, төхөөрөмжүүдийг хэрэглэсэнтэй холбоотойгоор уг РЛС-ийн ашилалтын үйл ажиллагаа огцом сайжирсантай холбоотойгоор өмнөх үеийн РЛС дээр ажиллаж байснаас цөөн тооны хүн өдөр тутмын ашиглалт, үйлчилгээнд оролцдог.

Ми-8АМТШ-ВА


  "Терминатор" нэрээрээ алдартай Ми-8АМТШ-В цэргийн-тээврийн вертолётны суурин дээр хийгдсэн. Үйлдвэрлэгч нь уг машиныг цаг уурын хүнд нөхцөлд, туйлын шөнийн нөхцөлд, харах орон зай хязгаарлагдмал болон зүг олоход хүндрэлтэй газар нутагт ашиглах зориулалтаар сайжруулсан.
  Уг вертолётыг хийх үед тавигдсан гол зорилго нь бага температурын үед (-40 градусаас бага) ажиллах боломжтой болгоход оршиж байжээ. Нэмэлт түлшний савтай вертолётны нислэгийн алслалт 1300 км.
  Ми-8АМТШ-ВА нь хүчитгэсэн эд ангитай ВК-2500-03 хөдөлгүүрээр тоноглогдсон. Туслах хүчний төхөөрөмж ТА-14-ийн ихэсгэсэн цахилгаан чадал нь цахилгааны хэрэглээ өндөртэй хэрэглэгч нарыг тэжээх боломж олгодог.

ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ФЛОТ

Оросын ТЦФ (Тэнгисийн Цэргийн Флот)-д 2016 онд шинээр 42 ширхэг хөлөг онгоц нийлүүлэгдэх бөгөөд 15-ыг барьж эхэлнэ.

636.3 "Варшавянка" төслийн дизель-цахилгаан шумбагч хөлөг онгоц


  Энэ жил тус улсын флотод 636.3 "Варшавянка" төслийн "Великий Новгород" болон "Колпино" гэсэн хоёр шумбагч хөлөг онгоц Хар тэнгисийн флотын зэвсэглэлд орно. 
  636.3 "Варшавянка" (НАТО-гийн ангилалаар Improved Kilo) төслийн дизель-цахилгаан шумбагч хөлөг онгоцууд нь 3 дахь үеийн төлөөлөгч бөгөөд 636 төслийн шумбагч хөлөг онгоцны цаашдын хөгжил юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл

22350 "Адмирал Горшков" төслийн харуулын хөлөг онгоц


  Уг хөлөг онгоц нь 2006 оны эхэнд баригдаж эхэлсэн бөгөөд 2010 оны намар усанд буулгагдаж 2014 оны 11-р сард анхны туршилтуудаа хийж эхэлсэн. Өмнө нь "Адмирал Горшков" нь оросын ТЦФ-ын бүрэлдэхүүнд 2015 оны төгсгөлд орно гэж төлөвлөгдөж байсан. 
  22350 төслийн хөлөг онгоц нь 4500 тонн усан түрцтэй бөгөөд 29 зангилаа хүртэл хурдтай. "Оникс" болон "Калибр" пуужингууд болон "Полимент-Редут" зенитийн цогцолбороор зэвсэглэсэн бөгөөд өвөрмөц шийдэлтэй дээд байгууламжтай ба хөлөг онгоцны илрүүлэлтийг буруулах холимог материал ашиглагдсан.

"Иван Грен" десантын том хөлөг онгоц


  11711 төслийн "Иван Грен" ДТХО (Десантын Том Хөлөг Онгоц) нь 2004 онд баригдаж эхэлсэн бөгөөд 2012 оны 5-р сард усанд буулгагдсан. Уг төслийн хөлөг онгоцнууд нь десант буулгах, байлдааны техник болон тоног төхөөрөмж тээвэрлэхэд зориулагдсан.
  Усан түрц - 5000 тонн, урт - 120 м, өргөн - 16,5 м. Хөдөлгөөний хурд - 18 зангилаа, далайд 30 хоног байх боломжтой.
  Уг хөлөг онгоц нь Дэлхийн 2-р Дайны үеийн Ленинград хотын тэнгисийн хамгаалалтын дарга, оросын усан цэргийн дэд-адмирал Иван Грены нэрээр нэрлэгдсэн.

20380 "Совершенный" төслийн харуулын жижиг хөлөг онгоц


  20380 төслийн хөлөг онгоцууд нь олон төрлийн зориулалттай тэнгисийн эрэг орчмын харуулын жижг хөлөг онгоцууд юм. 1990-д оны сүүлээр 2000-аад оны эхээр боловсруулагдсан юм байна.
  Цуврал үйлдвэрлэлийн 3 дэхь "Совершенный" (үйлдвэрийн дугаар 2101) хөлөг онгоц нь 2006 оны 6-р сарын 30-нд баригдаж эхэлсэн.

11356 төслийн харуулын хөлөг онгоцууд


  "Адмирал Григорович" нь Хар тэнгисийн флотын хэрэгцээнд баригдах 6 ширхэг харуулын хөлөг онгоцны эхнийх нь юм. 2015 оны туршид Балтын тэнгисд хэд хэдэн туршилт хийсэн.
  Нийтдээ уг төслийн хүрээнд нийтдээ 6 ширхэгийг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд 2016 онд "Адмирал Григорович", "Адмирал Эссен" болон "Адмирал Макаров" нар зэвсэглэлд орно.
   Уг төслийн хөлөг онгоцнууд нь далайн болон тэнгисийн раойнд эсрэг талын усанд дээрх болон усан доорх хөлөг онгоцнуудтай байлдааны ажиллагаа явуулахад болон дангаараа эсвэл хөлөг онгоцнуудын бүрэлдэхүүнд агаарын довтолгооны хэрэгслийг няцаахад зориулагдсан.
  Усан түрц 4000 тонн, хөдөлгөөний хурд 30 зангилаа хүртэл, далайд 30 хоног байх боломжтой, өндөр цэцтэй далавчит пуужинтай "Калибр-НК" хөлөг онгоцны пуужингийн цогцолбороор, олон сувагт "Штиль-1" зенитийн пуужингийн цогцолбороор болон пуужингийн-артиллерийн "Палаш" зенитийн цогцолбороор зэвсэглэсэн. Тус хөлөг онгоцон дээр Ка-31 вертолёт байрладаг.

"Александр Обухов" мина цэвэрлэгч хөлөг онгоц


  12700 "Александрит" төслийн толгой буюу эхний хөлөг онгоц нь шинэ үеийн мина цэвэрлэгч хөлөг онгоц юм. Түүний нэг онцлог нь хөлөг онгоцон дээрээ ч тэр бие даасан шумбах төхөөрөмж дээр ч тэр байрлах боломжтой үр ашиг өндөртэй гидроакустик станц юм.
  Усан түрц - 890 тонн, 16,5 зангилаа хүртэл хурдлах чадавартай. Багийн гишүүдийн тоо 44 хүн. 

"Вышний Волочек" пуужингийн жижиг хөлөг онгоц


  21631 "Буян-М" төслийн хөлөг онгоцууд нь бага усан түрцтэй олон төрлийн зориулалттай пуужингийн-артиллерийн хөлөг онгоц. Зориулалт нь улсын эдийн засгийн бүсийг хамгаалах болон эргүүл хийх.
  Уг хөлөг онгоц нь 8 ширхэг хөлөг онгоц эсэргүүцэх "Калибр" эсвэл "Оникс" пуужингийн ЗР-14УКСК босоо харвалтын цогцолбороор зэвсэглэсэн бөгөөд 220-500 км-ийн зайд тэнгис дэхь эсвэл газар дээрх байнуудыг өндөр цэцтэй далавчит пуужингаар устгах боломжтой.
 Мөн 100 мм-ийн А-190М болон 30 мм-ийн АК-630М-2 "Дуэт" артиллерийн зэвсэглэлтэй бөгөөд "Гибка Р" зенитийн пуужингийн 2 харвах төхөөрөмж болон 2 ширхэг 14,5 мм мөн 3 ширхэг 7,62 мм-ийн пулемётуудаар зэвсэглэсэн.
   Каспийн флотын зэвсэглэлд 21631 төслийн 3 ширхэг хөлөг онгоц одоогоор байгаа ("Град Свияжск", "Углич" болон "Великий Устюг").

No comments:

Post a Comment